Сэтгэцийн эрүүл мэнд - Дэлхийн аз жаргалын индекс
Үргэлж аз жаргалтай байх ямар нэг арга бий юу ? Мэдээж, үгүй. Гэхдээ дэлхийн хамгийн аз жаргалтай улсыг хармаар байвал, хувцсаа бэлдээд, Дани улсыг зорь. Дани улс хүйтэн, үүлэрхэг, хатуу уур амьсгалтай хэдий ч “Дэлхийн аз жаргалын индекс”-ээр нэгдүгээр байранд бичигджээ. Нар, далайн эрэг, тааламжтай уур амьсгал аз жаргалтай болгодоггүй нь мэдээж юм.
Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай газар
Дани улсыг “хамгийн аз жаргалтай” болгоход юу нөлөөлөв ?
Хүний нөөцийн мэргэжилтэн Christine Skelbæk Karsberg Даничууд өөрсдийгөө хамгийн аз жаргалтай гэж үнэлсний учир нь тэдний нийгмийн харилцаа (шинэ харилцаа холбоо тогтоох байдал) хийгээд эрүүл мэндийн системтэй холбоотой. “Даничууд оюутан, хөгшид, ажилгүй хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоохдоо сайн. Үнэндээ иргэн бүр манай эрүүл мэндийн системийн талаар гомдол гаргах дуртай, эмнэлгийн сайн тусламж үйлчилгээ авах нь чухал хүчин зүйл болдог гэжээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайн, нийгмийн харилцаа нь аз жаргалтай байхын үндэс гэдэг дүгнэлтийг University of Leicester – ийн сэтгэл судлаач Adrian White – ийн хийсэн аз жаргалын асуулгуудын мета-анализ дахин баталжээ. Уг мета-анализ нь НҮБ-ын Хүний хөгжлийн тайлан, Латинобарометр, Афробарометр-н асуулга; ЮНЕСКО, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагуудаас гаргасан тоо баримтыг бүгдийг нэгтгэн дүгнэдэг шкал юм.
Судалгааны үеэр оролцогчдод амьдралынхаа аз жаргал, сэтгэл ханамжийг үнэлэх даалгавар өгчээ. Мета-анализаар эрүүл мэнд, эд хөрөнгө, боловсролын хүртээмж, дайн, өлсгөлөн болон үндэстний амжилт нь аз жаргалд хэрхэн нөлөөлдгийг холбон судалжээ. Мета-анализын үр дүнд улс үндэстний аз жаргалын түвшин дараах байдлаар холбоо хамааралтай болох нь тогтоогдсон байна. Эрүүл мэндийн түвшин (0.62 корреляци), эд хөрөнгө (0.52 корреляци) мөн боловсролын хүртээмж (0.51)
Гэхдээ эрүүл мэнд, эд хөрөнгө мөн боловсролын хүртээмж гурваар л Даничуудыг бусад үндэстнүүдээс илүү аз жаргалтай гэж тайлбарлахад хангалтгүй. Эрүүл мэндийн түвшин ба боловсролын хүртээмж ихэнхи Скандинавийн орнуудын хувьд маш төстэй ч тэд аз жаргалын хэжүүрээр тийм ч дээгүүрт бичигддэггүй. 178 орноос Швед 7, Норвег 19-т жагссан байна.
Дани улсыг Швед, Норвег-с ялгаж байгаа нэг зүйл бол хүн амын нягтаршил юм. Хүн ам ихтэй хотод ч бид ганцаараа гэдгээ мэдэрдэг. Гэхдээ 43,098 км2 талбайтай, 5.5 сая хүн амтай улсад алслагдмал байна гэдэг хэцүү. Nicholas Christakis болон James Fowler нарын үзэж байгаагаар аз жаргалтай байх эсэх нь бидний нийгмийн харилцаагаар хэмжигддэг. Нийгмийн харилцааны хүрээнд аз жаргал хүмүүсийн хооронд 3 дахин дамждаг, түүнээс биш газар нутгийн нягтаршил том байна уу, жижиж байна уу чухал биш гэнэ. Бидний хэлсэн, хийсэн бүхэн бидний нийгмийн харилцаанд нөлөөлж байдаг. Жишээлбэл, та аз жаргалтай байвал таны найз аз жаргалтай байна (1 түвшин). Таны найз аз жаргалтай байвал, таны найзын найз аз жаргалтай байна (2 түвшин). Таны найзын найз аз жаргалтай байвал, таны найзын найзын найз аз жаргалтай байна (3 түвшин). Үүнийг “3 түвшиний нөлөө” гэж нэрлэдэг.
Аз жаргалд сөрөг тодорхойлолт гэж байдаггүй
Adrian White мета-анализынхаа үр дүнд аз жаргал гэдэг нь сөрөг хүчин зүйлсийн дунд (өлсөх, эдгэрэшгүй өвчин, ганцаардал г.м.) орших боломжгүй гэжээ.
Энэ үр дүнг сүүлд хийгдсэн нэгэн тархины судалгаа мөн баталж байгаа юм. University of Wisconsin - ний Richard Davidson болон түүний багийнхан аз жаргал бий болоход тархинд ямар өөрчлөлт гардгийг судалжээ. “Сэтгэл хөдлөлийн тархи” болох амигдала дахь айдсын төв болон тархины баруун тал бөмбөлгийн идэвхжилт багасч; сэтгэн бодох, шийдвэр гаргах, логик сэтгэлгээг хариуцсан зүүн тал бөмбөлгийн идэвхжил нэмэгддэг болох нь тогтоогдсон.
Яаж хоолоо олж идэх үү ? Эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж яаж мөнгө олох уу ? Маргааш ажилтайгаа байх уу ? гэсэн байнгын зовнилтой байх нь аз жаргалтай байлгаж мэдээж чадахгүй. Айдас, аз жаргал хоёр бол эсрэг тэсрэгийн сэтгэл хөдлөл. Гэхдээ айдасгүй байх нь аз жаргалтай болгочихгүй. Аз жаргалтай байхын тулд бид өөрийн үнэлэмжтэй мөн өөрийн гэсэн зорилготой байх ёстой. Сайн боловсрол эзэмшиж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нь бид өөрсдийгөө онцгой гэж мэдэрч, амьдралаа утга учираар дүүргэхэд тусалдаг.
Хүлээн зөвшөөрөх нь Аз жаргалд хүргэх зам
Нийгмийн хүчин зүйлүүд ихэвчлэн бидний хяналтаас гадуур байдаг. Гэхдээ хэрвээ нийгмийн нөхцөл байдал гайхалтай сайхан, таатай байсан ч бид аз жаргалгүй байсаар байвал яах вэ ? Бидний аз жаргалгүй байдал “дарагдсан сэтгэл хөдлөл”-өөс хамаарч байж болох юм. Позитив сэтгэл судлаач, Харвардын просфессор Tal Ben Shahar – ийн аз жаргалын сургалтанд 800 гаруй хүн хамрагдсан ба түүний үзэж буйгаар аз жаргалтай болох хамгийн эхний алхам бол зовлонт сэтгэл хөдлөлүүдээ хүлээн зөвшөөрөх юм. Хүлээн зөвшөөрнө гэдэг бол аз жаргалд хүрэх зам юм. Бид аз жаргалгүй байхдаа бидний амьдралыг илүү дээр байлгах зүйлүүдийг хүсдэг. Бид ажилттай яваа хамтрагч шигээ илүү их мөнгө олохыг хүсдэг. Өөр хүнийг сонгоод явсан найз залуу/бүсгүйгээ эргээд ирэхийг нь хүсдэг. Зарим тохиолдолд бидний хүссэнээр өөрчлөлт хийж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд бидний хийж чадах зүйл бол юмсыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм. Бидний чадлаас хэтэрсэн зүйл байдаг гэдгийг ойлгож, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх үед л бид жинхэнэ аз жаргалтай байж чадна.
Хайр болон Гэрлэлт аз жаргалд нөлөөлөх нь
Харилцааны эхний шатанд бидний тархи маш их дистресс-нд орсон үетэй адил ажилладаг. Айдас, түгшүүрийг хариуцсан тархины төв маш идэвхжисэн байдаг ба ухаалаг шийдвэр гаргах үйл явцыг хариуцдаг тархины зүүн тал бөмбөлөг түр сааталд ордог. Бие махбоди болон үгэн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тархины бүтэц мөн адил ийм эрүүл бус шинжтэй байдаг.
Бидний аз жаргалд хамгийн их нөлөөлдөг хайрын хэлбэр бол найз нөхөр, үр хүүхэд, хайр дурлал юм. Эрүүл бус “обсессив”, “диваажин ба там”-ын хайраас ялгаатай нь энэ хайр нь эерэг нөлөө үзүүлдэг. Энэ төрлийн хайр нь хүн өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгээ мэдэрч, амьдралын утга учираа бий болгоход нь тусалдаг юм. Тоо баримтаас харахад гэрлэлт нь аз жаргалын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг. “Гэрлэсэн хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол илүү аз жаргалтай байдаг. Гэхдээ энэ бол шалтгаан-үр дагаврыг илэрхийлсэн хэрэг биш, харин холбоо хамаарлыг илтгэж байгаа юм.
Манай улс Дэлхийн аз жаргалын индексээр 102-т жагсжээ. Дашрамд дурьдахад, "Bloomberg Mongolia"-ийн гаргасан жагсаалтаар дэлхийн хамгийн стресс өндөртэй орноор Монгол 4-р байрт орсон байна. Үүнд дотоодын нийт бүтээгдхүүн, авилгал, орлого, ажилгүйдэл, орчны бохирдол, дундаж наслалт зэрэг хүчин зүйлсийг харгалзан дээрх дүгнэлтэнд хүрсэн байна. Та аз жаргалтай байна уу ? Монголчууд бид аз жаргалтай байна уу ? Хэн нэгэн таныг аз жаргалтай болгоно гэж хүлээж суух биш, та өөрөө өөрийнхөө аз жаргалыг олох хэрэгтэй.
Б. Тунгалаг
Эх сурвалж:
1. World map of happiness
2. “People who post smiley photos on Facebook/Frowners attract happy friends”; Nicholas Christakis and
3. James Fowler; 2008.
4. Lab for Affective Neuroscience [http://psyphz.psych.wisc.edu/]
5. Five Ways to Become Happier Today [http://bigthink.com/ideas/16660]
6. Love Sick: Love as a Mental Illness; Frank Tallis; 2005.
Your blog is a valuable resource—thank you for sharing. Also check the the colony municipal court
ReplyDelete