Сэтгэл судлал 2013 онд ...
Форбес сэтгүүлээс өнгөрч буй 2013 онд сэтгэл судлал ба тархи судлалын салбарт ахиц гаргасан шилдэг арван ололт, туршилтуудыг нэрлэжээ. Мэдээж нэг жилд байтугай ердөө ганц өдөрт сэтгэл судлалын шинжлэх ухаанд хэдэн мянган туршилтууд явагдаж байдаг. Эдгээрийг бүгдийг нь шүүх боломжгүй учир Америкийн шинжлэх ухааны сэтгүүл, мөн төлбөртэй нэвтэрдэг, зөвхөн судлаачдад зориулсан шинжлэх ухааны илтгэл, өгүүллийг байршуулдаг вебсайтуудаас шүүж дараах туршилтуудыг нэрлэсэн байна.
- Хүнийг нойрсоход тархи хэрхэн ажилладаг вэ? Мэдээж энэ асуултад шинжлэх ухаан аль хэдийн хариултаа өгсөн. Хүний тархины үйл ажиллагаа сэрүүн үеийнхээс өөр байдаг бөгөөд "EEG" гэдэг тархины бичлэг хийдэг төхөөрөмж нойрны 4-5 үе шат байдгийг харуулдаг. Харин 2013 онд хүн унтаж байхад тархинаас бодис ялгардагийг олж тогтоосон байна. Рочестер их сургуулийн мэдрэлийн мэс засалч Майкен Недергаард хүний тархины үйл ажиллагаанд "хаягдал" зүйлсээ гадагшлуулах систем байдаг, харин биднийг нойрсох үед тархи-нугасны шингэн мэдрэлийн системд хортой шингэнийг түрж гаргадаг болохыг баталжээ. Энэ судалгаа үнэхээр үнэн бол тархины хавдраас сэргийлэхийн тулд хүн бүр унтах хэрэгтэй болж байна.
- Бидний тархи цуг ажилладаг байжээ. Хүмүүс бие биенийхээ тархитай холбогдож, нэгнийгээ удирддаг холливүүдийн зөгнөлт кинонууд зөндөө байдаг. Харин Виржиниагийн их сургууль сүүлийн хэдэн жил энэ талаар судалгаа хийж 2013 онд дүгнэлтээ ийн гаргажээ. Судалгаанд оролцогчдын дунд найзууд ба танихгүй хүмүүсийг хамруулж тэдний тархинд ямар хариу үйлдэл, идэвхи илэрч байгааг MRI (Тархины зураг авдаг төхөөрөмж) төхөөрөмжөөр шалгасан байна. Тэгтэл найзууд, дотны хүмүүс бие биендээ ирж буй цахилгаан гүйдлийг мэдэрч байсан бөгөөд тэдний тархины үйл ажиллагааны идэвхи хоорондоо холбоотой байгааг харуулсан гэж тус сургуулийн сэтгэл судлалын профессор Жеймс Коэн дурьджээ.
- Та нүдээ аньсан ч тархи хардаг гэнэ. Америкийн "Мэдрэл Судлал"-ын сэтгүүлийн дурьдсанаар харааны үйл ажиллагаа юмсыг хүртэх боломжгүй хэдий ч тархи харсаар байдаг гэжээ. Гадны нөлөөнөөс болж хараагүй болсон хүмүүс дээр дараах туршилтыг явуулсан байна. Тэдэн рүү өөр нэгэн хүн гөлөрч, ширтэж байгаад болиход туршигдагчдын тархины үйл ажиллагаа өөр өөр хариу үйлдлүүдийг үзүүлж байсныг MRI төхөөрөмж баталсан байна.
- Стресс хорт хавдрыг үүсгэдэг, эсрэгээрээ багасгадаг тал ч бий. Орчин үед хүмүүсийн дийлэнхи нь оюун ухаан ба бие махбодын холбоо хамаарлыг ойлгодог болжээ. Ялангуяа сэтгэцээс шалтгаалсан бие махбодын өвчин, стрессээс гаралтай янз бүрийн хорт хавдруудын тухай мэдсэнээр амьдралын таагүй үйл явдал, сэтгэл гутрал, стресс, хямралтай тэмцэх аргаа олсоор байна. Гэвч Вейкфорест Бабтист Анагаах Ухааны Төвийн судлаачид түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээг сайжруулж, мөн хорт хавдрын өсөлтийг удаашруулж байсныг олж тогтоожээ. Хорт хавдартай хүмүүст хулганы дууриамал үзүүлж хэсэг хугацааны дараа хулганыг далд хийх байдлаар энэ үйл явцыг давтдаг байжээ. Дууриамал хулганыг мэдэрсэн өвчтөн хэсэг санаа зовж байгаад дараа дараа нь тайвширдаг байв.
- Бие хүний салбарт 2013 онд нэгэн хэрэгтэй туршилт, судалгаа явагджээ. Сэтгэл Судлалын сэтгүүлд бичсэнээр борлуулагчийн мэргэжилтэй хүмүүсээс амбиверт төрлийн хүмүүс илүү бүтээмжтэй байдаг гэжээ. Амбиверт гэдэг нь хэт гадагшаа, хэт дотогшоо гэсэн хэв төрлийн яг дунд нь байдаг "энгийн" хүнийг хэлнэ. Пенсилваниа их сургуулийн судлаач Адам Грант эрэгтэй, эмэгтэй нийт 300 борлуулагчийн ажилчдыг гурван сарын турш судалж амбиверт борлуулагчид интроверт (дотогшоо) хүмүүсээс 24%, экстраверт (гадагшаа) хүмүүсээс 32% илүү борлуулалт сайтай байсныг тодорхойлсон байна. Адам Грант үүнийг амбиверт хүнд бусад хоёр хэв шинжийн аль аль нь байдаг, иймд үйлчлүүлэгчдийн хойноос шаргуу гүйхийн хажуугаар тэднийг сонсож, ойлгож, мэдэрч чаддаг гэж тайлбарласан байна.
- Тархийг колони аргаар бүтээх боломжтой болжээ. Бас л барууны кинонд гардаг эд эрхтнийг хувилдаг, ихэр хүмүүсийг бүтээх цаг улам ойртлоо. Эрдэмтэд үүдэл эс (stem cell) - ээс дөрвөн миллиметрийн хэмжээтэй бяцхан тархи бүтээж чадсан байна. Одоогийн байдлаар чамлахаар санагдаж буй хэдий ч хүн төрөлхтөн тархины колони аргыг эхлүүлж чадлаа. Гэвч тэд энэхүү судалгаагаа зөвхөн мэдрэлийн эмгэгийг судлах, түүнийг эмчлэх зорилготойгоор явуулж буй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
- "Эсийн Бодисын Солилцоо" сэтгүүлийн 2013 оны дугаарт дасгал хөдөлгөөн тархины эсийг төлжүүлээд зогсохгүй эмчилгээний жор болсон гэжээ. Хүний ой тогтоолт, суралцаж танин мэдэх хэсгийг хариуцан ажилладаг гиппокампус (лийрэн атираа - лимбийн тогтолцооны нэг хэсгийг бүрдүүлдэг) тархи нь ялангуяа удаан хугацааны дасгал бэлтгэлийн үр дүнд гарсан эсийн төлжилтийг хариуцдаг байна. Гэхдээ энэ үйл явц юуны учраас, хэрхэн бий болдгийг сүүлийн жилүүдэд ойлгохгүй байсан хэдий ч үүний учрыг тайлж чадсан бөгөөд дасгал хөдөлгөөн хийхэд "FNDS5" гэдэг уураг цус рүү шахагдаж, улмаар "BDNF" гэдэг мэдрэлийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг тархины өөр нэгэн уургийг ялгаруулдаг. Ингээд л бидний тархинд эс дахин төлждөг байна.
- Кофе уудаг хүмүүс амиа хорлох магадлал бага байдаг гэж Харвардын сургуулийн судлаачид үзсэн байна. Судалгаанд нийт 43,599 эрэгтэй, 164,825 эмэгтэй хүмүүс оролцсон бөгөөд тэдний 71% нь кофе ба кафейний (цай, сод, шоколад) төрлийн зүйлс хэрэглэдэг байжээ. Өдөрт 2-4 аяга кофе уудаг хүмүүсийн амиа хорлох эрсдэл кофе уудаггүй хүмүүсийнхээс 50% бага байсан гэнэ. Гэвч 4 аягаас хэтрүүлж уудаг хүмүүсийн амиа хорлох эрсдэл бага биш байсан.
- Тархины зургийг тодорхойлдог MRI ба бусад төхөөрөмжүүд эдгээр нь өөрсдөө эрүүл мэндэд тийм ч сайн зүйл биш гэв. Миланы их сургуулийнхны үзэж байгаагаар эхлээд соронзон түлхэцийг ашиглаж тархийг сэрээж дараа нь EEG төхөөрөмжийг ашиглавал илүү үр дүнтэй гэжээ.
- Хүний үйлдлийг өөрийнх нь өмнөөс удирдах боломжтой болжээ. Сан-Дего, Хюстон, Калифорни их сургуулийн судлаачид үйлдлээ удирдахад хэцүү байдаг, үйлдэл хөдөлгөөний мэдээлэл тархинд сааталтай очдог, үйлдэл ба тархи зөрүүтэй ажилладаг хүмүүст электрод (мэдрэгч) зүүлгэж байгаад хөдөлгөөн хэрэгцээтэй үед цахилгаан гүйдэл цохиулж үйлдэл, тархи хоёрын харилцааг хэвийн түвшинд оруулсан байна. Энэ бол хүний үйлдлийг өмнөөс нь удирдах шинжлэх ухааны эхний хувь нэмэр байлаа.
Эх сурвалж: www.forbes.com
Л.Энхтүшиг
0 comments: