Сэтгэлийн археологич Алберт Эллисийг дахин дурсацгаая
Сэтгэл судлалын онолууд, зөвлөгөөний чиглэлүүдтэй танилцаж байхад Алберт Эллисийн тухай (1913- 2007) цөөнгүй удаа дурьдагддаг. Тэрээр маш нөлөө бүхий сэтгэл судлаач, сэтгэл засалч, философич хүн байсан юм.
АНУ-ын клиник сэтгэл судлалын холбооны гишүүдийн дунд явуулсан “сэтгэл заслын түүхэнд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан хүн ” судалгаагаар:
- Карл Рожерс,
- Алберт Эллис,
- Зигмунд Фрейд нар жагсжээ.
1980-аад онд үүнтэй төстэй судалгааг Канадад авахад Алберт Эллис нэгдүгээр байранд жагсаж байжээ. 2013 онд АНУ, Хавайд болсон Америк Сэтгэл Судлалын Холбооны ээлжит уулзалтаар Алберт Эллис-д “Сэтгэл судлалын түүхэнд амьдралынхаа туршид ихээхэн хувь нэмэр оруулсан” гэсэн цол өргөмжилжээ. Мөн Бандура, Скиннер, Кларк, Герберт Симон, Даниел Кехмен нар ч гэсэн Эллисийн адилаар дээрх шагналыг хүртэж байжээ.
Эллис өөрийнхөө бодож олсон REBT (Rational Emotive Behavior Therapy) хэмээх сэтгэл заслын аргаараа бараг бүх сэтгэл судлаачдын дунд танил болсон. Уншигч та түүний сэтгэл заслын талаар дэлгэрүүлж судлахыг хүсвэл дурын сэтгэл судлалын ном, сэтгүүл, интернетийг ашиглаж болно. Тэдгээрт REBT, ABC аргуудын талаар түвэггүй, ойлгомжтойгоор бичсэн буй. Угаас түүний арга ойлгоход ч, ашиглахад ч тун энгийн юм.
Түүний философи, онолын үзэл зэргийг тусгасан алдартай эшлэлүүдээс хүргэж байна. Дараах ишлэлүүд уншигч танаа Алберт Эллисийн онолын талаар өчүүхэн ч гэлээ хэрэгтэй ойлголт өгөхийн зэрэгцээ таны өдөр тутмын амьдралд хэрэг болно гэж найдаж байна:
- Хүмүүс өөрөө л өөрсдийнхөө сэтгэлийш шархлуулдаг гэдгийг бид (REBT сэтгэл засалчид) өөрт нь ойлгуулахыг хичээдэг. Бид өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй, тиймээс бид үйлчлүүлэгчдийнхээ өнөөдрөөр хэрхэн бодож, мэдэрч, үйлдэж байгааг өөрчилдөг.
- Ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр өөрсдийгөө байгаа чигээр нь хүлээж ав гэж би байнга хэлдэг.
- Миний бодлоор сэтгэл засал болон сэтгэл судлалын ирээдүй нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын систем рүү чиглэнэ. Бид бүх хүүхдүүдэд хэрхэн өөрсдийгөө сэтгэлээр унагаах вэ бас энэ үед хэрхэн сэтгэлээ засах вэ гэдгийг заах хэрэгтэй байна.
- Хүмүүс зүгээр л сэтгэлээр уначихдаг юм биш, бид өөрсдийгөө л өөгшүүлдэг.
- Бодит ертөнцөд амжилттай амьдрахад бидэнд бодит сэтгэлгээ (рационал сэтгэлгээ) л хэрэгтэй.
- Би дахин хэлье, шашны бүх хүмүүжил нь үнэн хэрэгтээ биеэ даагаагүй хүүхдийн төрхийг л бий болгодог.
- Хэн нэгэн таныг бэлгийн хүчирхийлэлд оруулсан гэж бодьё, гэлээ ч танд сонголт байсаар байна, өөртөө болсон үйл явдлын талаар юу гэж хэлэх (үнэмшүүлэх) вэ гэдэг.
- Бусад хүмүүс юу гэж бодоход ач холбогдол өгөхгүй байснаараа би өөрийнхөө бодох боломжтой болсон, өөрийнхөө санаануудыг дэлгэрүүлэх боломжтой болсон, эцэст нь амжилтанд хүрсэн.
- Сэтгэл гутрал үүсэхэд гар бие оролцсон хүн бол та өөрөө, түүнээс биш танд анхнаасаа сэтгэл гутрал өгөгдсөн зүйл ч биш юм. Түүнчлэн, зөвхөн та л сэтгэл гутралаасаа гарч чадна.
- Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү бодитоор сэтгэдэг гэсэн ямар ч нотолгоо байхгүй, хоёр хүйс хоюулаа адил бодит бус (иррационал) сэтгэдэг бололтой.
- Хүмүүс өөрсдийг нь юу зовоогоод байгаад маш их анхаарал хандуулдаг хэрнээ үүнийгээ өөрчлөх зүйл бараг л хийдэггүй.
- Дараах гурван “ёстой” биднийг хойш нь татаж байдаг: Би үүнийг сайн хийх ёстой. Чи надад сайхан хандах ёстой. Эцэст нь, дэлхий ертөнц “амархан” байх ёстой.
Эх сурвалж:
Wedding, Corsini. Current Psychotherapies. 10th edition.
Also check the wallkill court
ReplyDelete