Хосын зохицол
Хосууд хоорондоо нийцэлтэй байх явдал нь харилцаа тогтвортой, аз жаргалтай байхын үндэс билээ.
Уг нийцэл нь хоёр хүрээнд яригдана.
- Сэтгэл зүйн хувьд нийцтэй байх
- Бие махбодийн хувьд нийцтэй байх.
Зарим эрдэмтэд хосуудын зохицол /нийцэл/ - ийг дараах 4 түвшинд авч үзсэн байдаг. Үүнд:
- Сэтгэл санааны нийцэл – хандлага, үнэт зүйл, хэрэгцээ, сонирхол, үзэл бодол г.м зан үйлийн таарамжтай байдал. /эдгээр зүйлс ижил, төстэй байх тохиолдолд хосууд илүү таарамжтай байдаг/
- Хувийн нийцэл – хүний хувийн онцлог, шинж: темперамент, зан ааш, сэтгэл хөдлөл-зоригийг шинж г.м. /бие биенээ нөхөхүйц шинжийн хүмүүс илүү тохирдог/
- Гэр бүл-аж ахуйн нийцэл – хосуудын гүйцэтгэх үүргийн онцлог: гэр бүл дотор үүргийг хэрхэн хувиарлах, эдийн засгийн зохицуулалт, хүүхэд хүмүүжүүлэх арга барил г.м.
- Бие махбодийн нийцэл – цусны бүлэг, бэлгийн харилцааны таарамж.
Энэ дөрвөн түвшинд хосууд хэрхэн тохиромжтой байгаагаас гэр бүлийн /хосуудын/сэтгэл ханамж шалтгаална.
Хувийн нийцэлийн талаар дээр өгүүлсэн. Тэгвэл ямар зан араншин, хэв шинжийн хүмүүс хоорондоо илүү тохирох вэ?
Судалгаагаар харилцан бие биеэ нөхсөн /дутууг нь нөхсөн/ хэв шинжийн хосууд илүү тохирдог хэмээжээ. Туршилтаар батлагдсан болгон үнэнд илүү ойр байдаг. Тиймээс хэд хэдэн судалгаа, туршилтыг доор өгүүлье.
Сэтгэл зүйн нийцэлийг судалсан сэтгэл судлаач Aušra Augustinavičiūtė-ий судалгааг авч үзье. Тэрээр 50 хосыг судалгаандаа хамруулсан. 19 хосд ямар ч маргаан, зөрчил үүсдэггүй байсан. Өөрөөр хэлбэл тэд асуудлыг гайхалтай шийдэж чаддаг байсан ба салалтын талаар яриа нэг ч удаа хөндөгдөж байгаагүй. Энэ хосуудыг юу нэгтгэж, гайхалтай зохицож байна вэ?
Тэд сэтгэл зүйн хувьд бие биенээ нөхөх хэв шинж бүхий хүмүүс байсан. К. Юнгийн бие хүний хэв шинжийг судлах сорилоор хосын нэг нь “сэтгэх хэв шинж” байхад нөгөөх нь “сэтгэлийн хөдөлгөөнт хэв шинж”, эсвэл нэг нь “мэдрэхүйн хэв шинж” нөгөөх нь “зөн билэгт хэв шинж” байсан байна. Үүнээс гадна хосуудын /19 хос/ нэг нь экстраверт /гадагшаа чиглэсэн/ байхад нөгөөдөх нь интроверт /дотогшоо чиглэсэн/ хүн байсан юм.
Уг судалгаанаас аз жаргалтай хосууд бие биенээ нөхөх хэв шинжийн хүмүүс байдаг нь харагдсан.
Уг таамаглалыг батлах өөр нэг судалгааг Т. Карцевой хийсэн. Түүний судалгаа найз нөхөд болж буй хүмүүсийг судлахад чиглэсэн байлаа. Судалгаагаар ижилхэн шүүжлэмтгий, болгоомжлогч, ичимхий, санаачлагагүй г.м адилхан хэв шинжийн хүмүүс тэр болгон найз нөхөд болдоггүй гэдэг нь ажиглагдсан.
Т.В. Галкина болон Д.В. Ольшанский нарын эрдэмтэд мөн л хайр дурлал, найз нөхөрлөлийн харилцаанд хамтрагчаа сонгох сэдлийг судалсан. Хайр дурлалын харилцаан дээр өөрөөсөө эсрэг темпераменттай хүнийг сонгож байлаа: холерик хүмүүс флегматикийг, сангвиник хүмүүс – меланхоликийг, мөн эсрэгээрээ. Харин найз нөхөрлөлийн харилцаан дээр /хүйсээс хамаарахгүйгээр/ флегматикуудаас бусад нь өөрийнхөө темпераментийн /ижил/ хүнийг сонгож байлаа. Харин флегматикууд бүх темпераментийн хүмүүсийг сонгосон байсан. Эдгээр судалгаанд оролцсон хүмүүсийн харилцааг жилийн дараа дахин судлахад нөхөрлөл 75%-д нь хадгалагдан үлдсэн байсан. Хайр дурлалын харилцаан дээр 40% нь гэр бүлээ батлуулж, 20% нь салсан.
Т.В. Андреева болон А.В. Толстова нарын судлаачид хосуудын зохицолд темперамент болон бусад хүчин зүйлсийн нөлөөг судалсан. Судалгаанд тогтвортой /нэг ч салж байгаагүй/ гэр бүлүүдийг оролцуулсан. 40 хос буюу 80 хүнийг хамруулсан бөгөөд гэрлээд 5 болон түүнээс дээш жил болсон хосууд байлаа.
Судалгаа, туршилтын үр дүнд хосуудын дийлэнх нь эсрэг тэсрэг темпераментийн зохицолдлогоо байлаа. Гэрлэлт, гэр бүлийн харилцаандаа сэтгэл ханамж өндөртэй хосууд эсрэг тэсрэг хэв шинжийн хүмүүс буюу сангвиник-меланхолик, флегматик-холерик байлаа.
Гэрлэлт, гэр бүлийн харилцаан дахь сэтгэл ханамжийн түвшин хамгийн өндөр /бусад хосуудаас/, үүрэг хариуцлага хувиарлалт дээр маргаан үүсдэггүй хосуудын нөхөр нь сангвиник, эхнэр нь меланхолик хэв шинжийх байсан юм.
Холерик болон сангвиник хэв шинж бүхий хосууд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, маргалдах нь их, өөр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж, нэгдсэн шийдвэрт хүрэхэд бэрхшээлтэй байдаг. Тэдний харилцаа “Яагаад чи биш би гэж?”, “Гэр бүлд хэн нь чухал үүрэгтэй вэ?” гэх мэт асуултаар дүүрэн.
Меланхолик болон флегматик хэв шинжийн хосуудад мөн л адил сэтгэл ханамжийн түвшин доогуур байдаг /эсрэг хэв шинжийг бодвол/.
Холерик болон меланхолик хүмүүсийн хайр дурлалын харилцаа төвөгтэй байдаг. Учир нь тэд хоёул тогтворгүй хэв шинжийн хүмүүс бөгөөд гомдомтгой, эмзэг.
Флегматик болон сангвиникийн хайр дурлалд бие биедээ сэтгэл ханамжгүй янз бүрийн асуудлууд үүснэ. Ихэвчлэн сэтгэл хөдлөлийн тал дээр. Флегматик хүмүүст өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нээхэд бэрхшээлтэй байдаг бол сангвиникийн хувьд сэтгэл хөдлөл нь хурдан солигддог.
Ижил темпераменттай хосуудын харилцаа ч бас төвөгтэй байдаг. Энэ хэв шинж бүхий хосуудад түр хугацаанд салах тохиолдол ч анзаарагдах ба хүүхэд ч харилцааг авч үзэх нөхцөл болж чаддаггүй.
Ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, хандлага зэрэг хүчин зүйл ижил байх нь хосын таарамжтай байх нэг үндэс болно.
Эсрэг тэсрэг хүмүүс бие биедээ татагдаж, аз жаргалтай хосууд байж чаддаг гэдгийг судалгаагаар хэдий баталсан ч гэсэн заавал ийм байх ёстой гэсэн үг биш. Мэдээж нэг нэгнийхээ дутууг нь нөхөж чаддаг ижил төрлийн /сэтгэл зүйн хэв шинж/ хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Нөгөө хүнээ өөрчлөх нь бус нөгөө хүндээ хэр сайн дасан зохицож чадаж буйгаас бидний харилцаа шалтгаална.
Үргэлжлэл бий...
Б. Тунгалаг
0 comments: