Бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ ?



“Төсөөлөл бол бүтээлч чанарын эхлэл. Та хүсч буй зүйлээ л төсөөлдөг, таны төсөөлөл таныг бий болгодог, харин та хүссэн зүйлээ бүтээдэг.”
                                                                                                               Жеорж Бернард Шов

Хүмүүс бүтээлч үйл ажиллагааг хүндэлж биширдэг

Бид Бетховен, Моцартын симфони сонсож, Рембрандт, Пикассо нарын урлагийн бүтээлийг үзэж, Джоан Роулинг эсвэл Пушкиний зохиолуудыг уншиж эдгээр хүмүүсийн бүтээлч чанарыг өөрийн эрхгүй шагшин магтдаг. Нэн ялангуяа өнөөдрийн техник, технологийн эрэн зуунд бид шинийг сэдэж, бүтээж буй хүмүүсийг бишрэн шүтэж байна. Бидний ихэнх нь бүтээлч чадвар зөвхөн шилэгдмэл бүлэг хүмүүс “гоц авьяастан”-ы гарт л очдог гэж итгэдэгт л гол асуудал оршиж буй.

Гэхдээ бид бусдын адил бүтээлч чанарыг эзэмшиж болох уу ?

Бүтээлч байдалд суралцах нь:

Жирийн хүмүүс бүтээлч байдалд суралцаж болох уу ? Эсвэл бүтээлч байдал төрөлхийн чанар юм болов уу ?

Бүтээлч байдал “төрөлхийн vs олдмол” хоёрын алинд нь хамаарах вэ?

Хэрвээ бүтээлч байдлыг ургуулж, тордож болдог бол ямар хүчин зүйлүүд бүтээлч үйлийг нэмэгдүүлж бас удаашруулдаг вэ?

Бүтээлч байдал/сэтгэлгээ гэдэг нь ...

Бүтээлч чанар нь зохион бүтээх чадвар, шинэлэг байдал, аливааг өөр өнцгөөс харах чадвар болоод ойлголтуудыг өвөрмөц аргаар нэгтгэх чадваруудын цогц шинж юм. Бүтээлч хүмүүс шинэ боломжуудыг эрэлхийлдэг эсвэл асуудал шийдвэрлэхдээ нэгээс илүү шийдлийг олж харах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл тэдний “дивергент сэтгэлгээ” сайн хөгждөг.

Танин мэдэхүйн саатал:

Танин мэдэхүйн саатал нь хэрэгцээгүй эсвэл хөндлөнгийн мэдээллийг бид үл ойшоож чадахгүйн улмаас анхааралдаа авах үед бий болдог үзэгдэл юм. Өдөр тутам, цаг хором бүр биднийг маш их мэдээллээр булж байдаг зүйл аж.

Сүүлийн үеийн судалгаагаар бүтээлч хүмүүс “танин мэдэхүйн саатал”-ыг сайн зохицуулдаг болох нь тогтоогдсон. Харин бидний танин мэдэхүйн шүүлтүүр сарнимтгай бөгөөд гадаад, дотоод өдөөгчдийг ухамсарт нэвтрүүлснээр өөртөө улам түвэг уддаг байна.

Тархины үелзэлийн судалгаагаар энэ үйл явц нь тархины таламусын тусламжтай явагддаг гэжээ. Гадаад биш, дотоод орчноос ирсэн дохио, мэдээлэл, асуудлыг таламус нарийн боловсуурлж тархины бор гадарга руу дамжуулдаг. Үнэн хэрэгтээ гадаад орчны хүчин зүйл бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Судалгаанаас харахад нэгдүгээр ангид орж буй сурагчдын бүтээлч байдал нэгдүгээр ангиа төгсөх үетэй харьцуулахад харьцангуй доогуур байдаг. Уг доогуур үзүүлэлт багш нарын сурагчдад өгч буй сөрөг мессежнээс болдог ч гэж үздэг. Тэд аливааг “зөв аргаар” хий гэж хүчилдэг. Эерэг мессеж өгөн, дэмжих нөхцөл байдал нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг юм.

Бүтээлч байдал бол чадвар:

Бүтээлч байдлыг судалдаг судлаачид: “Бүтээлч байдал бол сайжруулж болдог, олон удаагийн давтлагаар эзэмшиж болдог чадвар” гэж дүгнэдэг. Бизнесийн талбарт бүтээлч байдлыг нэмэгдүүлэх олон аргыг санал болгож, хөгжүүлсэн байдаг. Уламжлалт хандлагаар бүтээлч байдал бол тодорхой бүтэцгүй, ямар нэг хэв загвар, дүрэмд баригддаггүй гэж тодорхойлдог. Энэ хүрээнд “Brainstorming” бүлэгүүд бий болж, оролцогчдыг шинэлэг, “галзуу” санаануудыг төрүүлж, бодож олохыг нь дэмжин ажилладаг. Чухал нээлт хийхийн тулд “хайрцагнаас гадна” сэтгэхийг уг бүлгүүд урамшуулж өгдөг байна.

Профессор Жакоб Голденберг: “Бид асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх өөр өөрийн гэсэн төрөлхийн сэтгэцийн хэв загвартай” гэжээ. Гэхдээ түүний үзэж буйгаар бүтээлч байдлыг үр дүнтэйгээр илрүүлж, ашиглахын тулд мэдлэг ойлголтынхоо хүрээг өрөгжүүлэх бус хязгаарлах хэрэгтэй гэнэ. Мэргэжилтнүүдийн зөвлөж буй өөр нэг ойлголт бол “өмнөх итгэл үнэмшлээ няцаан зөрчилдөх хэрэгтэй.” Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийн хийснийг хуулбарлаж эсвэл даган дуурайж байснаас тухайн салбарын дүрэм журмыг эвдэж, дахин тодорхойлох хэрэгтэй гэсэн санаа юм.

Бүтээлч байдал ба Сэтгэл санаа:

Бүтээлч байдал болон сэтгэл санаа хоорондоо холбоотой. Судалгаагаар сэтгэл санааны байдал сайхан байхын хэрээр бүтээлч байдал нэмэгддэг. Туршилтын явцад сэтгэл санааны түвшин эерэг байхын хэрээр “дивергент сэтгэлгээ”-ний даалгаварууд дээр өндөр оноо авч байжээ. Асуудлыг шийдвэрлэх явцад бэрхшээлтэй тулгарахад бид гунигтай, ууртай, бухимдсан байдалд орох нь амархан байдаг. Тиймээс “түр завсарлага” авах нь үр дүнтэй.

Ийм үед таны сэтгэл санааг өргөх хөгжилтэй үйл ажиллагаанд оролцож яагаад болохгүй гэж ? Сэргэж, хүч чадал орсоныхоо дараа асуудал шийдвэрлэх үйл явц илүү амжилттай болно.

Бүтээлч байдлыг хөгжүүлэх зөвлөмжүүд:

1.    Асуудлыг шийдэх үед чөлөөтэй сэтгэ, шүүмжлэлт бус хандлагаар ханд.
2.  “Бүтээлч урлагийн тэнгэр” хэзээ гэнэт тань дээр зочлохыг та мэдэхгүй. Тэмдэглэл хөтлөх бэлэн байдалтай байж, санаа төрмөгц цаасан дээр буулга.
3.   Сэтгэл санаа тань  тавгүй байвал гадагш гар, гүй эсвэл бүжиглэ. Бүх биеийн хүч шаардсан үйл ажиллагаа, дасгалууд сэтгэлгээнд тустай. Учир нь тархинд эндорфин (аз жаргалын гормон) ялгардаг.
4.  Тархины үйл ажиллагаанд саад болох мансууруулагч бодисоос татгалз. Нэн ялангуяа депрессантууд (сэтгэл гутралын эсрэг эм, бэлдмэл).
5.    Шинэ зүйлд байнга суралцаж, оюун ухаанаа хөгжүүл. Өөрийг тань сорих үйл ажиллгаануудыг туршаад үз. Бүтэлгүйтлээс бүү ай. Бүгд л танд тустай.
6.    Таныг амьд гэдгийг мэдрүүлэх үзэл бодол нэгтэй хүмүүстэй холбогд.
7.    Инээд хөөрийг бий болгох арга замыг олж илрүүл.

8.    Сэтгэл сэргээсэн, зоригжуулах дуу хөгжмийг олж сэтгэл санаагаа дээшлүүл.
9.   Стрессээс ангижар. Бясалгал хий. Агаарт гар. Тархиндаа “альфа долгион”-ыг ялгаруул. Энэ долгион нь тайван түвшинд үүсдэг ба бүтээлч байдлын дохио
10.  Зүүдний тэмдэглэл хөтлө. Олон агуу санаанууд зүүдэнд орж ирдэг.  

Б. Тунгалаг