Хамгийн сонирхолтой 12 сэтгэл зүйн дэмийрэл ба синдромууд


Түр зуурын явдлаас хэвийн байдалд шилжих хүртэл, мөн сэтгэцийн хүнд өвчтөнд хүртэл төөрөгдөл нь янз бүрийн байдлаар илэрч болно. Парисын синдром, Отелло синдром гэх мэт ...

Энэ бүх дэмийрлийн хам шинж бүрт нэг ижил зүйл бий. Тэр бол бодит байдлаас бий болсон зүйл. Итгэх эсэх нь таны хэрэг ч баримттай мэдээллийг танд хүргэж байна.

1. “Алиса гайхамшгийн оронд” синдром

Зохиолч Льюис Кероллын романы нэрээр нэрлэгдсэн аливаа зүйлийн бодит хэмжээ, орон зай, цаг хугацааг ихэсгэж, багасгаж, томруулж жижигрүүлж хүртдэг синдром. Зовж шаналж байгаа хүн нь аливаа бодит зүйлийг харахдаа байгаа байдлаас нь хэт жижгээр эсвэл хэт томоор хардаг. Тэд мөн цаг хугацааг ч ойлгоход хүндрэлтэй байж, баримжаагаа алддаг байна.

Энэ нь нийтлэг төөрөгдөл ба оюун ухааны эрүүл байдалтай огт холбоогүй аж. Ийм синдром тусч байсан хүмүүсийн хэлж буйгаар унтахаас нь өмнө эсвэл хүүхэд ахуйд тохиолдох нь элбэг байдаг юм байна. Энэхүү төөрөгдөл нь толгой таллаж өвдөх өвчнөөс үүдэх нь элбэг бөгөөд Зохиолч Льюис Кэролл ч энэхүү өвчнөөс болж шаналж байсан бөгөөд, энэ нь түүнийг “Алиса гайхамшгийн оронд” зохиолоо бичихэд нь нөлөөлсөн ч байж болох юм.


2. Котардын синдром

Бидний мэдэхээр “Алхаж буй үхдлийн синдром” ч гэж нэрлэгддэг Котардсын синдромтой хүн өөрийгөө огт оршин байдаггүй, эсвэл дотоод эрхтэнгүй болсон гэж боддог. Котардсын синдромтой хүн бусад хүмүүсээс маш их зайгаа барьдаг бөгөөд өөртөө зохих ёсоор анхаарал тавьж чадахгүй байх хандлагатай. Ер нь Котардсын синдромоор шаналж буй хүмүүс өөрсдийгөө оршин байгааг үгүйсгэдэг учраас бодит байдлыг ч мөн утгагүй, биегүй гэж үзэх нь мэдээжийн хэрэг юм. Энэхүү синдром нь шизофрени өвчтэй хүмүүсийн дунд элбэг байдаг.

3. Капграсын төөрөгдөл

Неврологийн шинж тэмдгээрээ Котардсын синдромтой төстэй боловч зарим шинжээрээ ялгаатай. Тухайлбал гэрийнхэн, найз нөхөд гэх мэт ойр дотны хэн нэгнийг гэнэт танихаа больдог бөгөөд хэдхэн мөчийн дараа танихгүй байсан хүн нь хувцсаа сольсон, үсээ янзалсан гэх мэт өмнөхөөсөө арай өөрөөр өөрчлөгдөх хэлбэрээр хүртэгддэг дэмийрэл юм. Капграсын төөрөгдлийг анх судалж тогтоосон Францын мэдрэлийн эмч Жосеф Капграсын нэрээр нэрлэсэн аж. Капграсыг шизофренитэй хамтатгаж ойлгодог ч энэхүү төөрөгдөл тархины гэмтэл болон тэнэгрэлээс үүсэлтэй аж.

4. Хоёулаа солиоръё

Солиорол хуваалцах буюу “Хоёулаа солиоръё” гэсэн франц үгнээс гаралтай хамгийн онцгой нэршил бүхий синдром. Албан ёсны нэр нь “Солиорох эмгэгийн хуваагдал”. Хоёр болон түүнээс ч олон, ихэвчлэн ойр амьдардаг хүмүүс хамтдаа сөрөг зан үйл бүхий үйлдэл хийдэг байна.

5. Бодолд автуулах эмгэг

Бодолд оруулах эмгэг бол тухайн өвчтөний бодолд бусад хүмүүс нөлөө үзүүлж байгаа юм шиг санагдах байдлаар илэрдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүний бодол нь  өөрийнх нь бус өрөөлийнх байдаг аж. Ухаан бодол нь сарниж, бусдад шүүмжлэлтэй хандана. Бодолд автуулах эмгэг нь шизофрени эмгэгийн шинж тэмдэг болдог.

6. Парис синдром

Парис синдром гэдэг нь Парист ирсэн жуулчдад тэрхүү “Гэрэлт хот” төсөөлж байсан хүлээлтэнд нийцэхгүй үед тохиолддог. Тэд хавчигдмал байдал, айдас түгшүүр болон бусад биеийн таагүй шинж тэмдгийг мэдэрдэг байна. Парисын синдром нь хошигнол мэт сонсогдож болох ч жил бүр Японоос ирдэг хорин жуулчин тутамд тохиолддог байна. Япончууд Парисын тухай үлгэрийн мэт сайхан төсөөлөлтэй байдаг учир зарим хүмүүс үүнийг соёлын шокноос үүдэлтэй ч гэж үздэг. Энэхүү синдромыг эмчлэх түгээмэл арга нь зүгээр л эх орон руугаа буцах явдал юм.


7. Иерусалим синдром

Зорьж ирсэн жуулчдад сэтгэл зүйн асуудал үүсгэдэг хот ганцхан Парис биш юм. Иерусалимд ч мөн адил ийм зүйл тохиолддог аж. Иерусалимд ирсэн зарим хүмүүс хотын уур амьсгалд хэт автаж тога[1] өмсөж, библийн ишлэлүүдийг уншин хашгирч, олон нийтийн өмнө номлол үйлдэж эхэлдэг байна. Судлаачдын тооцоолж буйгаар бол энэхүү синдромоор эмнэлэгт хэвтэх хэрэгтэй хүмүүсийн тоо жилд ойролцоогоор 40 байдаг гэсэн таамаглал байдаг. Парисын синдромын адил гэр лүүгээ буцах нь хамгийн энгийн эмчилгээ юм.

8. Отелло синдром

Отелло синдром бол бидний сайн мэдэх У.Шекспирийн “Отелло” жүжгийн нэрээр нэрлэгдсэн. Хэдий нотлох баримт байхгүй ч гэлээ тухайн өвчтөний хууртагдаж, араар тавиулж байна гэсэн бодол, итгэл үнэмшил нь түүнийг зүгээр ч нэг түгшүүртэй, зовлонт байдалд биш маш хүчтэй зовлонт байдалд хүргэдэг байна. Тэрхүү сэжиглэлт нь тухайн хүнийг байнгын түгшүүртэй, тогтворгүй нөхцөлд оруулдаг сөрөг нөлөөтэй. Отелло синдромтой хүмүүс байнгын хамтрагчаа мөрдөж, шалгах бөгөөд хаана байгааг нь байцааж, зарим хүнд тохиолдолд хүчирхийлэл хэрэглэх нь ч бий.

9. Экбомын синдром

Экбомын синдром нь хар дарсан зүүдний нэг хэсэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Тухайлбал хайпохондрий буюу хүний биед шимэгч хорхой үүрлэсэн байна гэж боддог нь энэхүү синдромын гол онцлог. Ийм хам шинжтэй хүмүүсийн эмгэгийг 1930 онд анх энэ талаар бичиж эхэлсэн Шведийн неврологич Карл Аксел Экбомын нэрээр нэрлэсэн. Мөн сюрриализмын нэрт төлөөлөгч Сальвадор Дали ийм өвчинтэй байсан гэж үздэг байна.

10. Клиникийн лайконтропи

Клиникийн лайконтропи бол хүнээс амьтан болж байна гэж итгэх үйл явц юм. Бид бүхний төсөөлөлд ойр байдаг  хүнээс чоно болох бус харин мэлхий, зөгий, шувуу, тэр ч байтугай бүр өчүүхэн жижиг шимэгч хүртэл хувирч байна гэж өөрийгөө мэдрэх хам шинж юм. Энэ нь маш ховор тохиолддог.

11. Дахин хуулбарлагдсан мартах эмгэг

Ихэвчлэн тархины гэмтлээс үүсдэг бөгөөд тухайн хүний байгаа газар, байршил өөр хаа нэгтээ солигдсон, эсвэл хуулбарлагдсан, яагаад ч юм шилжчихсэн байна гэдэгт итгэдэг эмгэг. Толгойдоо гэмтэл авсан цэргүүд хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг нь өөрийнх нь амьдардаг хотод байна хэмээн итгэх тохиолдлууд олон бүртгэгдсэн байдаг байна. Котардсын болон Капграсын хам шинжтэй илрэх шинж тэмдгээрээ адил талтай ч газар нутаг, эд зүйлс шилжсэн байна гэж хүртдэгээрээ ялгаатай.

12. Хос субьектийн синдром

Тухайн өвчтөнд огт өөр танихгүй хүн өөртэй нь ав авилхан харагдах ба зарим тохиолдолд гэр бүлийнхнийхээ хэн нэгнээс, эсвэл  гадны хүнээс өөрийнхөө төрхийг олж харж, ижилсүүлэх тохиолдол ч бий. Зарим тохиолдолд өвчтөн өөрийнх нь царай төрхийг хулгайлсан хэмээн андуурч буй хүндээ бие махбод болон сэтгэл санааны хохирол учруулах нь ч бий. Энэхүү хам шинж нь маш ховор байдаг хэдий ч хамгийн түгээмэл байдаг шизофрени өвчтэй хүмүүсийн өвчний хүнд үед ажиглагддаг.


[1] Уламжлалт өмсгөл
Эх сурвалж:
Л. Эрдэнэбаяр “Сэтгэц эмгэг судлал” УБ., 2012
Ryckman, Richard M. (2007). Theories of Personality (9th ed.)
С. Бямбасүрэн “ Сэтгэцийн эмгэг судлал “ 2007. 547-5507х
 spring.org.uk

Д. Лхамсүрэн