Сэтгэлзүйн зөвлөгөө /№1 - Хайр дурлал/


Удаан хугацаагаар үргэлжилсэн дотно харилцаагаа төгсгөнө гэдэг уйтгар гуниг, харамсал, ганцаардал, айдас гээд л маш олон төрлийн холилдсон мэдрэмж үүсгэдэг. Үүнтэй холбоотой нэгэн кейс авч үзье. Б бол 20-д настай, гэрлээгүй, их сургуулийн оюутан эмэгтэй. Тэрээр 3 жил үерхсэн найз залуугаасаа салаад удаагүй байгаа бөгөөд салалтанд үзүүлж буй түүний сэтгэлзүйн хариу үйлдлийн түвшин үргэлжилж буй.

Б –н түүх:
Эхэндээ би яг төөрчихсөн юм шиг санагдаад, ахиад хэзээ ч өөрт тохирсон тэр хүнийг олж чадахгүй байх гэхээс айж байлаа. Яагаад салах болов, хэний буруу байв гэдгийг байнга боддог байлаа. Зарим үед өөрийгөө, заримдаа хуучин найз залуугаа ч буруутгаж байлаа. Сүүлдээ сэтгэл гутралд орж, сайн идэж ууж, унтаж ч чадахаа больсон. Дараа нь найзуудыгаа залгахад утсаа авахаа больж, хичээлдээ явах ч сонирхол төрөхгүй ер нь л бусад хүмүүстэй харилцах харилцаанаасаа татгалзаж эхэлсэн. Учир нь бидний харилцаа бүтээгүйгээс болж би муу хүн юм байна, хэний ч сонирхлыг татдаггүй  хүн юм байна гэсэн бодлыг минь улам өөгшүүлж байв.  Хуучин найз залуу маань намайг хайр татах зүйлгүй гэсэн, би ер нь цаашдаа энэ хэцүү мэдрэмжийг тэвчиж давж чадна гэж бодохгүй байна.

Дотоод яриа, итгэл үнэмшил, (жишээлбэл Б-гийн итгэл үнэмшил)  хүмүүсийг нөхцөл байдлаа дээрдүүлэх ямар нэгэн үйлдэл хийхээс хорьж байдаг. Энэ нь дан ганц салалтын талаарх асуудал биш бөгөөд салалтанд Б-гийн өгч байгаа хариу үйлдэл түүнчлэн түүний салалтыг тусгаж буй  бодол, итгэл үнэмшил нь түүнийг асуудалд оруулж байгаа юм.

Удаан хугацааны харилцааг дуусгах амар хялбар зам гэж нэг ч байхгүй.  Салалтаас гадна  нөхөрлөлдөө цэг тавих гээд ер нь л хэн нэгэн дотно хүнтэйгээ харилцаагаа дуусгах нь өвдөлт, уур хилэн, уйтгар гунигийг авчрах нь олон. Хэрвээ та өөрийгөө энэхүү нөхцөл байдалд байна гэж бодож байвал, танд энэ үеийг үр дүнтэйгээрдаван туулахад  туслах зарим зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Үр дүнтэйгээр гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, салалт гэдэг зөвхөн алдаа биш. Ямар нэгэн байдлаар өнгөрсөн харилцаанаасаа өөрийн үнэт зүйлс, давуу ба сул тал, юу хүсэж мөрөөддөг, цаашид ямар харилцааг хүсэж байна (өөрөөр хэлбэл хамтрагч тань ямар хүн байгаасаа гэж хүсэж байна вэ) зэрэг асуултанд хариулт авч чадсануу гэдэг илүү чухал юм.

§  Гомдож гашуудахыг өөртөө зөвшөөр.  Танд маш олон төрлийн мэдрэмжүүд төрж байгаа байх. Гунигласан, уурласан, гэмшсэн, алдсан, өвдөж шаналсан, орхигдож хаягдсан, тэр ч бүү хэл өнгөрсөн дэх дурсамжтай цаг мөчүүдийн талаарх жаргалтай мэдрэмж, тайвшрах мэдрэмж гээд л. Хэдийгээр гашуудах нь өөрийг тань зовоож, дааж давшгүй мэт санагдаж байсан ч та хүлээн зөвшөөр. Учир нь сөрөг мэдрэмжээ дарж, эсэргүүцэх нь цаашдаа дотно харилцаа үүсгэхэд асуудал үүсгэж болно.

§  Өөртөө хугацаа өг. “Цаг хугацаа бүхнийг анагаадаг” гэдэг. Гэвч бодит байдал дээр энэ хугацаанд  та өөртөө туслах юу хийж байна вэ гэдэг л чухал.

§  Уур бухимдлаа илэрхийл. Уурлах бол хэвийн л хариу үйлдэл ба сэтгэл хөдлөлийн нэг хэсэг, та уураа илэрхийлэхгүй дотроо хадгалж, дарах эсвэл хэт их уур бухимдалдаа автахад нь хожим нь ноцтой асуудлын их үүсвэр болж болно. Гэхдээ уур бухимдлаа зөвөөр илэрхийлнэ гэдэг нь бусдад түвэг удахгүй байхыг л хэлнэ шүү дээ.

§  Хамтрагчийнхаа гаргасан үйлдэлд бодитоор ханд. Ихэвчлэн хосуудын аль нэг нь харилцаагаа дуусгахыг хүсэх, дуусгах үед нөгөөх нь хаягдсан мэдрэмжтэй үлдэж тэр ч байтугай өөрийнх нь буруугаас салж байгаа мэтээр хүлээж авдаг. Таниас салахаар шийдсэн нь таниас илүү нөгөө хүнтэй чинь холбоотой байж болно шүү дээ.

§  Хариуцлагаа хүлээ.  Нөгөө хүнээсээ алдааг олж харах нь илүү амархан байх талтай, гэвч өөрийн үйлдэл, зан үйлээ таньж ухамсарлах нь эдгэрэх үйл явцад маш их тустай.  Гол нь бусдыг болон өөрийгөө буруутгахдаа биш, харин өөрийнхөө доторхыг “харж” бусад хүмүүстэй хэрхэн харилцдаг, эерэг болон сөрөг талуудаа олж мэдэх нь чухал юм.

§  Дэмжигч хүрээг олж ав. Та нийгэмсэг, ичимхий, ер нь ямар ч байсан таныг дэмждэг хүмүүстэй байх нь энэхүү өөрчлөлт, төөрөгдлийн үед  тодорхой түвшинд тэнцвэртэй байдлаа хадгалахад тань туслана. Хэрвээ та энэ үеийг өөрийнхөө хүчээр давж чадахгүй байвал сэтгэл зүйн зөвлөгөө, мэргэжлийн тусламжийг эрж хайх хэрэгтэй (Зарим сэтгэл зүйн зөвлөгөөний төвүүд, нийгмийн ажлын байгууллагууд үнэгүй зөвлөгөө өгдөг)

§  Амьдралынхаа бусад хүчин зүйлүүдэд  анхаарал тавь. Тодорхой хугацаанд өөртөө цаг гаргаад гуниглаж суух нь чухал ч зарим талаараа та ямар нэг зүйлд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Ямар нэг төрлийн үйл ажиллагаанд хамрагдах, нийгэмших нь (aктивититэй байх гэж ярьдагдаа) таныг амьдралын бусад хүчин зүйлсүүдтэй холбоотой байхад, амьдрал ингээд л дуусчихаагүй шүү дээ гэдгийг сануулахад  туслах болно.

§  Тэмдэглэл хөтөл. Бичих нь танд сэтгэл хөдлөлөө гадагшлуулахад туслах болно, ялангуяа та өөрийн мэдрэмж бодол санаагаа бусадтай хуваалцах боломжгүй байгаа үед их хэрэг болох юм. Маш олон хүмүүс тэмдэглэл бичсэнээр өөрийгөө илүү ойлгож, өөрийн мэдрэмжээ зөв илэрхийлэхэд суралцдаг.  Харин сүүлд нь та тэмдэглэлээ уншиж, энэ үеийг хэрхэн давж гарснаа эргэж харахад ч хэрэг болно.

§  Алдаагаа зас. Алдаагаа засч, өөрийгөө болон хамтрагчаа уучлах нь дараагийг шинэ харилцаандаа өвдөлт, уур бухимдлыг авчрахаас чөлөөлөх болно.

§  Цэг тавь. Ямар нэгэн байдлаар цэг тавь, энэ нь цааш явахад тань туслах болно. Зарим хүний хувьд уучилснаар төгсгөлийн цэгийг тавьж байж болно, өөр нэгний хувьд ямар нэгэн сүүлчийн ёс үйлдэх эсвэл сүүлчийн захидал бичих байж болно.  Цэг тавих нь ийм зүйл огт болоогүй гэсэн үг биш, харин та цааш амьдрахаар шийдсэн гэсэн үг гэдгийг санаарай.

§  Хайрла бас суралц. Та өмнөх туршлагаасаа юу сурсан бэ гэдгээ эргэцүүлээрэй. Бүр хамгийн хүчирхийлэлтэй, эрүүл бус харилцаа хүртэл танд өөрийн тань талаар мөн цаашид ямар төрлийн харилцааг хүсч байна вэ гэдгийг зааж өгч чадна.

Эх сурвалж: Corey&Corey. I never knew I had a choice. Explorations in Personal Growth. Ninth Edition.                                                                        
                                                                          Б. Алтанцэцэг