Соёл хоорондын сэтгэл судлал /Cross-Culture/
Хүний үйл ажиллагааны бүхий л хүрээнд сэтгэл судлалын асуудал хөндөгдөж байдаг билээ. Тухайлбал, шүүх хяналтын байгууллага, цагдаа зэрэг хууль сахиулахын хүрээнд гэрчийн мэдүүлгийг үндэслэлтэйгээр нотлох, гэмт хэрэгтний сэтгэлзүйн дүрийг бүтээх, сэжигтнээс ярилцлага авах, гэмт хэрэгтнийг сэтгэцийн өвчтэй буюу асуудалтай эсэхийг тогтоох гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг хуулийн сэтгэл судлаачид явуулдаг бол спортын сэтгэл судлаачид тамирчин хүний сэтгэлзүйг бэлтгэх, түгшүүрийг намжаах, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, мөн түүнчлэн дасгалжуулагчийг хүртэл бэлддэг жишээтэй. Энэ мэтээр та бидний төсөөлж байгаагаас ч илүү олон салбаруудад сэтгэл судлаачид ажиллах шаардлагатай байдаг билээ.
Ер нь сэтгэл судлалын ихэнхи онол, туршилт, үзэл баримтлалууд баруунд буюу европд цаашлаад америкт үүсэж хөгжсөн байдаг. Ялангуяа хүн юунд тэмүүлдгийг, өдөр тутмын амьдралдаа юу бодож санаж байдгийг, тэдний бодол санаа хийгээд амьдралын хэв маяг, амьдралын утга учир зэргийг европын сонгодог сэтгэл судлаачид бодож олсон билээ. Та сэтгэл судлалын ямар ч сурах бичиг, эх зохиолуудаас барагтай л бол цөөн хэдэн хүнийг эс тооцвол азийн сэтгэл судлалын төлөөлөгчдийг олж харахгүй байх. Магадгүй европд үссэн бие хүний онолууд ази хүмүүст асуудалгүй тохирсон байж мэдэх юм. Гэсэн хэдий ч соёл хоорондын сэтгэлзүйн ялгаа (Cross cultural psychology) бий бөгөөд соёлын хүчин зүйлс хүний зан үйлд хэрхэн нөлөөлдгийг судлахаар сэтгэл судлалын төлөөлөгчид гарч ирсэнээр соёл хооронд угсаатны хийгээд сэтгэлзүйн судалгаа явуулж эхэлсэн юм.
Ийнхүү олон улсын сэтгэл судлаачид 1972 онд нэгдэцгээж "Олон улсын соёл хоорондын сэтгэл судлал (International association of Cross-Cultural Psychology)" - ын байгууллагыг үндэслэжээ. Үүнээс хойш дэлхий нийтэд маш олон сэтгэл судлаачид төрөл бүрийн соёлоос үүдэлтэй сэтгэлзүйн шалтгаант зан байдал, зан үйл, соёл зэргийг судалж байна.
Бүлэг хүмүүст ба тэдний хойч үед нь өвлөгддөг үнэ цэнэ, соёл заншил, зан үйл, хандлага зэрэг олон шинж онцлогуудыг соёл гэнэ (Мацумото, 2000). Дэлхий нийтээрээ соёл иргэншилтэй боловч түүнийгээ илэрхийлэх арга хэлбэр нь ялгаатай. Бүх хүмүүс аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ аз жаргалыг илэрхийлэх арга хэлбэр нь улс орнуудад яагаад ялгаатай байна вэ гэдгийг соёл хоорондын сэтгэл судлаачид судалдаг бөгөөд "тодорхой бус" авир, зан үйлүүдийг нь судалж тэдний нийгмийн амьдралд, гэр бүлд, боловсролд, бие хүнд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох гол зорилготой ажилладаг.
Яагаад соёлын хоорондын сэтгэл судлал чухал ач холбогдолтой вэ?
Улс орны угсаатны, сэтгэлзүйн шинж онцлогуудыг ялган судалснаар сэтгэл судлалын бүхий л хүрээнд хэрэглээтэй болж чадахын болохын сацуу сэтгэц оношилгооны салбарт чухал нээлт болдог. Тухайлбал, ихэнхи сэтгэц оношилгооны арга хэрэгсэл анх европт үүсэхдээ бусад улс орны хүмүүсийн сэтгэц түүнд нь хэрхэн тусахыг бодолцож үзээгүй байдаг. Иймд хүний сэтгэлзүйн онцлогийг илрүүлэх зорилготой оношилгооны зорилго бүрэн гүйцэт хэрэгждэггүй. Харин орчин үед сэтгэц оношилгооны ном бүтээл төдийгүй энгийн сурах бичгүүдэд "соёл хоорондын сэтгэл судлал" хэмээх ойлголт нь бүлэг сэдэв болгон шигтгэдэг болжээ.
Л. Энхтүшиг
0 comments: