Сэтгэл үү, Сэтгэц үү?

Энэ удаад сэтгэл судлалын хамгийн түгээмэл хэрэглэгддэг боловч тийм ч ач холбогдолтой биш мэт нэгэн зүйлийн тухай эргэцүүлье. Өмнө нь би ялгаж зааглахад төвөгтэй хэд хэдэн нэр томъёоны асуудлыг энд хэлэлцүүлж байв.

Анх хичээл дээр багшийн ярианаас өлгөж авснаар энэ санаа төрсөн юм. Багш маань намайг сэтгэл засал гэж бичсэнийг буруу, харин сэтгэц засал гэж бичих ёстой гэв. Үүний учрыг тэрээр тайлбарлаагүй юм. Харин өөр нэг багшаас энэ тухай асуухад сэтгэл гэдгийг мэргэжлийн бус хүмүүст хэрэглэвэл зүгээр юм шиг санагддаг, гэхдээ сэтгэц засал нь зөв гэлээ. Гэхдээ тэдний буруу байсныг дор тайлбарлая:
  • Оросоор "Душа", англиар "Soul" гэдгийг сэтгэл гэж орчуулдаг. Гэхдээ энэ нь оюун ухаан биш оюун санаалаг аль эсвэл домгийн шинжтэй оюун ухааныг хэлдэг бөгөөд бидний шинжлэх ухаандаа хэрэглэдэг "психо" ба "psycho" гэдгээс өөр ойлголт. 
  • "Психи", "Psyche" гэдэг нь тайлбар толинд "хүний оюун ухаан, Грекийн эртний домгоос гаралтай бурхны нэр, мөн грек цагаан толгойн 23 дахь үсэг" гэх бөгөөд сүртэй тайлбарыг олж харсангүй. 
  • Харин "Ухамсар" нь сэтгэцийн үйлийн дээд шат хэмээн манай сурах бичгүүдэд тайлбарладаг. Үүнтэй холбоотой сэтгэц гэдгийг тайлбарлавал "Бодит ертөнцийн тухай хийсвэр тусгал" гэдэг.
  • Үүнийг Америкийн Сэтгэл Судлалын Холбооны ба Оксфордын сэтгэл судлалын тайлбар толиос лавлавал ухамсар нь хүний эргэн тойрны зүйлсийг мэдрэх гэж тайлбарласан бол сэтгэц буюу "psychic" гэдэг нь үхлийн дараах амьдрал, зөн билэгтэй холбоотой, онгод орох үзэгдэл гэх зэргээр тайлбарлажээ.
Иймд сэтгэц биш сэтгэл засал гэх нь илүү оновчтой тул ийн хэрэглэх нь зүйтэй болов уу. Цаашлаад сэтгэц, сэтгэл гэж тусад нь ялгах утгагүй юм.

Л. Энхтүшиг