Фитнесс дасгал бидний оюун ухаанд хэрэгтэй. Гэхдээ ...


Дунджаар хүн амын 75% нь тогтмол дасгал хийдэггүй бөгөөд суугаа амьдралын хэв маягтай байдаг (Brannon, Feist 2004).

Суугаа амьдралын хэв маяг нь эрүүл мэндэд хор уршигтайгаас гадна эрт нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг. Америкт жил бүр нас барагсдын 10% нь хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан байдаг.

Суугаа амьдралын хэв маяг нь зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, таргалалт үүсэх эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг ба бүдүүн гэдэсний хорт хавдар, ясны сийрэгжилт, цусны даралт ихсэх, сэтгэл гутрал болон түгшүүр үүсэх эрсдлийг мөн нэмэгдүүлдэг (Hales, 2009).

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягын хамгийн гол хэсэг юм. Дасгал хийх нь өөрөө стрессийн сөрөг нөлөөллийг бууруулах байгалиас өгөгдсөн өгөгдөл юм.

Судалгаагаар дасгал хөдөлгөөн нь биеийн эрүүл мэнд ба сэтгэцийн эрүүл мэнд аль алинд сайнаар нөлөөлдгийг тогтоожээ (Brannon, Feist 2004).

Хүн бүр өдөр бүр хийж чадах дасгалын нэг хэлбэр бол алхах юм. Цэвэр агаарт 30 минут орчим алхах нь таны зүрх, уушигны үйл ажиллагааг дэмжиж эрүүл бие махбод, бодол санааг бэхжүүлдэг.
Алхах нь гүйхтэй адил үр дүнтэй.

Өөрт таалагддаг, өөрийн сонирхолд нийцсэн дасгалын төрлийг олж хичээллэх нь чухал. Түүнчлэн фитнессд явах нь дасгал хийхийн хажуугаар нийгмийн харилцаагаа сайжруулах боломж байж болох юм.

Хүмүүс сэтгэлээр унасан үедээ эсвэл хэт их амжилтанд тэмүүлж “улайрсан” үедээ дасгал хийх, фитнессээр хичээллэх нь нэмэгддэг.  Тэгвэл, тогтмол дасгал хийхийн ач тус нь:

  • Илүү сайн унтаж амардаг болно,
  • Ясны бэхжилт сайжирна,
  • Дархлаа сайжирна,
  • Зарим хорт хавдрын эрсдлийг бууруулна,
  • Цусны эргэлт, уушигны үйл ажиллагааг сайжруулна,
  • Зүрхний өвчин тусах нь багасна,
  • Сэтгэл гутрал, түгшүүрийн түвшинг бууруулна.
  • Түүнчлэн дасгал хийх нь бидний өөрийн үнэлэмжийг сайжруулж, өөрийн талаарх эерэг итгэл үнэмшлээ нэмэгдүүлэхэд туслаж, стрессийн эсрэг дархлааг нэмэгдүүлж, ажлын үр бүтээмжээ дээшлүүлэх, сөрөг бодлоосоо салахад туслаж, сэтгэл ханамж, баяр хөөрийг мэдрэх боломж олгодог гээд маш олон давуу талтай.

Гэсэн хэдий ч дараах эрсдлүүдийг дагуулж байдаг:


  • Фитнессд донтох
  • Биеийн хэлбэртээ хэт шүүмжлэлтэй ханддаг болох,
  • Дасгалаас үүдэлтэй гэмтэл авах
  • Бүр зарим тохиолдолд дасгал хийж байгаад зүрх ачааллаа дийлэхгүйн улмаас гэнэт нас барах тохиолдол ч гардаг байна

Эх сурвалж:  Corey&Corey. I Never Knew I Had A Choice. 9thedition.

Б. Алтанцэцэг