Америкт анти-депрессийн хэрэглээ 400% нэмэгджээ (SSRI бэлдмэл)
Стероид, таргалуулах, тураах эм бэлдмэлүүд, янз бүрийн үйлчилгээтэй витаминууд, толгой өвдөхөд уудаг эм бэлдмэл, шүд өвдөхөд хэрэглэдэг эм гээд л эмийн бүтээгдэхүүнүүдийн талаар бид хангалттай сайн мэднэ. Тэд ямар үр нөлөөтэй, сайн муу талтай, хэрхэн хүний биед нөлөөлдөгийг бараг эмчээс дутахгүй мэдэх байх шүү. Харин таны “сэтгэлийг эмчилдэг” эмүүдийн талаар та хэр мэдээлэлтэй вэ ? Маш энгийнээр тайлбарлавал таны сэтгэл санааны шалтгаантай болон шалтгаангүйгээр удаан хугацаагаар тавгүй байгаа, гуньж гутарсан, яаж ч хичээгээд юу ч хийгээд дээрдэхгүй байгаа, магадгүй амиа хорлох бодол ч төрж байж болох юм. Энэ үед (өөрөөр хэлбэл сэтгэл гутралд өртсөн үед) танд эмч, сэтгэл судлаач нар сэтгэл заслын эмчилгээ хийлгэхээс гадна сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эм уухыг зөвлөдөг. Энэхүү нийтлэлээрээ сэтгэл гутрал (депресс ч гэж хэрэглэсэн болно)-ын эсрэг эмүүд, ялангуяа SSRIs төрлийн эмүүдийн талаар мэдээлэл өгөхөөр бэлдлээ (Жич: Энэ нийтлэл нь эмийн тухай шинжлэх ухааны мэдээлэл бөгөөд сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг санал болгоогүй. Уншигчдын эмийн хэрэглээний хариуцлагыг манайх хүлээхгүй ).
SSRIs гэж юу вэ?
SSRIs гэдэг нь сэтгэл гутрал (depression) -ын эсрэг хэрэглэгддэг тодорхой төрлийн бэлдмэлүүдийн нэгдсэн нэршил бөгөөд зөвхөн сэтгэл гутралаас гадна, түгших эмгэг (anxiety disorder) , үл ялиг зовлонт бодлын эмгэг (obsessive-compulsive disorder), хэт их идэх эмгэг (bulimia), сандрах эмгэг (panic disorder) зэргийг эмчилгээнд хэрэглэгддэг байна.
Неврологчдын (Мэдрэл судлаач) судалгаагаар сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүсийн тархин дах серотонины хэмжээ харьцангуй багасдагийг өгүүлдэг, түүний хэмжээг тэнцвэртэй хадгалах бэлдмэлийг гаргаж авсан нь SSRIs (Selective serotonin reuptake inhibitors). SSRIs-д харьяалагдах олон төрлийн эм бэлдмэлүүд байдгаас түгээмэл тархсан эмүүдийн нэг нь “прозак” юм.
SSRIs хэрхэн ажилладаг вэ?
Эхлээд тархи ямар нөлөөтэй болохыг маш энгийнээр тайлбарлах гээд үзье. Тархи маш олон мэдрэлийн эсүүд, эсийн холбоостой. Мөн тархинаас олон төрлийн химийн бодис ялгарах ба тухайн бодис шингэж алга болохоос өмнө буюу мэдрэлийн эсүүд дээр байрлах хугацаанд бид тухайн бодист хамаарах уурлах, гутрах, баярлах гэх мэт олон төрлийн мэдрэмжүүдийг хүлээн авдаг.
SSRIs нь тархинаас ялгарсан серотонин хэмээх бодисын шингээлтийг удаашруулж, түр болон мэдэгдэхүйц урт хугацаагаар мэдрэлийн эсийн (nerves) хоорондын холбоос (synapse) дээр байрлуулдаг. Энэ нь тухайн мэдрэлийн эсүүдийн хоорондын харилцааг идэвхжүүлнэ, ингэснээр зан байдлыг зохицуулагч тархины хэлхээ бэхждэг. Өөрөөр хэлбэл, тархины тодорхой хэсэгт серотонин удаан хадгалагдаж, удаан шингэх тусмаа хүн баяр хөөртэй сэргэлэн цовоо байдаг байх нь. Харин SSRIs нь бусад Шингээлтийг Удаашруулагч (Reuptake Inhibitors) – уудын адилаар тархинаас ялгарах химийн бодисын шингээлтийг удаашруулдаг ч зөвхөн серотонин гэх бодис дээр ажиллахаар бүтээгдсэн нь бусад сөрөг нөлөөллийн хэмжээг багасгаж давуу тал нь болж өгжээ.
Энэ төрлийн эм бэлдмэлүүдтэй холбоотой гадаад нэршил:
- Reuptake Inhibitor : шингээлтийг удаашруулагч
- Neurotransmitter : тархинаас ялгарах химийн бодис
- Nerve : мэдрэлийн эс
- Synapse : 2 мэдрэлийн эсийн холбоос орчин
SSRIs-н хэрэглээ
Сэтгэл гутралын эсрэг эм бэлдмэлүүдийн хэрэглээ сүүлийн жилүүдэд хойд Европын орнууд, Их Британи, Австрали, Канад, Хятад, АНУ гэх мэт маш олон оронд ихээхэн дэлгэрч байгаа. Жишээлбэл, АНУ-ын хэрэглэгчдийн дунд энэ төрлийн эмүүд 1980-аад оноос тархаж эхэлсэн бөгөөд тухайн улсын Эрүүл Мэндийн Статистикийн Үндэсний Хорооноос хийсэн судалгаагаар 12-оос дээш насныхны сэтгэл гутралын эсрэг бэлдмэл хэрэглэх байдал нь хорин жилийн өмнөх үетэй харьцуулбал даруй 400%-аар нэмэгдэж, арван Америк хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэдэг болохыг тогтоожээ.
SSRIs болон амиа хорлох эрсдэл
Ихэнх сэтгэл гутралын эсрэг эмүүд ерөнхиийдөө аюулгүй гэж үздэг ч эмийн хэрэглээний үед тодорхой анхааруулгыг заавал өгөхийг шаарддаг. Зарим тохиолдолд хүүхдүүд, өсвөр насныхан болон залуу насанд хүрэгчид буюу 25-аас доош насныханд сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэх үед ялангуяа хэрэглэж эхлэснээс хойших эхний хэдэн долоо хоногт эсвэл тунгийн хэмжээ нь өөрчлөгдөх үед амиа хорлох бодол, үйлдэл нэмэгдэх хандлага байдаг. Хэрвээ ийм тохиолдол илэрсэн бол эмч, сэтгэл засалчдаа заавал хандахыг зөвлөдөг байна. Гэхдээ сэтгэл гутралын эсрэг эм нь урт хугацаандаа хэрэглэгчийн амиа хорлох эрсдэлийг бууруулах нөлөөтэй байдгийг санах хэрэгтэй.
SSRIs-н эмчилгээг зогсоох
SSRIs-ыг донтуулах нөлөөтэй гэж үздэггүй боловч заримдаа бие махбодийн хувьд хараат болох тохиолдол байдаг байна. Тиймээс эмчилгээг гэнэт зогсоох, тунгийн хэмжээг багасгах үед дараах шинж тэмдгүүд тохиолдож болно. Үүнд:
- Дотор муухайрах,
- Толгой эргэх,
- Уцаарлах,
- Сексийн дур хүсэл багасах,
- Нойргүйдэх,
- Жин алдах эсвэл нэмэх,
- Идэвхгүй, нойрмог болох,
- Ам хатах,
- Гүйлгэх,
- Огих
SSRIs нь сэтгэл гутралтай буюу бидний хэлж заншсанаар депресстэй үйлчлүүлэгчийн зан үйл, зан ааш, гадаад байдлыг мэдэгдэхүйцээр сайжруулах чадалтай ба хүмүүсийн дунд түгээмэл байдаг “SSRIs хэрэглэх нь намайг хэн нэгэн өөр хүн болгож хувиргах уу?” гэсэн асуултанд ихэнх сэтгэл гутралын мэргэжилтнүүд “хэрвээ сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэхэд үр дүн гарч байвал, сэтгэл гутралын үед илэрдэг сөрөг нөлөөллүүдийг арилгаж таны жинхэнэ дүр төрхийг гаргаж ирнэ, өөрөөр хэлбэл таныг хэн нэгэн өөр хүн болгож хувиргахаас илүү таны дотор байгаа “үнэн” бие хүнийг гаргаж ирнэ” гэж хариулдаг байна. Түүнчлэн, SSRIs болон бусад энэ төрлийн эмүүд нь хүн болгон хэрэглэхэд тохиромжтой гэсэн үг биш бөгөөд эмийг хэрэглэхээсээ өмнө заавал эмч, сэтгэл судлаачаар оношлогоо хийлгэх хэрэгтэй.
Б. Алтанцэцэг
Thanks for your valuable input! Also check the willoughby municipal court records
ReplyDelete