Хосуудын маргаан буруу зүйл биш


Саяхан бид блогийн уншигчдынхаа дунд харилцааны сэтгэл ханамжийн талаарх “Та хосын харилцаандаа хэр сэтгэл ханамжтай байна вэ?” судалгааг явуулахад  дийлэнх оролцогчид маргаан зөрчлийг шийдвэрлэхэд хамгийн их сэтгэл ханамжгүй байна гэж хариулсан. Ингээд судалгааны үр дүнгээс товч танилцуулахын зэрэгцээ хосуудын маргаан, зөрчлийг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд хэрэглэдэг зарим аргуудын талаар мэдээлэл өгөхөөр бэлдлээ. 

Харилцааны сэтгэл ханамж нь уг харилцаа хэр бат бөх, тогтвортой үргэлжлэх эсэхэд мөн бие хүний өөрийн үнэлэмж, биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд зэрэгт шууд  нөлөөлөөд зогсохгүй кареер гэх зэрэг амьдралын бусад салбаруудад дам байдлаар нөлөөлдөг. Чухам ямар хүчин зүйлүүд хосууд харилцаандаа сэтгэл ханамжтай байх эсэхэд илүүтэй нөлөөлдгийг тогтоохоор судлаачид үргэлжлүүлэн судалсаар байгаа бөгөөд маш олон ялгаатай үр дүнгүүдийг илтгэсээр байгаа билээ. 

Бид судалгаандаа Бөрнс Дэвид (1993)Харилцааны Сэтгэл ханамжийн Асуулга-г ашигласан ба уг асуулга нь харилцааны сэтгэл ханамжинд хамгийн их нөлөөлдөг долоон хүчин зүйлийг багтаасан (үүнд: 1. Харилцаандах нээлттэй байдал, 2. Маргаан зөрчлийг шийдвэрлэх байдал, 3. Дотно байдал, 4. Дэмжигч, халамжлагч зан үйл,5. Харилцаандах өөрийн үүрэг 6. Харилцаандах хамтрагчийн үүрэг 7. Харилцаандаа ерөнхий байдлаар хэр сэтгэл ханамжтай байгаа), асуулт тус бүрд 1-7 хүртэлх оноогоор үнэлэх байдлаар хариулдаг.

Үр дүнг товч танилцуулвал нийт 267 оролцогч оролцсноос эмэгтэй 79%, эрэгтэй 21%, насны ангилалын хувьд дийлэнх буюу 80%-аас илүү 18-35 насны оролцогчид байсан. Мөн бид оролцогчдоос хосын харилцаа нь хэр хугацаанд үргэлжилж байгааг асуусан бөгөөд нийт оролцогчдын 71% нь нэг жилээс илүү буюу урт хугацааны харилцаатай байгаа гэж хариулсан. Нэгдсэн байдлаар оролцогчид дунджаар 27.33 оноо буюу бага зэрэг сэтгэл ханамжгүй байна гэсэн үр дүн гарсан (үүнд: максимум-42, минимум-0, стандард хэлбэлзэл-12.10, стандард алдаа-0.74). Түүнчлэн нас, хүйс болоод хугацааны ангилал нь  сэтгэл ханамжинд тодорхой хамааралгүй болох нь ажиглагдсан.

Маргаан, зөрчлийг хэрхэн үр дүнтэйгээр шийдвэрлэх вэ?

Юуны түрүүнд маргаан, зөрчил гэдэг бол хэвийн харилцааны нэг хэсэг гэдгийг санах хэрэгтэй. Хоёр бие хүн үргэлж бүх зүйл дээр санал нийлж, ижил байр суурьтай байдаггүй гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Харин зөрчлийг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд суралцсанаар харилцаагаа илүү бат бөх болгохын зэрэгцээ бие биенээ илүү сайн таньж мэдэх боломжтой болдог. Готмэний нэрлэснээр “гамшгууд” буюу амжилтгүй хосууд зөрчлийн үед ихэвчлэн хэрэлдэх, зай барих зэрэг үр дүнгүй аргуудыг хэрэглэдэг ба тэдний харилцаа “мастерууд” буюу амжилттай хосуудыг бодвол тун хэврэг байдаг аж. 

Хосуудыг зөрчлийг шийдвэрлэхэд хэрэглэгддэг олон аргууд байдаг. Үүний заримаас дурдвал:

Өөрийн болоод  хамтрагчийнхаа сэтгэл хөдлөлийг ойлгож, таних нь маш тустай. Хосын маргаан, зөрчилд сэтгэл хөдлөл шууд хамааралтай бөгөөд асуудлыг даамжруулж, шийдвэрлэхэд саад болж байдаг хүчин зүйл юм. Сэтгэл хөдлөлийг сайн эсвэл муу гэж ангилахын оронд зохистой болоод зохисгүй сэтгэл хөдлөл гэвэл илүү тохирно. Түүнчлэн хамтрагчийнхаа байр суурьнаас асуудлыг харах гэж оролдвол, өөрөөр хэлбэл би түүний оронд байсан бол гэж бодож үзвэл түүний юу мэдэрч байгааг мэдрэх боломжтой. Бусдын оронд өөрийгөө тавих буюу тухайн хүний мэдрэмжийг өөр дээрээ мэдрэх энэ чадварыг эмпати гэж нэрлэдэг.

Бидний судалгааны үр дүнгээр хосууд Нээлттэй байдал болоод харилцаа-ны тал дээр хамгийн өндөр сэтгэл ханамжтай байсан ба үүнийг маргаан зөрчлийг шийдвэрлэхэд эерэгээр ашиглаж болох юм. Өөрөөр хэлбэл зөв харилцах дасгалыг хийснээр бие биенийхээ байр суурийг илүү сайн ойлгож, магадгүй ямар нэг буруу ойлголтоо засч болно. Үүнийг яригч-сонсогч техник гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хосын нэг нь яригчийн дүрд нөгөөх нь сонсогчийн дүрд орж тоглохыг хэлж байгаа юм. Үүнийг хэрэглэхдээ, нэг тал ярьж байх үед нөгөө тал идэвхтэй сонсоно, яригч “би” гэсэн утгыг хэрэглэж өөрийн бодол, мэдрэмжээ товч бөгөөд тодорхой илэрхийлнэ харин сонсогч идэвхтэйгээр сонссоны дараа яригчийн хэлсэн зүйлийг “Би __________ ингэж сонслоо, энэ зөвүү?” гэж асууна. Ингэхдээ ямар нэгэн өөрийн мэдрэмж байр сууриа нэмэлгүйгээр зөвхөн сонссон зүйлээ эргүүлэн хэлэх ёстой. Дараа нь яригч сонсогчийн дүрд, харин сонсогч яригчийн дүрд орж үргэлжлүүлнэ. Энэхүү техникийг хосын сэтгэл зүйн зөвлөгөөгөөр мэргэшсэн мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламжтай хийвэл бүр ч илүү үр дүнтэй.

Quid pro quo буюу бие биенийхээ хүссэн байдлаар харилцах гэрээ. Асуудлыг шийдвэрлэх бас нэгэн арга нь гэрээ байгуулах юм. Гэрээнд хосууд яг ямар заалтууд оруулахыг өөрсдөө тохирч гарын үсэг зурдаг. Мөн гэрээгээ сайн биелүүлсний төлөө шагнаж урамшуулах аргыг хэрэглэдэг. Жишээ нь, эхнэр нь нөхрөө гэртээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг байхыг хүснэ, ингэснээр эхнэр нь найзуудтайгаа уулзаж гадуур хооллох боломжтой болно. Харин нөхөр нь гэрээгээ сайн биелүүлж гэртээ хүүхдүүдтэйгээ байсныхаа хариуд авахыг хүсч байсан видео тоглоомоо авах эрхтэй болж нэг ёсны шагнуулах юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, хүн өөрийн бодлыг ямар нэг түрэмгийлсэн, давшилсан байдалгүйгээр зөв, цэгцтэй илэрхийлдэг байх нь маш чухал чадвар юм. Түүнчлэн бусдыг сонсох, ойлгох, энэ хорвоо дээр цор ганцаараа амьдарч байгаа мэт аашлахгүй байх нь маргаан зөрчил үүсэхээс хамгаална. Танд амжилт хүсье!
Б. Алтанцэцэг