Архины хамаарал хүүхэд настай холбоотой юу?

Сэтгэл судлалын салбарт академик эрдэмтэд өдөр бүр шинэ туршилт, судалгаа явуулж түүнийгээ эргэх холбоогоор практик сэтгэл судлаачид нь шалгаж, бас хэрэглэж үздэг билээ. Үүнтэй адилаар сэтгэл судлал, зөвлөгөө, сэтгэл заслын салбарт арай өнцгөөс харах хэрэгтэй гэж ойлгуулахуйц архины хамаарлын тухай хэрэгтэй судалгааг явуулсан байна. 

Сэтгэл судлаач, сэтгэл засалчийн хэрэглээний аргыг дараах төрөлд ангилдаг:

  • Танин мэдэхүй (Cognitive)
  • Сэтгэц задлал (Psychoanalysis) /ихэнхи тохиолдолд хөдөлгөөнт сэтгэц задлал буюу "psychodynamic гэж нэрлэдэг. Энэ нэршлийг клиник сэтгэл судлал, эмгэг сэтгэл судлалын хүрээнд түлхүү ашигладаг"/
  • Хүмүүнлэгийн хандлага (Humanistic)
  • Биологийн хандлага (Biological)
Гэх мэт байдаг билээ. Та зөвлөгөөний сэтгэл засал ба түүний төрөл хэлбэрүүдийн тухай мэдэхийг хүсвэл энэ линкээр орно уу 

Дээрх зөвлөгөөний төрөл хэлбэрүүд өөр өөрийн гэсэн онцлогтой, хэрэглээтэй боловч өнгөрсөн амьдралын талаар түлхүү авч үздэг психоанализын төрөл хэлбэрийг сэтгэл, засалч, сэтгэл судлаачид архины хамааралтай хүний эмчилгээнд тэр бүр хэрэглээд байдаггүй билээ. Тэд голдуу ухааруулан таниулах, бүлгийн ярилцлага, AA, миннесота загвар аль эсвэл сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг хавсарч эмчилгээ, засал хийдэг.

Харин архидалт ба түүнтэй холбоо хүчирхийллийн эсрэг америкийн үндэсний институтын судалгааг хүргэе. Тэд архины эсрэг эмчилгээнд явж буй 280 өвчтөнөөс санамсаргүй түүврээр 137 хүнийг сонгосон байна. Тэднээс "архины төрлийн зүйлс уудаггүй" буюу архинаас бүрэн гүйцэт эмчлэгдэж амжаагүй хүмүүсийн архины хэрэглээний түвшин янз бүр гэнэ. Тэд өнгөрсөн гурван сарын турш нийт 205 удаа архи болон архины төрлийн зүйлс уусан буюу өдөрт дунджаар 2,3 удаа хэрэглэдэг гэсэн үг. Харин эхний бүлэгтэй харьцуулагдаж буй "архины төрлийн зүйлс уудаг" хоёрдугаар бүлгийн хүмүүс өнгөрсөн гурван сарын турш нийт 1106 удаа архи болон архины төрлийн зүйлс уусан буюу өдөрт дунджаар 12,3 удаа хэрэглэжээ.

Хоёрдугаар бүлэг буюу архи ба түүтэй холбоотой зүйлс хэрэглэдэг хүмүүсийн дийлэнхи нь амьдралдаа сэтгэл шархлуулам хэцүү үетэй нүүр тулж байсан гэж хариулсан (бага насандаа) бол харин эхний "архи уудаггүй" бүлгийн ердөө 7.3 хувь нь урьд өмнө сэтгэл шархалж байсан гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар бүлгийн хүмүүсийн хүүхэд насандаа авч байсан хүчирхийллээс үүдэлтэй сэтгэлийн шарх нөгөө бүлгийн туршигдагчдаас илүү байсан юм.

Гэхдээ хүүхэд насанд тохиолдсон хүчирхийллийн дурсамж архины хамааралтай болгох эсэхэд хангалттай баримт болж чадахгүй учир эрдэмтэд давхар "бага насны сэтгэлийн шархыг илрүүлэх асуулга" зохион судалжээ. Судалгааны үр дүнд бага насандаа сэтгэлийн шарх авсан хүүхэд архины хамааралд ордог, мөн түүнчлэн хүүхэдтэй хэрцгий, хүйтэн хандах нь насанд хүрсэнд үедээ архины хамааралтай болгох магадлалтай байдаг гэжээ. Тэдний судалгааны үр дүнтэй адилаар архины хамааралтай хүмүүс урьд өмнөх таагүй дурсамжаасаа салахын тулд, сэтгэлзүйн хүнд нөхцөл байдлаасаа гарахын тулд архи хэрэглэдэг гэдгийг энд сануулах хэрэгтэй.

Гэх мэтээр архины хамаарлын тухай маш олон туршилт, судалгаа хийгдсээр байна. Энэ судалгаа ч гэсэн тэдний нэг. Гэвч архины хамаарлын гол шалтгааныг тодорхойлсон хэрэг биш, харин шийдэлд хүрэх олон боломжуудыг бидэнд олгож байгаа юм. Мөн "бидний судалгааны үр дүн сэтгэл зүйн хэрэгцээ, сэтгэцийн үр дүн, хүүхэд насны урт хугацаанд амссан сэтгэлийн шархын талаар тусдаа анхаарч судалдаг өөр шинэ онолын эмчилгээний хандлагыг бий болгох хэрэгтэй гэдгийг харуулж байна " гэж энэхүү судалгааг удирдсан эрдэмтэд хүртэл ийн бичсэн байна: 

Иймд бид аливаа "төвөгтэй" гэгдэх хүмүүсийн сэтгэлзүйн асуудлын суурь шалтгааныг бага насны амьдралаас эрж хайх хэрэгтэй гэдэг олон талын ургалч үзлийг бий болгох хэрэгтэй ажээ.

Эх сурвалж:
http://blogs.psychcentral.com

Л.Энхтүшиг