Мессеж бичих нь сайн уу, муу юу ?
Арваад жилийн өмнө залуусын болзоо нүүр нүүрээ харсан, бүх зүйл тодорхой байдаг байжээ. Хүмүүс уулзацгааж, бие биетэйгээ хамт цагийг өнгөрөөж, мөн нэгнийхээ найз, гэр бүлтэй нь танилцаж, биечлэн уулзаж харилцдаг, үнэлж дүгнэдэг байв. Мэдээж тэд мөн адил утсаар ярьж, хааяа мессеж илгээдэг байсан үе бий. Гэхдээ л харилцааны гол хэлбэр нь “face to face” зонхилсон хэвээр байсан юм.
Харин өнөөгийн харилцаанд болзоо нь өөр өнгө аястай болж, өөрчлөгдөж байгаа ба судлаачид, жирийн хүмүүсийн ч анхаарлыг ихээр татаж байгаа юм. Нэгэн цагт хүмүүс хоорондын харилцааг дэмжиж өгөгч хэрэгсэл байсан техник, технологи нь өнөөдрийн харилцаанд дэндүү том зай эзлэх болжээ. Хүмүүс хоорондын харилцаанд техник технологийн гүйцэтгэх үүрэг юу вэ ? Романтик харилцааг бий болгож, түүнийг хадгалан үлдэхэд мэдээллийн технологи хэрэглэх нь зөв үү, энэ нь эрүүл зан үйл үү мөн үү ?
Мессеж давамгайлсан нь
Дийлэнхи хүмүүсийн хувьд мессеж бичих нь хосын харилцаан дахь гол хэрэглэгдэхүүн болдог байна. 17-25 насны хүмүүс романтик сонирхлоо зурвас илгээх байдлаар илэрхийлдэг, энэ нь бусад насныхныг бодвол хавьгүй илүү юм (Coyne, Stockdale, Busby, Iverson, & Grant, 2011). Нэг жишээ дурдахад, судалгаанд оролцогчдын 90-с илүү хувь нь өдөрт дор хаяж нэг удаа найз залуу/бүсгүй рүүгээ мессеж илгээдэг гэж хариулжээ (Schade, Sandberg, Bean, Busby, & Coyne, 2013).
Ялангуяа өсвөр насныхан мессеж бичих нь идэр залуу үеийнхнийг бодвол бүр их юм. Үерхдэг өсвөр насныхны 20 хувь нь найз охин/хөвгүүн рүүгээ хичээлийн цагаас бусад үед (эсвэл орон цагаар) нэг цагт 30 болон түүнээс дээш удаа мессеж илгээдэг гэжээ (Teenage Research Unlimited, 2007).
Зарим хүмүүс мессеж илгээхийг нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн сээтэгнэл гэж үздэг бөгөөд асуулт асуух, дэл сул зүйл ярих, төлөвлөгөө гаргах, одоогийн эсвэл ирээдүйн найз залуу/бүсгүйтэй тань холбож өгөхөд тусладаг гэж үздэг байна. Шинэ хосын харилцаанд байгаа (нэг жилээс бага хугацаанд байгаа харилцаа) бүх насны хүмүүс тогтвортой харилцаанд байгаа хүмүүсээс илүү их мессеж бичдэг (Coyne et al., 2011).
Мессеж илгээх нь нүүр нүүрээ харсан бодит харилцааг нөхөж чадах уу ? Эсвэл энэ нь стратегийн шинжтэй ба өөрийн гэсэн давуу талтай юу ? Хосууд бие бие рүүгээ ямар шалтгааны улмаас мессеж илгээдэг вэ гэдгийг судлах нь эрүүл харилцаанд мессежний гүйцэтгэх үүргийг тодорхойлох эхний алхам болох юм.
Мессеж бичихийн давуу тал
Мессеж бичих нь бодит харилцаанаас үүсдэг зарим бэрхшээлийг (мөн утсаар ярилцахад үүсэх бэрхшээл) үгүй болгодог. Валтерийн (Walther, 1996) “гипер-бодгалийн загвар”-ыг мессеж илгээх үйл явц дээр хэрэглэвэл дараах гурван үндсэн давуу талыг тодорхойлж болно гэнэ:
- Мессеж илгээхэд түргэн, шуурхай сэтгэж, ухаан зарцуулах шаардлага байхгүй, мессеж бичиж буй хүн юу бичих вэ гэдгээ сайтар бодох цаг байдаг учир ухаалаг үгс бичих боломжтой
- Вербал бус дохио зангаа (биеийн хэлэмж) энэ үед хэрэглэгддэггүй. Мессеж илгээгчид санаандгүй вербал бус дохио (гар хөлрөх, хоолой чичрэх г.м) хэрэглэж харилцааг бүтэлгүй болгохвий гэж санаа зовох зүйлгүйгээр зурвасаа илгээх боломж олгодог
- Мессеж бичих нь маш хялбар, харин биечлэн хүнтэй ярилцана гэдэг бэрхшээлтэй
Нүүр нүүрээ харсан харилцаанд гарч ирдэг “нэгэн зэрэг шаардлагууд”-ыг (Сайн уу? гэж хэлэхийн сацуу тэврэх, үнсэх эсвэл зүгээр л гар барих уу гэж бодох, инээмсэглэхийн зэрэгцээ нүдээрээ холбогдох г.м) зохицуулах нь зарим хүмүүст төвөгтэй байдаг учир мессеж илгээхийг бүхэлдээ буруутгаж болохгүй. Сандруу эсвэл ичимтгий хүмүүст мессеж бичих нь тус болдог. Бодит амьдрал дээр хүн рүү сээтэн хаях нь таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Яагаад мессежээр дутагдалтай талаа нөхөж болохгүй гэж ?
Мессеж бичих нь зөвхөн ичимхий хүмүүстэй тустайгаас гадна "статус" гэгч зүйлийг тодорхойгүй болгодог. Электрон хэрэгслээр тухайн хүний хандлагыг (Тэр надад талтай бол уу ? Би түүнд таалагдаж байгаа болов уу ?) мэдэх нь илүү амар байдаг. Ийм зорилгоор мессеж илгээх нь хувь хүнийг “гологдох”-с хамгаалж өгнө.
Мессеж бичих нь ихэвчлэн харилцааны эхэн үед үүсдэг. Фокс болон Варбер нар (Fox and Warber, 2013) өнөөгийн хосын харилцааны нийтлэг дэс дарааллыг ийн гаргажээ:
- Эхлээд хоёр хүн биечлэн уулздаг (найзынхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр, клубуудын уулзалт г.м.); дараагаар нь бие биенийхээ Фейсбүүк хуудсыг олж аван, шалгадаг; тэгээд ФБ дээр найзууд болцгоодог.
- Дараа нь нэг нь нөгөөгөөсөө утасны дугаарыг нь асууж, мессеж бие биендээ илгээж эхэлдэг.
- Нэг нь нөгөөгөө нийгмийн ямар нэг арга хэмжээнд урих хүртэл зурвас илгээсээр байдаг. Энэ үед тэд ФБ-р мессеж бие биендээ илгээж байж болно.
- Удалгүй утсаар ярих эсвэл болзоонд явах өдөр товлогдоно (Fox & Warber, 2013).
Мессеж илгээхээс үүдэлтэй сэтгэл түгшилт
Мессеж илгээх нь ихэвчлэн хосын харилцааны эхэн үед явагддаг. Хэдийгээр давуу талыг дээр дурьдсан ч хэд хэдэн сул талтай бий:
Мессеж илгээж эхэлмэгц харилцан мессеж хэзээ ч дуусахгүй (Эхэлвэл л дуусахгүй). Хүмүүс их мессеж хүлээн авахын хэрээр буцаж хариу өгөх ёстой гэсэн мэдрэмж тэднийг зовоож байдаг. Энэ нь “гар утасны харилцааны тойрог”-ийг үүсгэж байгаа юм (Hall & Baym, 2012). Ер нь хүмүүсийн харилцан яриа хичнээн урт хугацаа шаардаж, энэ хооронд хэдэн мянган үгс солилцдогийг яаж мэдэх билээ, иймд хээн мянган үгсийг цөөхөн хэдэн тэмдэгтээр илэрхийлнэ гэдэг мөнгөө тасралтгүй шатаасантай ижил биз дээ. Өөрөөр хэлбэл мессеж илгээх нь бусад үйл ажиллагаанаас (найз нөхөдтэйгээ уулзах, уулзалт цуглаанд явах, бие биетэйгээ биечлэн уулзах) хөндийрүүлж, улмаар сэтгэл ханамжгүй байдлыг бий болгож байна (Hall & Baym, 2012).
Мессеж бичих нь тэр чигтээ төөрөгдөлд хүргэдэг. Биеийн хэлэмжийн дохио байхгүй учир зарим мессежүүд буруу ойлгогдож, буруу тайлбарлагддаг. Ингэж буруу ойлголцсоноос болж үл итгэлцэл, түгшүүр үүсдэг. (Тэр ганцхан “Hi” гэдэг үг л бичсэн. Юу гэсэн үг юм бол?) Дуу хоолойны өнгө, биеэ авч яваа байдал, нүүрний хувирал гээд маш олон шууд бус харилцаанаас тухайн хүний тандаж болдог, гэтэл гар утсаар мессеж бичих, онлайн чатлах гэх мэт асуудлууд харилцааг улам парадоксдуулдаг байна.
Цаашлаад энэ харилцаа нүүр нүүрээ хараагүй учир, биечлэн хэлэхэд хэцүү үгсийг хэлэх боломжийг олгодгоороо “сэтгэл зүйн холдолт”-ыг бий болгодог. Иймдээ ч шинэхэн хосууд хүнд сэдэв хөндөх, зориуд найз залуу/бүсгүйгээ гомдоох, уучлалт гуйхдаа ихэвчлэн мессеж хэрэглэдэгийн учир нь мессежний олгож буй энэ зай нь нүүр нүүрээ харахдаа хэлэхийг хүсэхгүй үгсийг хэлэхэд дөхөм болгож өгдөг.
Судалгаагаар 5 хүн тутмын нэг нь аймшигт “салалтын мессеж” авч байжээ (Weisskirch & Delevi, 2012). Ихэнх хүмүүс харилцаагаа мессежээр дуусгаж буй энэ байдлыг хүлээн зөвшөөрч боломгүй, зохисгүй гэж үздэг. “Салалтын мессеж” илгээж (хүлээн авч) байгаа хүн аттачментийн нэлээд өндөр түгшүүртэй байх хандлагатай, өөрөөр хэлбэл тэдний сэтгэлийн гүнд “гологдох”, “хаягдахвий” гэсэн гүн айдас нуугдсан байдаг ба өөрийн үнэлэмж тэр хэрээр доогуур байдаг (Weisskirch & Delevi, 2012).
Мессеж бичих ба Харилцааны сайн сайхан
Эцэст нь зурвас илгээх нь сайн болж хувирав уу үгүй юу?
Зарим судалгаагаар хосын харилцааны сэтгэл ханамж болоод тогтвортой байдал нь мессеж бичихтэй холбоотой болох нь тогтоогджээ. Гетеросексуал (эсрэг хүйснийхээ хүнд татагдах бэлгийн чиг баримжаа) харилцаанд эмэгтэй нь мессеж их илгээдэг бол тэрээр өөрийнхөө харилцаанд аз жаргалтай байдаг. Мөн түүний хамтрагч ч ижил мэдрэмжийг мэдэрнэ (Schade et al., 2013).
Харин эрэгтэй нь илүү их мессеж илгээдэг бол түүний сэтгэл ханамжийн түвшин бага юм. Мөн түүний найз бүсгүй ч сэтгэл ханамжгүй байдаг. Тэд салах талаар боддог гэж хариулжээ (Schade et al., 2013).
Харилцаа тань эхэлж байна уу эсвэл тогтвортой байгаагаас үл хамааран мессежийг хэрхэн ашиглах вэ гэсэн тодорхой дүрэм, хэм хэмжээг хосууд баримталбал технологоос үүдэн бий болох сэтгэл зовнил, түгшүүрээс урьдчилан сэргийлнж чадах юм. Судалгаагаар хосуудын харилцааны сэтгэл ханамж хийгээд харилцаандаа ашиглаж буй утасны хэрэглээний сэтгэл ханамж хоёрын хооронд холбоо хамаарал байгааг тогтоосон байна (Miller-Ott, Kelly, & Duran, 2012)
Техник, технологи нь хүмүүсийг ойртуулж; мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах боломж олгож байгаа ч зохисгүй хэрэглээ нь хосын харилцаа ч гэлтгүй хүн хоорондын харилцаанд нөлөөлж, сөрөг үр дагавар авчирч байна.
Таны харилцаанд эдгээр мэдээллийн хэрэгсэл хэр нөлөөлөл үзүүлж байгааг нэг бодоод үзээрэй!!!
Б. Тунгалаг
Thank you for your unique take on this topic. Also check the kettering court
ReplyDelete