Дасгал хүүхдийн тархинд эерэгээр нөлөөлдөг



Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийсний дараагаар хүүхдийн тархины үйл ажиллагаа тэр дундаа анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох, сэтгэл хөдлөлийг удирдах үйл ажиллагаа илүү идэвхиждэг болох нь батлагдсан байна. Тэр дундаа насны ангиллаар авч үзвэл 8-9 насны хүүхдүүдэд энэ нь нэлээн өндөр үзүүлэлттэй гарсан байна.

Хүний тархины үйл ажиллагаанд хамгийн сайн нөлөөлдөг зүйл бол идэвхитэй хөдөлгөөн байдаг бөгөөд бага насандаа хөдөлгөөн хийж хэвшсэн хүүхдийн тархины үйл ажиллагаа хөдөлгөөн хийдэггүй байсан хүүхдүүдтэй харьцуулахад илүү хөгжингүй бас хурдтай ажилладаг байна.

Энэ чиглэлээр хийгдсэн олон судалгаанууд байдаг бөгөөд эдгээрээс Жеоржиа их сургуулийн профессор Катерин Девис хичээлийн хоцрогдрол ихтэй өөрөөр хэлбэл сурлага муутай ахлах ангийн хүүхдүүдийг 15 долоо хоног буюу хичээлийн хагас жилийн турш идэвхитэй дасгал хөдөлгөөнд хамруулж, түүний хажуугаар хичээлийн давтлагыг өгч байсны дараагаар тухайн хүүхдүүд математик, хими, физик зэрэг сэтгэн бодох үйл шаардсан хичээлүүд дээрээ амжилт үзүүлж, ахиц гарч байсан бөгөөд тэдэнд хийсэн тархины бичлэгээр тархины бүтэц зохион байгуулалттай, эмх цэгцтэй байсан байна.

Мөн оюун ухааны үйл ажиллагааг нэмэгдүүлэх эрчимжүүлэх анагаахын арга буюу эмэн эмчилгээ болон хөдөлгөөний арга хоёрын тархинд үзүүлэх нөлөөллийг нь харьцуулсан судалгаагаар 30 минутын идэвхитэй дасгал сургуулилтын дараагаар хүний тархины сэтгэн бодох үйл оюун ухааны үйл ажиллагаанд нөлөөлөх эм, витаминыг 5 давхарлаж уусантай тэнцдэг гэсэн үр дүн гарсан байна.

Дунд сургуулийн хичээлийн хуваарийг зохиохдоо энэ онол, арга зүйг ашиглавал илүү тохиромжтой бөгөөд биеийн тамирын хичээлийн дараагаар математик, хими, физик зэрэг сэтгэн бодох үйлийн хичээлүүдийг тусгаж өгвөл тухайн хичээлийг ойлгох болон тогтоох чадвар нь бусад үеүдээс илүү өндөр байдаг.

Мөн идэвхитэй дасгал сургуулилт хийдэг хүүхдүүдийн танин мэдэхүйн зан үйл болон гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцах харилцаа, хүрээлэн буй орчин, нийгэмтэй харилцах харилцаа нь харьцангуй өндөр байдаг төдийгүй өөрийгөө удирдах, хувийн зохион байгуулалт зэрэг хувь хүн рүү чиглэсэн чадварууд нь эерэг байдлаар өөрчлөгддөг байна.

Хэдий хүүхдүүдэд идэвхитэй дасгал хөдөлгөөн эерэг нөлөө үзүүлдэг хэдий ч хэтэрхий бага насанд нь хүүхдийн биенд хэт их ачаалал өгснөөр тархины хүлээн авах байдалд сөргөөр нөлөөлж болох талтай байдгийг харгалзаж үзэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийн хөгжил ид эрчимжиж эхэлдэг 9 наснаас эхлэн хүүхдүүдэд биенд нь тохирсон дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэх нь сэтгэн бодох, болон тархины идэвхитэй үйл ажиллагаанд нь сайнаар нөлөөлдөг

Л. Сарангэрэл