Стресс тайлах хамгийн "шилдэг арга"
Таны санааг зовоож байгаа зүйл олон байна уу? Утаа, түгжрэл, шинэ жилийн арга хэмжээ, улирлын шалгалт гээд биднийг стресст оруулж байгаа зүйл олон байна. Өвлийн улирал Монголчуудын хувьд бусад улирлыг бодвол илүү “стресстэй улирал”.
Хэвлэл мэдээллээр янз бүрийн сөрөг мэдээлэл уншиж, харж сууж байснаас өвлийн улирлын сайхныг мэдэрч, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, йог, бясалгалаар хичээллэж стрессээ тайлах хэрэгтэй. “Надад амрах цаг эсвэл алжаал тайлахад зарцуулах эрч хүч алга” гэж бодох тусам энэ нь улам таныг стресст оруулдаг.
Үнэгүй, хүн болгонд хүртээмжтэй, маш энгийн дестрессор /стресс тайлагч/ байдаг. Энэ бол Байгаль Эх. Ой модонд зугаалах, паркаар нэг цаг алхах, уулны явган аялал зэрэг энгийн зүйлс л орно. Байгальд байх нь бие махбоди болоод сэтгэл хөдлөлийн хувьд олон эерэг нөлөө үзүүлдэг.
Байгаль анагаах увидастайг олон жилийн судалгаа нотолдог. 1984 онд Рожер Улрихийн хийсэн судалгаагаар эмнэлэгийн цонх нь цэцэрлэг рүү харсан өрөөнд хэвтэж буй хагалгаа хийлгэсэн өвчтөн цонхгүй өрөөнд хэвтэж буй өвчтөнтэй харьцуулахад хурдан эдгэрч байсан ба өвчин намдаах эм бага хэрэглэж, гомдоллох байдал нь цөөн байсан.
Үүнээс хойш хийгдсэн олон судалгаагаар байгалийг харах /байгальд байх нь илүү сайн/ нь өвчин, стрессийг багасгадаг болох нь батлагдсаар байна. Насанд хүрэгчдэд л энэ нь зөвхөн хамаатай биш. Хүүхдүүдэд ч гэсэн байгальтай ойр байх нь ашиг тустай байдаг. Нэгэн судалгаагаар Анхаарлын хомсдол, хэт хөдөлгөөнт эмгэгтэй /ADHD/ хүүхдүүдийг 20 минут байгальд тоглуулахад эм хэрэглэсэнтэй адил нөлөө үзүүлж /анхаарлын төвлөрөл сайжирч/ байсан нь харагдсан.
Эдгээр судалгаанууд “байгалийн сэтгэц засал” – ын хэрэгцээ шаардлагыг улам нэмэгдүүлж өгсөн. Жишээлбэл, Копенгаген хотод стрессээс үүдэлтэй өвчний үед “анагаагч ойн цэцэрлэг”-т сэтгэл засал явагддаг. Израильд тусгай хэрэгцээт боловсролын байгууллагуудад “Байгаль дахь сэтгэц заслын боловсролын хөтөлбөр” хэрэгждэг. Сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгүүд сэтгэц засал хийгдэх газар болон хувирч байгаа бөгөөд хүүхдүүд шавьж хорхойтой танилцаж, байгалийн эд зүйлсийг ашиглаж “гэр” барьдаг. Израильд мөн дайнаас үүдэлтэй стресст орсон цэцэрлэгийн багачуудыг байгалиар эмчлэх сэтгэц заслын хөтөлбөрүүдэд хамруулдаг.
Яаж байгаль биднийг эмчилж, стресс тайлдаг вэ? Хүн бол байгалийн амьтан, тийм ч учраас байгаль орчноосоо маш ихээр хамаардаг. Хүний тархи ногоон ой, хөх тэнгэр, номин цэнхэр усыг сайн сайхан амьдрал, тайван байдлын эх үүсвэр гэж тусгаж авдаг.
Байгальд цагийг өнгөрөөх нь тайвшрал, амар амгаланг авчирдаг. Байгальтай ойр байх нь анхаарал, сэдэл болон мэдрэхүйн чадваруудыг дээшлүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан.
Түүнчлэн байгальтай холбоотой зураг, дуу, бичлэг зэрэг нь хүртэл үр дүнтэй байдаг. Цусаа өгч байгаа хүмүүст байгалийн бичлэг үзүүлэхэд /жирийн телевизийн нэтврүүлэг үзүүлсэнтэй харьцуулахад/ тэдний цусны даралт, зүрхний цохилт багасч байсан.
Ажлаасаа түрхэн завсарлаад цонхоороо моддыг, тэнгэрийг, шувуудыг харах нь стрессийг багасгана.
Гэртээ телевизээ ширтэн, утаснаасаа салахгүй сошиал медиа хэрэглэн сууснаас байгальд гарч, байгалийн сайхныг мэдрэх нь өөртөө өгч байгаа том бэлэг.
Б. Тунгалаг
0 comments: