Сэтгэл судлалынхны заавал унших номууд

Аливаа салбар шинжлэх ухаан бүрт заавал унших, ширээний номоо болгох, суралцагчийн сууриа тавих номын жагсаалт гэж байдаг. Би ч гэсэн өөрийн зүгээс сэтгэл судлалын салбарт суралцаж буй, мөн аль хэдийн сэтгэл судлаачийн диплом эзэмшсэн хүмүүст ч гэсэн дараах номуудыг уншихыг санал болгож байна. Миний санал болгож буй номууд нь бүгдээрээ англи хэл дээрх боловч мэдээж орос хэл дээр бичсэн сайн номууд байдгийг үгүйсгэхгүй. Гадаад хэлний хувьд би зөвхөн англи хэл дээрх эх сурвалжуудыг ашиглаж чадах мэдлэг төдийхөнтэй учир орос, герман, франц, хятад хэл дээр чухам ямар бүтээлүүд хэвлэгдсэнийг мэдэхгүй нь тун харамсалтай юм. Монгол хэл дээрх сэтгэл судлалын ном, сурах бичгүүд ялгаагүй гадаадын эх сурвалжуудаас ашигласан байдаг тул та бүхэнд анхдагч эх сурвалж бүхий номуудыг танилцуулж өгье. Мэдээж монгол хэл дээрх бүтээлүүдийг унших нь маш чухал бөгөөд энэ тухай блогийн "ном, номын танилцуулгууд" хэмээх буланд бичсэн байгаа. Орчин үед нэгэнт хэвлэгдэн гарсан номууд тэртээ хэдэн зуун жилийн өмнөх зохиогчдын үзэл санаа, судалгаан дээр суурилсан байдаг учир би санал болгож буй номууд дунд сурах бичгүүдийг зориуд оруулаагүй юм. Гэсэн ч ямар төрлийн сурах бичгүүд зах зээлд борлогдож байдгийг та бүхэн надаар хэлүүлтгүй сайн мэднэ байх.

1. Миний бие сүүлийн хоёр жил соёл хоорондын сэдвийг түлхүү сонирхож байгаад энэ нь яваандаа хувьслын онол руу хөтөлсөн юм. Улмаар би хувьслын сэтгэл судлаач Томас Саддендорфын "Хүн амьтдын оюун ухаан хэрхэн ялгарав ?" гэдэг номыг уншиж хүний үүсэл, түүнтэй холбоотой төрөл садны мөхлийн тухай буруу ойлголтоо цэгцэлж авсан юм. Тэрээр мэдээж номондоо Ч. Дарвины бүтээлүүд, үзэл санааг цөөнгүй удаа иш татсан байв. Иймд лавшруулах үүднээс хувьслын биологич Ч. Дарвины 1852 онд хэвлэсэн "Зүйлийн Үүсэл" номыг унших хэрэгтэй болов. Та сэтгэл судлалд эхлэн суралцагч бол хүний ухамсар, сэтгэцийн онол руу орохоосоо өмнө Ч. Дарвины хувьслын онолыг уншиж орчлон ертөнцийг биологийн талаас ойлгох хэрэгтэй. Яагаад бид хувьсав ? Амьтад яагаад өөр байна ? Байгалийн шалгарал давуу талтай юу ? Адгуусан амьтны зөн билэг гэж юу вэ ? Гэх мэт асуултуудад "Зүйлийн Үүсэл" бүтээл хариулна.

2. Томас Саддендорфын "Хүн ба Амьтдын оюун ухааны ялгаа" ном бол дээр дурьдсанаар хүн ба амьтдыг биологийн талаас ойлгосоны дараа оюун ухаан ба түүний хөгжлийн талаар сэдвийг түлхүү өгүүлэх болно. Би профессор Саддендорф руу захидал илгээж түүний бүтээлийн талаар нэг хэсэгтээ хэлэлцүүлж авсандаа баярлаж энэ номыг ихэд үнэлж буй байж магадгүй юм.

3. Хүний Анатом, ДК. Хүний анатомын талаар заавал мэдэх ёстой. Үүний тулд миний санал болгож буйгаар DK хэмээх олон улсад алдартай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Human Anatom - Хүний Анатом" номыг унших хэрэгтэй. Азтай нь Адмон хэвлэлийн газраас энэхүү номыг монгол хэлнээ хөрвүүлсэн байсан. Энэ ном нь зурагт хуудастай, энгийн тайлбартай, хүний тархи, бие физиологи, мэдрэлийн эс гээд анхан шатны шаардлагатай бүх мэдээллүүдийг цогцоор нь багтаасан нэвтэрхий толь юм. Харин үүний дараа илүү мэргэжлийн түвшний анатомын ном уншиж болно.

4. Философийн ном унших хэрэгтэй. Эртний Грекийн философичдоос эхлээд сэргэн мандалтын үеийн агуу сэтгэгчдийн бүтээлүүдийг нь унших нь сэтгэл судлалын түүх хийгээд хүний тухай олон талаас нь эргэцүүлэхэд тань туслана. Би өөрөө философийн ном бага уншсан, мэдлэг ядуу учир яг тэр ном гээд оноогоод хэлж мэдэхгүй нь харамсалтай юм. Ямартай ч философи гэдэг тодотголийг хэзээ ч хаяж болохгүй.

5. Дараагийн санал болгох ном бол сонгодог сэтгэл судлаачдын бүтээл юм. За тэдний бүтээлийг дурьдахад чамгүй их юм. Жишээ нь. В. Жеймсийн "Сэтгэл судлалын зарчмууд" З. Фрейд (С. Фройд) - ийн "Зүүдний Тайлал", "Өдөр тутмын сэтгэцийн эмгэг судлал", "Эго ба Ид", "Хорио цээр ба Онгон шүтээн", А. Адлерийн "Амьдралын тухай шинжлэх ухаан", К. Хорнигийн "Би-ийн анализ", "Невротик бие хүн", К. Юнгийн "Бэлгэдэлт амьдрал", "Улаан ном", "Архитеп", Э. Фромм "Эрх чөлөөнөөс зугтаахуй", К. Рожерс "Би-гийн оршихуй", А. Маслоу "Амжилт өөд", Анна Фройдын "Хүүхдийн сэтгэл судлал", "Эго ба хамгаалах механизм" гэх мэт маш олон бүтээлүүд бий. Эдгээр бүтүүлийг уншвал ёстой л хүний сэтгэц, ухамсар, үйлдэл хөдөлгөөний тухай олон талаас нь эргэцүүлж эхэлнэ дээ. Гэвч 100 гаруй жилийн өмнө бичсэн энэ бүтээлүүдийг эхлэн суралцагч гэлтгүй мэргэжлийн хүмүүс ч хүртэл уншиж даруй цаана нь гарах хэрэгтэй байна.

6. Тайлбар толь. Энд зориуд герман, орос, англи хэл дээрх анхдагч эх сурвалжуудыг ашиглаж нэр томъёонуудыг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Монгол хэл дээрх тайлбар толь бол мэдээж орос юм уу, англи хэлний эх сурвалжаас авсан байдаг учир хийгээд одоогоор Монголд нэгдсэн нэр томъёоны ойлголтод хүрч чадаагүйн дээр анхдагч эх сурвалжуудыг ашигла гэж санал болгомоор байна. Эхлэн суралцагчаас эхлээд мэргэжлийн профессор хүртэл дэргэдээ заавал нэр томъёоны тайлбар тольтой явах ёстой. Үүнд санал болгоход Америкийн сэтгэл судлалын холбооноос эрхлэн гаргасан тайлбар толь нийтдээ 25,000 гаруй тайлбартай бөгөөд хэрэглэхэд хялбар боловч асар том хэмжээтэй, хүнд ном. Эсвэл халаасандаа авч явахад хялбар жижигхэн нь дээр гэвэл "Penguin" хэвлэлийн газрын тайлбар толийг хэрэглэж болно.

7. DSM буюу Америкийн сэтгэл судлалын холбооноос нэгдсэн хурал, чухал нээлт, шинэчлэлүүдийн дараа цуврал болгон гаргадаг сэтгэцийн өвчний ангилал, оношилгооны тухай ном юм. 2013 оны 5-р сард хамгийн сүүлийн байдлаар DSM-5 гэж гараад байна. Энэ номонд AXIS 1, 2, 3, 4, 5 гэсэн хэмжигдэхүүнээр сэтгэцийн өвчнийг хэрхэн ангилах ба сэтгэцийн өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй багтаасан үлэмж хэмжээний боть цуврал юм.

8. APA style буюу анх 1908 онд Америкийн сэтгэл судлалын холбоо байгуулагдахдаа сэтгэл судлаачдын нийтлэл, илтгэл, ном зэрэг шинжлэх ухаантай холбоотой бүтээлд тавигдах шаардлагаа ийн нэрлэсэн юм. Үүнд ишлэл зүүлт хэрхэн авах, үсгийн хэмжээ, фонтны хэлбэр, тухайн ажлын бүтцийн дараалал, ашигласан ном, материалын жагсаалтыг хэрхэн гаргах тухай бичсэн байдаг. Хэдий Америкийн гарын авлага гэж байгаа боловч европын ихэнхи орнууд, азиас Энэтхэг, Сингапур, Малайз гэх мэт англи хэлийг ашигладаг орнууд дээрх хэм хэмжээг баримталдаг.

9. Getting in: step by step буюу алхам алхамаар сэтгэл судлаач болох тухай ном нь ахлах сургуулиа эсвэл коллежийн эхний хоёр жилийг төгсөөд сэтгэл судлаач болохоор шийдэж буй эхлэн суралцагчдад зориулсан хөтөч юм. Дээрх бүтээлүүдийн адилаар Америкийн сэтгэл судлалын холбооноос эрхлэн гаргасан цогц хөтчийг хэдэн сая сэтгэл судлалын оюутнууд ашигладаг.

10. Та гадаадын их, дээд сургуулиудад сэтгэл судлалын мэргэжлээрээ зэрэг дээшлүүлэхийг хүсч байна уу ? Алдарт сэтгэл судлаачдыг өлгийдөж авсан Харвард, Ели, Стэнфорд гээд өчнөөн сайхан сургуулиуд бий. Та зөвхөн TOEFL юм уу өөр бусад хэлний мэдлэгтэй гэдгээ батлах нь хангалтгүй бөгөөд их сургуульд элсэхийн тулд GRE Psychology буюу сэтгэл судлалын мэдлэг шалгах тестийг давах ёстой. Үүний тулд та TOEFL - ийн тест бөглөдөг байсан бол GRE Psychology тестийн номыг авч бөглөх шаардлагатай юм.

Л. Энхтүшиг