Уулга алдах сэтгэлзүй


Хэлзүйн сэтгэл судлаачдын судалгаагар хүмүүс утас болон интернетээр харилцахдаа “ммм”, “аан” гэх зэргээр “уулга алддаг” бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн “уулга алдах” байдал хүртэл хоорондоо ялгаатай байдаг байна.
Хүмүүс яагаад уулга алддаг вэ гэдэг асуулт сэтгэл зүйчид болон хэл шинжлэлийн салбарын судлаачдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд тэд энэ талаар өөр өөрсдийн тайлбарыг өгдөг.  “Хүмүүс зүгээр л ухамсаргүйгээр, өөрөөр хэлбэл сайтар тунгааж бодолгүйгээр нэг л мэдэхэд янз бүрийн байдлаар “уулга алдаж” байдаг” гэж сэтгэл судлаачид тайлбарладаг. 
Түүхийн хуудаснаас үзэхэд энэ талын онол хандлагыг хамгийн анх алдарт сэтгэл зүйч З. Фройд нээсэн бөгөөд хүмүүс өөрийн ухамсаргүй үйлдлээр хэллэгийн алдаа буюу “уулга алдах” үзэгдэлд өртдөг бөгөөд энэ нь хэвийн ойлгомжтой ярих чадвараа алдах нэг төрлийн эмгэг юм гэсэн санааг дэвшүүлж байжээ. Түүний энэ санаан дээр тулгуурлан 1980-аад оны дундуур хэл зүйн сэтгэл зүйчид хүний тархи хэрхэн хэл яриаг бий болгодог талаар судалж эхэлсэн байна.
Харин сүүлийн үед хийгдэж байгаа туршилт судалгаанаас үзэхэд “уулга алдах” нь хүмүүс хоорондоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө маш товч бөгөөд тодорхой байдлаар илэрхийлэх нэг арга гэж үзэх болсон байна. Пенсилванийн их сургуулийн хэл шинжээч Марк Либерман “Хүмүүс хоорондын харилцаа амьд бус болсон энэ үед өөрсдийн бодол санаагаа илэрхийлэхдээ урт өгүүлбэрээр биш зүгээр л энгийнээр илэрхийлэх үзэгдэл бий болсон бөгөөд хамгийн сонирхолтой нь “уулга алдах” байдал нь хүйсийн хувьд харилцан адилгүй өөр өөр байна.” гэжээ.
Түүний явуулсан судалгаанаас үзэхэд ихэвчлэн эмэгтэйчүүд “ммм”, гэдэг бол эрэгтэйчүүд “аан” гэж уулга алддаг байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд энэ талаар тайлбарлахдаа “аан” гэснээс “ммм” гэх нь арай эелдэг бөгөөд тухайн хүнд таатай сэтгэгдэл төрүүлдэг, “аан” гэх бол бага зэргийн үл тоосон, анхаарал бага хандуулж байгаа мэт сэтгэгдлийг үлдээдэг гэсэн бол эрэгтэйчүүд “аан” гэж хэлж байгаа нь тухайн асуудал үнэхээр анхаарлыг нь татаж байгааг илэрхийлдэг гэсэн байна.
Өөр нэгэн сонирхолтой судалгаанаас үзэхэд нэг хүн дунджаар өдөрт 5-аас доошгүй удаа “ммм”, “аан” гэх үгсийг ашигладаг бөгөөд ийм байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдал эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог байна. Мөн энэ “уулга алдах” байдлаас болж хоорондоо үл ойлголцсон хүмүүсийн тоо нэлээдгүй байдаг бөгөөд ялангуяа хосууд /харилцаа дөнгөж эхэлж байгаа хүмүүс/ дунд энэ байдлаас үүдэж бие биенийхээ бодол сэтгэл хөдлөлийн илэрхийллийг буруу ойлгосноос маргаан гарах тохиолдол ч байдаг байна.  
Л. Сарангэрэл