Сэтгэлийн тухай сонгодог кино “Аюултай оношилгоо”

Онол, үзэл баримтлал ба хэдэн эрдэмтдийн тухай өчүүхэн мэдлэг, туршлага маань урлаг хэмээх нандин хийгээд онцгой зүйлийг дүгнэх боломжийг олгодоггүйн дээр дүгнэе гэсэн ч бэрх. Ялангуяа кино урлагийн тухай юу ч мэдэхгүй би бээр киноны тухай сэтгэгдлээ хэлнэ үү гэхээс шүүмжилнэ гэдэг үл бүтэх хэрэг юм. Ямар ч хүнд өөртөө нь холбоотой зүйлийг сонсоно, үзнэ, мэдэрнэ гэхэд нэг л дотно мэт санагддаг биз дээ, мэргэжлийнхээ эв дүйг олох гэж ядаж буй өчүүхэн би “A Dangerous Method” киног үзээд ихэд таашаасан учир энэ киноны тухай чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээе.

2011 онд нээлтээ хийсэн “A Dangerous Method” буюу үгчлэн орчуулбал Аюултай сэтгэц оношилгоо (Киноны утгаар оношилгоо гэж орчуулав) хэмээх түүхэн киног Дэвид Кроненберг найруулжээ. Юун түрүүнд киног үзээд найруулагчийг бишрэв. Тэрбээр психоанализыг нэвтэрхий судалсан нь киноны аль ч хэсгээс тодорхой харагдана, бүр сэтгэл судлаачдын ч бодож олохооргүй нарийн зүйлсийг кинондоо шигтэсэн бөгөөд жүжигчид ч мөн адил дүрээ сайтар судалсан нь харагдаж байлаа. Жишээ нь, Фройд дуу хоолойны өнгө, нүдний харц, биеийн хэлэмж, өөрийн гэсэн үг хэллэг (Freudian slip), Юнгийн ажилдаа хандаж буй явдал, сэтгэцийн өвчтэй Шбейлрин эмэгтэйн ааш авир, сэтгэцийн өвчний шинж тэмдгийг яг нарийн, зөв харуулж байсныг магтууштай. Ялангуяа Фройдын өрөө, сувинер эд хэрэглэл, Юнгийн оффисийн өрөө яг түүхэнд ямар байсан түүгээр нь дэглэжээ.

Уг кинонд Венын сэтгэцийн эмч, психоаналист Зигмунд Фройд, Цюрихын сэтгэцийн эмч, тухайн үеийн психоаналист Карл Юнг ба сэтгэцийн өвчтөн Сабина Шбейлрин хэмээх Орос бүсгүй, тэдний учир битүүлэг харилцаа, психоаналист эмчилгээний тухай гардаг. Хааяа эргэлзээтэй асуудал гарахад алдарт Цюрихын сэтгэцийн эмнэлгийн залуу эмч Юнг өөрийн багш Фройдтой хэлэлцэж, лавлахын тулд Веныг зорьдог байв. Киноны эхэнд Шбейлрин хэмээх сэтгэцийн өвчтөн эмэгтэй гарах бөгөөд түүнийг эмчлэхээр үүрэг даалгавар авсан залуу эмч Юнг психоаналист арга барилыг ашиглан Шбейлрины хойно сууж байгаад ухамсарт бус сэтгэцийг нь ёстой л нэг ууталж өгдөг. Эл ярилцах явцдаа Шбейлринийг 4 настай бяцхан охин байхад нь түүний эцэг ёс бусаар оролдож төрсөн охинтойгоо унтсан явдлыг олж мэдсэн юм. Гэтэл Юнг “Чамд ямар санагдсан бэ ?” гэхэд Шбейлрин “Сайхан санагдсан. Үүний дараа би асар их сексийн дур сонирхолтой болсон. Ах нартайгаа хүртэл секс хиймээр санагддаг болсон. Та санаж байна уу, миний хүрмийг газар унагаад таягаараа гөвж буй чимээ миний сэрлийг хөдөлгөсөн юм” хэмээн санаанд оромгүй хариултыг өгсөн юм. Гэхдээ психоаналистуудад энэ мэт хариулт тийм ч сонин биш, энгийн л үзэгдэл. Үүнийг сонссон Юнг даруй Веныг зорьж Фройд багшаасаа лавлахад тэрбээр “Чиний өвчтөн аналь үе шатандаа фиксац үүсгэсэн байх. Иймэрхүү шинж тэмдэгтэй миний өвчтөнүүд ч гэсэн аналь асуудалтай байдаг (Бие засаж сурах хүүхэд насанд эцэг эх, хэн нэгэн хүүхдийг бие засахаас айлгаж ичээх тохиолдолд энэ хэрэгцээний үе шатанд фиксац үүсэж, цаашид неврозод хүргэдэх гэх Фройдын онол)” гэж хэлсэн түүний шударга ч юм шиг, онолдоо хэт үнэнч юм шиг хариулт нь Карл Юнгийн урмыг хугалдаг. Чухам хэрэг явдал үүнээс л болж ирээдүйн сэтгэлийн суут археологичид Фройд, Юнг нар муудалцах эхлэлээ тавьдаг. Үүнтэй санал нийлж чадаагүй Юнг нутагтаа буцаж ирэн Шбейлринд өөрийн бүтээсэн “чөлөөт нийлэмжийн” аргаа амжилттай хэрэгжүүлэн өвчтөнөө зөв оношилж, цаашлаад эдгээж чаддаг. Тухайн үед чөлөөт нийлэмжийн аргыг хэрхэн хийдэг байсныг, ямар тоног төхөөрөмж ашигладаг байсныг психоанализ сонирхогчид, судлаачид, оюутнууд энэ киноноос ойлгож болох юм.

Эл явдлын дараа Шбейлрин Юнгид хандаж “Чи өвчтөнүүдтэйгээ унтаж байсан уу ” гэж асууна. Хариуд нь Юнг “Мэдээж үгүй, трансференс үзэгдэл байдаг ч би тэвчиж чаддаг” гэхийн учир нь сэтгэлзүйч өвчтөнтэйгөө ярилцах тусам өвчтөн түүнд сексийн хувьд улам их татагдах ба зарим талаараа сэтгэлзүйчийг өөрийн аав, ээж, ах дүү нартайгаа адилтгах тохиолдол байдгийг энд дурьджээ. Гэвч Юнг, Шбейлрин нарын хооронд төд удалгүй нууц амрагийн харилцаа үүсдэг.

Киноны өөр бусад сонирхолтой үзэгдлүүд. Юнг Фройдийн гэрт ирж зүүдний тайллаа асуудаг. Тэрбээр нэг эр морь унаж байв, улам хурдтай давхиж байв, тэгээд өнөөх эр мориноосоо уналаа, энэ үзэгдлийг лавлаваас Фройд үүнд унаач хүн бол чи, морь бол чиний амбиц, улам хурдалж буй нь чиний одоогийн амбицны үйл явц, унаж буй нь чиний амбиц ямар байдалд хүргэхийг хэлж байна хэмээн тайлал хийдэг.

Дараагийн үзэгдэлд Фройд, Юнг хоёр хамтдаа хөлөг онгоцоор АНУ-ыг зорьдог. Юнг “Би газрын зураг дээрээс австри ба швейцарийн хилийн зурвасыг зүүдэндээ харлаа” гэдэг. Үүний хариуд Фройд “Австри бол би, Швейцарь бол чи, харин хилийн зурвас бол чи бид хоёрын амбиц” хэмээн тайлдаг. Угаасаа тэд аль хэдийн онолоороо муудалцаж эхэлсэн бөгөөд үе үе бие бие нь рүүгээ “би таны амбицанд харамсаж байна, одоо яая гэхэв” зэргээр үг хаясан захидлуудыг шидэлцэж өгдөг.

Шбейлриний тухай ярихдаа Юнгийн хувьд бага зэрэг пара сэтгэл судлал мэтийн шинжлэх ухаанч бус таамаглал дурьдахад Фройд эрс үгүйсгэдэг. Энд эдгээр хоёр эрдэмтдийн онолын ялгааг нарийн гаргаж өгч байв. Ялангуяа Юнг пара сэтгэл судлал, телепати гэх мэт зөн билгийн шинжтэй зүйлсийг ихэд сонирхдог бол Фройд аналь үе шатыг ярьсаар байх бөгөөд энэ бүхэнд дургүйцсэн Юнг харих замдаа юм бүхэн бэлгийн амьдралтай холбоотой байна гэж юу байдын гэх мэтээр хараалын үгийг урсгаж гардаг.

Нууц амрагийн асуудал төгсгөл болж Шбейлрин ирээдүйн мундаг сэтгэл судлаач болсон бөгөөд 1941 он хүртэл ЗХУ-д ажиллаж байгаад нацистуудад алуулдаг. Харин Юнг “Альпийн нуруу хүртэл үерт автаж европ тив тэр чигтээ цусанд живж байхыг зүүдэллээ” хэмээн кино төгсдөг. Юнг үнэхээр дэлхийн II дайныг зөгнөж чадсан юм.

Психоаналист сонирхдог ямар ч мэргэжлийн хүмүүс, сэтгэл судлаач, сэтгэцийн эмч нар энэ киног ойлгоход тун хялбар болохыг, бас заавал үзэх ёстойг хэлмээр байна. A Dangerous Method !

Л. Энхтүшиг

Эх сурвалж:
www.enkhtushig.wordpress.com