Хосын харилцааны 27 дүрэм
Хайрлаж, хайрлуулах нь бид бүгдийн нэг чухал хэрэгцээ билээ. Хайрлаж, хайрлуулж байхдаа хүн хамгийн их бүтээмжтэй ажилладаг ч гэж үздэг. Гэхдээ энэ харилцааг авч явахад бидэнд маш их асуудал тулгардаг.
“Эрүүл харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ?” гэсэн асуултанд та ямар хариулт өгөх вэ? Эрэгцүүлэн нэг бодоорой. Энэ салбарын (хосын харилцаа, гэр бүл) талаар бичдэг, судалдаг; хүүхдийн өсөн торниж буй орчны талаар анхаардаг судлаач бид эрүүл харилцааны талаар бичиж тайлбарлах нь бидний үүрэг билээ.
Олон эрдэмтэдийн цуглуулсан хэдэн жилийн судалгаа, эх сурвалжаас үндэслэн харилцааны үндсэн хэдэн дүрмийг хүргэх гэж байна. Энэ зүгээр нэг сонирхолтой жагсаалт яав ч биш. Харин хамгийн хэрэгтэй жагсаалт юм. Хэвлэж гаргаад, хөргөгч, ханан дээрээ наагаарай. Бид танаас шалгалт авахгүй ч – амьдрал таныг шалгана:
1. Найз залуу/бүсгүй, нөхөр/эхнэрээ зөв сонго.
Бид хэн нэгэнд маш олон шалтгаанаар татагддаг. Тэд бидний өнгөрсөн үеийн хэн нэгнийг санагдуулдаг. Тэд бидэнд бэлэг бэлэглэж, онцгой гэж мэдрүүлдэг. Найз залуу/бүсгүйнхээ зан чанар, ааш авир, үнэт зүйл, үг үйлдэл хоёрынх нь холбоо хамаарал, бусадтай харилцах харилцаанд нь үнэлгээ өг.
2. Түүний хайр дурлалын талаарх итгэл үнэмшлийг нь мэд.
Хүмүүс хайр дурлал, хосын харилцааны талаар янз бүрийн, ихэвчлэн зөрчилт ойлголттой байдаг. Харилцаанд хууралт гарч ирнэ гэдэгт итгэдэг хүнтэй хамт амьдрахыг та хүсэхгүй байх. Тийм хүмүүс байхгүй зүйлийг ч бий болгож чадна.
3. Секс, хайр хоёрыг ялга.
Ялангуяа харилцааны эхэн үед шохоорхол болон сексийн дур хүслийг хайр гэж андуурдаг.
4. Өөрийн хэрэгцээг ухамсарлаж, ойлгомжтойгоор илэрхийлж хэл.
Харилцаа – тааварын (оньсого таадаг) тоглоом биш. Хүмүүс өөрийн хүсэл, хэрэгцээгээ хэлэхээс эмээж, айснаасаа болж түүнийгээ өнгөлөн далдалдаг. Үр дүнд нь хүссэн зүйлээ авч чадаагүйгээсээ болж урам нь хугарч; “илэрхийлээгүй” хэрэгцээг нь хангаж өгсөнгүй гэж найз бүсгүй/залуудаа уурлана.
5. Үнэнч байдалгүйгээр дотно харилцаа бий болохгүй.
Таны хамтрагч бодол уншиж чадахгүй шүү дээ.
6. Хүндлэл, хүндлэл бас дахин хүндлэл.
Хүндлүүлэхийн тулд өөрөө эхлээд хүнийг хүндэлдэг бай. Харилцан бие биесээ хүндэлдэг байх нь маш чухал, шударга харилцааны гол үндэс билээ.
7. Өөрсдийгөө нэг баг гэж хар.
Та хоёр бол 2 давтагдашгүй хувь хүн бөгөөд өөр өөр үзэл бодол, онцлог чанартай. Багийн тань үнэ цэнэ бол та хоёрын ялгаатай байдал.
8. Ялгаатай байдлаа яаж удирдахыг сур.
Энэ бол харилцаагаа амжилттай авч явах түлхүүр. Санал зөрөлдөх нь харилцааг живүүлдэггүй. Харин нэр нэрээ дуудалцах нь үгүй хийдэг. Хоёр хүний хоорондын ялгаанаас үүсэх сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн зохицуулахыг сур. “Чулуун хана босгох” эсвэл асуудлаас зайлсхийх нь асуудлыг зохицуулж байгаа хэрэг огт биш.
9. Найз бүсгүй/залуугийн тань хийж буй үйлдэл таны дургүйг хүргэж эсвэл ойлгохгүй байвал түүнээс асуу.
Яагаад хийж буй талаар нь ярилц. Ярилц, олж илрүүл. Бүү тааварла, бүү буруутга.
10. Асуудлыг үүссэн даруй шийд.
Ямааны мах халуун дээрээ гэдэг. Гомдлыг бүү хураа. Харилцаа буруу зүг явж буйн нэг шалтгаан нь сэтгэлийн шарх байдаг. Сэтгэлийн шанлал нь харилцаанд хамгаалалт үүсгэж, сүүлдээ танихгүй хүмүүс мэт болцгоодог. Бүр дайснууд ч болдог.
11. Хэлэлцээр хийж сур.
Орчин үеийн ихэнх харилцаа уламжлалт ажил үүргийн хувиарлалтыг харгалзан үзэхээ болисон. Хосууд өөрсдийн үүрэг хувиарлалт хийдэг болж, бараг бүх үйл хөдлөлөө тохиролцоон дээр тулгуурлан хийж байна. Сайн үр дүн давамгайлж байвал энэ нь хамгийн сайн арга. Учир нь хүний хэрэгцээ хувирамтгай, байнга өөрчлөгдөж байдаг. Амьдралын хэрэгцээ шаардлага ч мөн өөрчлөгдөж байдаг. Сайн харилцааны үед хосууд цаг ямагт харилцан тохиролцож байдаг.
12. Ямар ч шүүмжгүйгээр найз залуу/бүсгүйнхээ үзэл бодол, гомдлыг сонс, чин сэтгэлээсээ сонс.
Ихэнх үед таныг хэн нэгэн сонсож байна гэдэг нь л асуудлыг шийдэх арга зам болж өгдөг. Мөн энэ нь итгэлцэлийг бий болгож байдаг. Эмпати мөн чухал. Түүний асуудлыг өөртөө тохиолдсон мэтээр үзэж асуудалд ханд.
13. Дотно харилцааг бий болгохын тулд хөдөлмөрлө.
Дотно байдал өөрөө бий болохгүй. Дотно харилцаа үгүй болоход хүмүүс холдож, хоёрдогч харилцааг хайж эхэлдэг. Сайн харилцаа эцсийн зорилго биш. Энэ бол амьдралын турш өрнөх үйл явц бөгөөд байнгын анхаарал халамжаар тэжээгдэж байдаг.
14. Алсыг хар.
Гэрлэлт бол ирээдүйг хамтдаа туулна гэсэн амлалт биш. Хамтдаа өөрсдийн мөрөөдлийг ойр ойрхон ярилцаж бай. Та хоёр нэг замаар явж байгаа эсэхээ шалгаж бай.
15. Секс бол сайн зүйл.
Гэхдээ чин сэтгэлийн яриа илүү сайн. Зарим хосууд маргааныг сексээр шийддэг. Асуудлыг шийдэх хялбар арга. Гэхдээ сэтгэлийн дотно байдлыг бий болгоход хэцүү. Энэ нь үнэнч байдал, нээлттэй байдал, итгэлцэл, айдас, уйтгар, мөн итгэл найдвар, мөрөөдлийг шаарддаж байдаг.
16. Хэзээ ч бүү ууртай унт. Жоохон ч гэсэн зөөлөн ааш гарга.
17. Уучлалт гуй, уучлалт гуй, уучлалт гуй.
Хүн бүр л алддаг. Алдаагаа засах гэсэн оролдлого хийх нь чухал. Үүгээр гэрлэлтийн аз жаргалыг таамаглаж болдог. Уучлалт гуйхдаа та инээдтэй, болхи, бүр ёжтой ч байж болно. Гэхдээ маргааны дараа эвлэрэх гэсэн хүсэл урт хугацааны харилцааны гол түлхүүр юм.
18. Бүх асуудал харилцан яриаг шаарддаггүй.
Заримдаа хамтдаа ямар нэг зүйл хийх нь тайвшруулж, дахин холбож өгдөг. Жишээлбэл: хамтдаа алхах, аялах г.м.
19. Үл ялиг хамаарал байх нь сайн ч, нэг нэгнээсээ бүрэн хамааралтай байх нь гомдол, дургүйцэл, аз жаргалгүй байдлыг авчирдаг.
Бид тодорхой хэмжээнд найзууд, багш, эхнэр, нөхрөөсөө хамааралтай байдаг. Эрчүүд ч тэр эмэгтэйчүүд ч тэр...
20. Өөрийгөө хүндлэх хүндлэл, өөрийн итгэлээ хадгалж үлд.
Өөрөө өөртөө таалагддаг, өөртөө итгэлтэй байвал танд дурласан, таны хажууд байгаа хүмүүст амар байдаг. Судалгаагаар хүн нийгэмд гүйцэтгэх үүрэг нь их байхын хэрээр өөрийгөө хүндлэх, өөрийн үнэлэмж дээгүүр байдаг нь тогтоогдсон. Утга учиртай ажил нь – сайн дурын ч бай цалинтай ч бай – өөрийн үнэлэмж, өөрийн “БИ” – г дасгалжуулах, бүтээх хамгийн чухал арга юм.
21. Харилцаагаа “амьд” байлгаж, шинэ сонирхолтой бол.
Амьдралын хүсэл тэмүүлэл тань их байхын хэрээр, бусадтай хуваалцахын хэрээр таны харилцаа илүү баялаг байна. Нэг хүн таны амьдралын бүх хэрэгцээг хангаж өгнө гэж хүлээн суух нь утгагүй шүү дээ.
22. Хамтар, хамтар, хамтар.
Хариуцлагаа хуваа. Харилцаа зөвхөн хоёр урсгалтай байх үедээ л цаашид цэцэглэдэг. Өгч бас авч сур.
23. Шинэ зүйлд нээлттэй бай. Хөгжилд. Цэнгэ.
24. Эрүүл байж, эрч хүчтэй бай.
25. Бүх харилцаа өөрийн гэсэн уналт, сэргэлтийн үетэй.
Байнга өндөр оргилд байна гэж байхгүй. Хэцүү үеийг хамтдаа даван туулах нь харилцааг улам бат болгодог.
26. Муу харилцаанаас бүү зугт.
Зугтлаа гээд шийдэгдэхгүй. Дараагийн хүнтэй та дахиад л давтана. Энэ харилцааг өөрийгөө харах толь болгон ашигла. Таны доторх юу энэ харилцааг ийм болгож буйг ойлго. Найз залуу/бүсгүйгээ өөрчлөхөөсөө өмнө өөрийгөө өөрчил.
27. Хайр бол авч болдог, хаяж болдог бараа биш.
Энэ бол бие биедээ хэрхэн хандаж буйгаас шалтгаалан багасч, ихсэж байдаг мэдрэмж /сэтгэл хөдлөл/ юм. Хэрэв та шинэ арга замаар бие биетэйгээ харилцвал тэр мэдрэмж буцан ирж, өмнөхөөсөө ч илүү хүчтэй болж болдог.
Б. Тунгалаг
0 comments: