Та хүүхдэдээ сайхан дурсамж үлдээж чаддаг уу?
Бид бүгд л хүүхдэдээ хайртай. Тэдэндээ хамгийн сайныг хүсч, хүүхэд насыг нь сайхан дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Ингэхдээ бид төрөл бүрийн үнэтэй, чамин тоглоом авч өгөх, тансаг амралтын газар дагуулж явах, сүүлийн үеийн загвар бүхий хувцас авч өгөх зэргээр анхаарал тавихыг оролддог. Гэхдээ иймэрхүү үйлдлүүд хүүхдэд хожим нь дурсах үнэтэй дурсамж болж үлддэг үү эсвэл дараа нь огт санадаггүй юм болов уу?
Харвардын Бизнесийн сургуульд хийсэн судалгаагаар бид өнгөрсөнд болсон зүйлсээ эргэн дурсах хичнээн сонирхолтой байдгийг дутуу үнэлдэг бөгөөд жижиг сажиг зүйлсийг хожим нь их дурсдаг гэжээ. Иймд эцэг эхчүүд сайхан дурсамж үлдээхийн тулд заавал нүсэр том зүйл бэлдэх шаардлагагүй, өдөр тутмын жижиг хэвшлүүд тогтооход л хүүхдэд дараа нь үлдэх тод дурсамж болдог байна. Ингээд өдөр тутмын жижигхэн үйлдлүүдээр дурсамж үлдээж болох 8 санааг танилцуулъя:
1. Гутлын дэлгүүр. Үүдний өрөөндөө хаалгатай ойролцоо нэг жижиг сандал тавих, эсвэл нэг буланг зориудаар гаргаж "Гутлын дэлгүүр" гэж нэрлээд хүүхдүүдээ зочлохыг урь. Энд та нар гутлаа өмсөж, үдэж, гарахад бэлдэнэ. Энэ нь хүүхдийг гарахад түргэн бэлэн болгох бөгөөд том болоод үүнийг "гутлын дэлгүүр явах" хэмээн санах болно.
2. Өглөөний мэнд. Хүүхдүүдээ сэрээдэг тогтсон уламжлал бий болго. Үнсэх, чихмэл тоглоом тэврүүлэх, өөрөө зохиосон сэрүүлэгний дуу дуулах,нохойгоо хүүхдийнхээ орон дээр үсрүүлэх гэх мэт.
3. Тантай хамт бүжиглэж болох уу? Оройн хоолоо идсэний дараа хөгжим тавьж, хүүхэдтэйгээ хэдэн минут бүжиглэ.
4. Оройн сүү. Орой унтахын өмнө хүүхдээ хамт юм уухыг урь. Цай, шоколадтай эсвэл ердийн сүү гэх мэт.
5. "Тэр"-Өдөр. Долоо хоногийн гаригуудад нэр өг. Дессерттэй Даваа гариг, Хүүхдийн сонголтын Лхагва гариг, Буузтай Бямба гариг гэх мэт. Хүүхэд тухайн өдөр юу идэхийг мэдэхээс гадна танай гэр бүлийн тусгай уламжлал бий болно.
6. Хань тат. Ямар нэг тодорхой зүйл хийхдээ хүүхдээ хажууд чинь байж, хань болохыг хүс. Хувцас эвхэх, бэлэг боох, гурил зуурах гэх мэт. Энэ үедээ хүүхэдтэйгээ элдвийг хөөрөлд.
7. Сонин хуучлах. Энэ долоо хоногт болсон үйл явдлуудаас хүүхдийн насанд тохирсон, сонирхолтой сэдвээр нь ярилц. Сүүлийн үед борлуулалт сайтай байгаа тоглоом, тамирчны гайхалтай амжилт, амьтны ертөнцийн сонин хачин гэх мэт.
8. Унтлагын ёслол. Хүүхдээ унтуулахын өмнө хийдэг жижигхэн ёслолтой бол. Бие биенийгээ үнсэх, хүүхдийнхээ толгойг илэх, тогтсон байдлаар хөнжлөөр нь хучих гэх мэт.
Бага насны сайхан дурсамж үлдээсэн зүйлс огт санамсаргүй болсон, эсвэл хөгтэй жижигхэн явдлууд байдгаас биш үнэтэй арга хэмжээ байх нь ховор байдгийг санаарай. Таны бага насны хамгийн мартагдашгүй дурсамж юу байсан бэ?
Gratitude for the generosity in sharing your expertise. Also check the cabell county magistrate court
ReplyDelete