Хаврын Синдром гэж юу вэ ?



Улс төрийн уур амьсгал ширүүсч, фейсбүүк твиттерийн популизм, улс төр, аль нэгэн бүлгийн жагсаал, цуглаан хүчээ аван нийгмийн бухимдал оволзож эхэлсэн нь хаврын синдромын шинж гэлтэй. Хавар болж, өвчин сэдрээд гэж ярьдаг. Хавар болохоор яагаад ч юм сэтгэл санаа тогтворгүй болдог. Хаашаа ч юм явмаар, их зүйлийг бүтээх асар их сэтгэлийн тэнхээ мэдрэгдэнэ. Гэсэн атлаа ямар ч  хүч тэнхээгүй, ядаргаанд орчихсон ч юм шиг. Энэ бүгд хаврын синдром нь юм болов уу ?

 Хүний сэтгэл санаа өвлийн улиралд дарагдмал байдаг. Ер нь амьтад ичдэг шиг л хүн ч гэсэн хүйтэнд их нам гүм тайван болно. Намар нь их эрч хүчтэй байсан бол өвөл буурдаг ч юм уу. Гэтэл дулаан болоход хүний сэтгэл хурцаар эсвэл хурдан, удаанаар хариу үйлдэл хийдэг гэж зарим сэтгэл судлаачид таамагладаг. Үүнийг л хүмүүс хаврын синдром, шизо өвчин сэдэрлээ гэж ярьдаг байх. Ер нь хавар илэрч байгаа сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг хаврын улиралтай шууд холбож үзэж болохгүй. Хүмүүс өвөл их тайван тогтвортой байж байгаад хавар болж бүх зүйл тавигдаад ирэхээр сэтгэлдээ баяр баясал, хямрал зэрэг олон зүйлийг мэдэрч гаргаж байгаа хариу үйлдэл гэж хэлж болно. Өөрөөр тайлбарлавал хүний био хэмнэл харилцан адилгүй. Жишээ нь, зарим оюутан, сурагчид хичээлийн шинэ жилээс л эхлэн маш идэвхтэй, бүтээлч байдаг бол зарим нь хавар, зун залхуурдаг ч юм уу эсвэл бүтэн жилийн турш орон гаран суралцдаг. Энэ нь түүний бодгаль шинж юм. Гэхдээ зөвхөн хавар л хүний сэтгэл санаа дээд, доод заагт хүрдэг гэсэн үг биш. Сэтгэцийн өвчин ямар ч шалтгаангүйгээр гэнэт сэдрэх интервал гэж байдаг шиг хүн бүрт шизойд зан нь хөдлөх онцгой үе байдаг билээ.

Хvний бие махбодь өдөр бүр, ижил цаг бүрээр автоматаар тодорхой vйлдэл гvйцэтгэж, биеийн дулаанаа өөрчилж, даавар ялгаруулдаг.  Жишээ нь хvний бие биологийн цагтаа тохируулан орой болоход даарахгvйн тулд дулаанаа багасган, өглөө болоход өдөр идэвхтэй байхын тулд дулаанаа нэмдэг. Өөрөөр хэлбэл хүний биеийн дулаан өдрийн турш солигдож байдаг. Байгалийн энэ гайхалтай зохицолдоог амьтадын төв тархины тус газар оршдог, бяцхан, нvдэнд үл ажиглагдам өнчин тархины даавар бий болгодог. Амьтадын үржлийн идэвх улиралтай холбоотой идэвхждэгийг бид бvгдээрээ мэднэ. Биологийн хэмнэлийг зохицуулдаг өнчин тархинаас ялгардаг "мелатонин" даавар үүнд нөлөөлдөг. Гэхдээ баттай мэдлэг биш хэдий ч эрдэмтдийн таамаглаж байгаагаар өдрийн гэрэл багасах тусам серотонин хэмээх аз жаргалын даавар багасдаг байна. Эл дааврын өөрчлөлтөд хүний сэтгэлзүй янз бүрээр хариу үйлдэл үзүүлж байгааг хаврын синдром гэж нэрлээд буй. Өөрөөр хэлбэл биеийн цаг нь өдөр шөнө өөр өөрөөр ажилладаг. Байнга шөнийн цагаар ажиллагсад, онгоцоор удаан аялагсад, бvр өвөл болоход өдөр богиноссоноос болоод зарим биологийн цагийн хэмнэл алдагдаж, бие сэтгэлзүйн бэрхшээлүүд учирдаг болох нь тогтоогджээ. Мелатонин тархинд ямар дохио дамжуулж ямар механизмд нөлөөлдгийг, энэ цаг нь молекул, эсийн орчинд хэрхэн ажилладгийг эрдэмтэд тодорхой мэдэж амжаагүй байна.

Монгол орны цаг уур эрс тэс  учраас өвлийн хүйтнээс зуны аагим халуун руу шилжих мөчид хүний сэтгэлзүй, биед гарч буй хариу үйлдэл хурцаар илэрдэг байж магадгүй юм. Тухайлбал, өвөл нь урт болдог Исланд, Финланд, Норвег зэрэг хойд Европын орнуудад хүмүүсийн толгой өвдөх, залхуурах зэрэг шинж тэмдгүүд  III-IV сард нийтлэг илэрдэг байна. Урт хугацаанд нойр хүргэдэг дааварт дарлагдаж байсан бидний тархи гэнэт өдрийн гэрлийг мэдэрдэг болсноор хүний биеийг идэвхтэй ажиллуулах бусад даавруудаа ялгаруулахад бие махбодь ядарч буй мэдрэмжээр хариу барьдаг ажээ. Хэдийгээр хаврын синдром” гэх асуудал нь тодорхой биш ч үүнээс сэргийлэхийн тулд өвөл, хаврын цагт гадаа гарах боломжгүй бол цонхныхоо дэргэд суух, дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэх, хүмүүсийн дунд цагийг өнгөрүүлэх хэрэгтэй юм. 

Л.Энхтүшиг