Ховс ба Транс
Сонсгол, хараа, амт зэрэг мэдээлэл, гадаад дотоод орчлон ертөнцийг нэгэн хэвийн давтамжаар танин мэдэх, хүлээн авахад мэдрэхүйнүүдүүд нэгнийгээ аяндаа "блок" хийдэг байна. Жишээ нь буддын шашинд лам нар маань унших, завилан суухдаа нааш цаашаа алгуурхан хөдлөх, тухайн уншиж буй үгсийн дуу авианы долгион нэгэн хэвийн "герц"-ийг ялгуурлахад сонсголоос бусад мэдрэхүй буюу гадны нөлөөллийг огоорч эхэлдэг. Тиймээс лам гадны үй түмэн мэдээллийг автоматаар хүлээн авдаг мэдрэхүйнүүдээ унтраах зарчмаар амар амгалан, тайвшралыг мэдэрдэг байна. Магад тийм ч учраас мэдрэлийн хамгийн бага ачаалал авснаар лам нар өндөр насалдаг ч юм бил үү. Нөгөөтэйгүүр үүнийг транс байдалд орсон гэж ойлгож болно. Лам хүн тайвшралыг мэдэрч болох ч бас өөрөөр орчлон ертөнцөөр хэсүүчилж, өөр хэн нэгний биед орох, там диваажингаар аялах гэх мэт ер бусын эерэг мэдрэмж төрдөг. Эерэг мэдрэмж гэдэг нь таашаалыг хэлж буй.
Бидний өдөр тутмын амьдралд ч гэсэн транс байдалд орох тохиолдол бишгүй л байдаг. Дуу султай, жигд темптэй хөгжим, эсвэл байгальд аялж явахдаа моддын шуугиан, шувуудын жиргээ, гол горхины урсах чимээг сонсох, алгуурхан нүүх үүлс, ойд найгах моддыг ажин суухад аяндаа л нойр хүрдэг. Энэ бүгд бидний харж, сонсож, хүрэлцэж буй зүйлсийн үр дүн юм. Эдгээрийн нэг нь л жигд темпээр нөлөө үзүүлэхэд бусдыгаа блоколж дөнгөх юм. Үр дүнд нь хүн трансд ордог.
Яагаад транс байдалд орсон хүмүүсийн нойр амархан хүрч, элдэв янзийн үйлдэл, шидэт зан үйл хийдэг вэ ? Үүнийг сэтгэл судлалд ухамсрын хувирсан хэлбэр гэж тодорхойлдог. Ухамсрын хувирах шалтгаан нь дөрвөн л зүйлээс шалтгаална. Нэгт, архи уухад, хоёрт сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл уухад, гуравт угаас сэтгэцийн ноцтой асуудалтай хүн буюу гол төлөв шизофрени өвчтөн, дөрөвт ховсонд орох буюу санаатай ба санамсаргүйгээр транс байдалд ороход л ухамсар хувирч дөнгөнө.
Тиймээс хэн нэгэн шидэт, мундаг, гоц хүмүүс л ховсонд оруулдаг гэх нь буруу ойлголт юм. Хүсвэл хүн өөрийгөө ч ховсонд оруулж болохын тод жишээ бол бөө юм. Бөө ч гэсэн бөмбөрийн нүргэлэх нэгэн хэвийн темпээр өөрийгөө транс байдалд оруулдаг, трансд орсон хүний оюун санаа ертөнцөөр нэг хэсүүчлэхгүй өөр яах билээ. Бөмбөр бол трансд оруулах хамгийн хүчтэй зэмсэг, дашрамд дурьдахад рок хөгжим ч бөмбөрнөөс дутахгүй нөлөөтэй ба рок хөгжим сонирхогчид толгойгоо хүчтэй нэгэн жигд савчин хөдөлгөснөөр мөн л трансд орж байгаагийн жишээ юм.
Ховс бол маш хүчтэй ятгалгаар бий болох ухамсрын хувирсан хэлбэх болохыг дээр өгүүлсэнчлэн жигд темп мэдрүүлж, амраасны дараа үг хэлснээр ятгаж эхэлдэг. Энэ үед хүн яг зүүдэлж байгаа мэт трансд ордог. Ховс нь нойрны нэг хэлбэр мөн боловч EEG багажаар авсан туршилтын үр дүнгээс үзэхэд ховсонд орсон хүний тархины долгион нойрны үеэсээ илүүтэйгүүр сэрүүн үеийн долгионтой төстэй байдаг гэжээ. Тэгэхээр хараахан унтаж буй хүний тархи, сэтгэцтэй ижил биш, биеэ даасан нэг үзэгдэл байх нь ээ.
1700-аад оны сүүлээр Венын эмч Антон Месмер нь өвчтнүүддээ ховс хэрэглэж байв. Тэрбээр соронз ашиглаж амьтны магнетизм хэмээх өмнө нь дурьдагдаж байгаагүй, хачин этгээд аргыг хүмүүст санал болгосон юм. Үүнийхээ хариуд эмч байх, эмчлэх эрхээ ч хасуулж байсан гэнэ. Гэвч соронзон ховсын арга үр дүнгээ өгсөнөөр удалгүй "месмеризм" хэмээх цоо шинэ эмчилгээний хандлага, онол гарч ирсэн юм. Антон Месмерийн ачаар хүмүүс ухамсарт бус сэтгэц гэж тухайн үед шуугиж байсан ойлгомжгүй оюун ухааныг судлах шинэ арга нь ховс юм гэж ойлгоцгоосны үр дүнд Жан Шарко, Зигмунд Фройд нар өөр өөрийн арга, техникийг боловсруулсан. Ер нь Месмер байгаагүй бол психоанализыг төсөөлөхөд ч бэрх юм. Гэвч ховс нь ухамсарт бус сэтгэцэд хүрэх арга юм уу, техник гэхэд тун ойлгомжгүй санаа, учир нь ховс ба ухамсарт бус сэтгэц гэх ойлголт хоёул субьектив ойлгомжгүй зүйлс юм.
Ховсонд оруулах маш олон техникүүд байдаг, гэхдээ бүгдийг нь сэтгэл заслын аргууд шиг түгээмэл хэрэглэдэггүй. Нэг техник нь ховсонд оруулах хүнээ амраана, ямар ч айдасгүй болгоно, дараа нь ховсдуулагчийн анхаарлыг ердөө ганц зүйлд хүчтэй төвлөрөхийг шаарддаг. Ховсыг удирдаж буй хүн нь нөгөө хүндээ тайвшрал, тав тухтай байдлыг үгээр ба өөр бусад өдөөгч юм уу мэдээллийн тусламжтайгаар хангана. Ховсонд орж буй хүмүүс харилцан адилгүй. Зарим нь унтуулгын дараа маш хурдан ховсдуулдаг бол зарим нь барагтаа л бол ховсдуулахгүй. Гэхдээ зарим эрдэмтдийн бичсэнээр хурдан ховсдуулдаг хүний хийсвэр сэтгэхүй өндөр хөгжсөн байдаг, ийм хүмүүс байнга элдэв зүйлсийн тухай ургуулан бодож, фантаз бодолд хөвөрч явдаг гэнэ.
Ховсын онолын тухайд өгүүлэхэд, үүнд транс онол, социологийн дүрийн онол, шалгуур-сэдлийн онол зэргийг авч үздэг гэнэ. Гэхдээ дээр трансд орж элдэв зүйлсийн тухай фантазалсны үр дүн гэж тайлбарласан бол энэ онол нь эсрэгээрээ буюу социологийн дүрийн онолоор өвчтнүүд хэн нэгнээс өчүүхэн ч гэсэн итгэл найдвар олох үүднээс ховсчид дээр очиж зориуд өөрийгөө ховсонд орлоо гэж итгүүлдэг байна. Эл онолоор өвчтөн заавал ховсонд орох эсэх нь чухал биш, зүгээр л өөртөө сэтгэлийн дэм өгөхийн тулд ухамсарт бус байдлаар өөрийгөө ховсонд орлоо гэж тайтгаруулдаг байна.
Эцэст нь дүгнэхэд ховсыг ямар учраас хэрэглэдэг нь тун энгийн ойлголт юм. Зомби мэт удирддаг 20-р зууны кино, хэн нэгнийг шилэн дээр хэвтүүлэн дээр нь гарах, хүссэн үйлдлээ тушааж бусдад гэм хор хүргэх зэрэг ховсын тухай хүмүүсийн нийтлэг стереотип бол зүгээр л шоу юм. Гэхдээ ховсын хэрэглээний зорилго бол өвчтнийг хяналтандаа авах, түүний зан үйлийг чадах чинээгээрээ өөрчлөх, ой тогтоолтыг нөхөн сэргээх л байдаг. Гэвч 21-р зуунд бүдүүн баараг, ойлгомжгүй энэ техникийг хүний сэтгэлтэй харьцах багаж хэрэгслээ болгоно гэвэл бараг дундад зууны арга барилыг санагдуулам болжээ. Эдүгээ "маш" цөөн хэдэн сэтгэл судлаачид, сэтгэцийн эмч нар, дээр нь мэргэжлийн бус хүмүүс л энэ аргыг хэрэглэж байна.
Сонирхуулах үүднээс сэтгэцийн эмч, доктор Д. Эрдэнэбаатарын ховсын тухай лекц, туршилтыг харуулсан видео бичлэгийг дор хавсаргалаа.
Тэрбээр телевизийн нэвтрүүлгээр орж байхдаа хүн бүр өөрийгөө ямар нэгэн байдлаар ховсдож болохыг хэлж байсан юм. Миний бодлоор доктор, Д. Эрдэнэбаатар нь ховсч хүнд байх ёстой харизма шинж чанаруудтай, мөн ярианы өнгө болон гадаад үзэмж сонсогчдыг татахаар, итгэл үнэмшил өгч чадахуйц харагдаж байна. Ховсын үйл явц нь ятгах, итгүүлэх байдаг учраас ховсдогч хүн өөрөө тун итгэл төрүүлэхүйц байх ёстой юм.
0 comments: