“Муу л бол хойд айлын хар овоохой” гэж юу вэ ?
Хэрвээ та өөрийн үнэлэмж болоод үнэ цэнэдээ эргэлздэг бол, гэр бүлд тань ямар нэг зүйл буруугаар эргэхэд энэ нь таны буруу болж хувирдаг бол (хэдийгээр таны буруу биш ч гэлээ), мөн та найзууд эсвэл хамт олныхоо дунд өдөр тутам ямар нэг байдлаар үл хүндлэл хүлээж байгаа бол - Эдгээрийн аль нэг нь танд илэрч байвал, бодоод үзээрэй, та арай “хар ямаа” болчихсон юм биш биз?
Эхлээд хар ямаа гэдэг ойлголтоо тайлбарлья. Энэ нь маш эртнээс буюу Христийн шашинд хүний гэм нүглийн төлөөс болгож хар ямаагаар тахил өргөдөг байсан үеэс эхлэлтэй аж. Хөөрхий тэр гэм буруугүй ямаатай адилаар байнга л аливаа үйл явдлын буруутан нь болж байдаг хүмүүсийг мөн хар ямаа хэмээн нэрлэх болсон байна. Яагаад хүмүүс хэн нэгнийгээ хар ямаа болгодгийг сэтгэл зүйн үүднээс тайлбарлавал хүн уурлах, гэмших гэх мэт тааламжгүй мэдрэмжүүдээ ухамсартай болон ухамсаргүйгээр хэн нэгэнрүү проекцлох буюу өөрийнхөө сэтгэл зүйг тайван байлгах гэсэн хамгаалалтын механизм гэж ойлгож болно. Хүмүүс хар ямааг сонгохдоо ихэвчлэн өөрөөсөө хүчээр сул, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй хүнийг сонгодог. Нэг л хар ямаа болсон бол үүнээс гарахад хэцүү. Учир нь эргэн тойрон нь түүнийг хар ямаа чигээр нь л хардаг, өөрөөр хэлбэл энэ нь байж болох хэвийн үзэгдэл болсон байдаг аж.
Хар ямаа нь ажлын хамт олон, гэр бүл гээд бүлгийн дунд ихэвчлэн байдаг ба гэр бүл дэх хар ямаа тухайн гэр бүлийн хомеостатик буюу гадны өөрчлөлт, хямралд тэнцвэртэй байдлаа хадгалах оролдлогын золиос болж байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлд аюул учрахад эсвэл асуудал үүсэхэд энэ нь хар ямаагийн л буруу байдаг ба түүнд бүх бурууг чихсэнээр бусад гишүүд тайван байдлаа хадгалж байгаа хэрэг.
Судалгаа – Weatherly (1961) тэрээр эхлээд судалгаанд оролцох оюутнуудыг бухимдуулаад дараа нь тэдэнд зураг тарааж, тухайн зурагны талаар түүх зохиож бичихийг хүссэн байна. Мөн зурган дээрх хүмүүсд Еврей нэр өгсөн байжээ. Ингэхэд зарим оюутнууд Еврей нарыг түрэмгийлсэн утгатай түүх зохиож бичсэн байна. (Еврей нар бол хар ямааны маш том жишээ. Одоо ч зарим хөдөлгөөнүүд тэднийг үзэн ядаж, буруутгасаар байдаг.) Хэрхэн хар ямаа байхаа зогсоох вэ? 1. Хар ямаа байх нь таны өөрийн үнэлэмжид хэрхэн нөлөөлснийг бодоорой. Жишээлбэл, та муу хүн үү, эсвэл шаардлага хангахгүй сул дорой хүн үү, тэгээд энэ нь үнэн үү эсвэл хэн нэгэн танд хүчээр тохсон дүр төрх үү гэдгийг ахиад бодоорой. 2. Өөртөө итгэ. Сэтгэл судлалд түгээмэл хэрэглэгддэг дотоод хүн хэмээх ойлголтын талаар судлаарай. Дотоод хүн тань таныг удаан хугацаагаар ад үзэгдэж байсныг мэднэ. Цаашид өөртөө үүнийг бүү зөвшөөр. Өөриийгөө сөрөг байдлаар харахаа боль. 3. Өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олж мэд. Ахиад хэлье, хэн ч таныг азгүй амьтан болгож хувиргах эрхгүй. Тиймээс өөрийнхөө үйл хөдлөл, үнэт зүйлс, зан авир дах эерэг, сайн зүйлсийг цаасан дээр буулгаж бичээд үүнийгээ өөртөө байнга сануулж бай, ялангуяа өөрийгөө ахиад л сөргөөр харах гээд байгаа үедээ уншиж байгаарай. 4. Өөрийнхөө буруу үйлдлийг олж мэд. Таныг хохирогчийн дүр тоглуулаад байгаа тэр зан үйлээ олж мэдээд үүнийг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг тодорхойлоорой. 5. Хүчирхийлэгч, хайхрамжгүй гэр бүлийн гишүүн, найз эсвэл хамтран ажиллагчаа “давж”, тэдний дээр гарах гэж оролдох хэрэггүй. Хэрвээ танд шударга бусаар хандаж л байвал тэр хүнд бие хүний асуудлууд байна гэсэн үг. Зөнд нь орхичих. 6. Түүнчлэн тэднийг танаас уучлал гуйна эсвэл засрана гэж нэг их найдаад хэрэггүй боловуу. Учир нь хэрвээ та тэдний эсрэг зогсож эхлэвэл тэд таныг улам л их дээрэлхэхийг оролдоно. 7. Гэхдээ тэдэнд “таны надтай ярьж байгаа байдал үл хүндэтгэсэн шинжтэй байна, ахиж битгий надтай иймэрхүү байдлаар харилцаарай” эсвэл “хэрвээ та надтай харилцаагаа цааш үргэлжлүүлэхийг хүсч байвал огцом уурладгаа, намайг буруушаадгаа... зогсоо” гэх мэтээр хэлээрэй. Гэхдээ тэднээс гэнэт таныг хүндлээд, сайхан харилцаад эхэлнэ гэж итгэх хэрэггүй, гол нь та өөрөө өөрийгөө хүндэлж байгаа хэрэг юм. 8. Өөрийгөө хүндэтгэсэн, халамжилсан, хүлээн зөвшөөрсөн байдлаар бусадтай харилцах хэв маягуудыг зуршил болго. Өөрийгөө үнэ цэнэтэй, хайр хүндлэл хүлээх хүн гэдэг нүдээр харах дасгал хийж болно. 9. Түүнчлэн өөрийгөө хайрлаж хүндлэж сурахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай. Өөрийнхөө талаарх сөрөг дүрүүдийг арилтал тэвчээртэй байж гол нь бусдад өөрийгөө ямар хүнээр харагдаж хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байгаа тэр дүрээ хэвшил болтол битгий бууж өгөөрэй. |
Б. Алтанцэцэг
Your blog is a reservoir of wisdom—thank you for sharing. Also check the m street courthouse
ReplyDelete