Психосекс терапи гэж юу вэ ?
Ихэнх хүмүүсийн ил задгай ярихаас жийрхдэг асуудал бол секс. Хүн бүр өөрийнх нь үүсэл үүнтэй холбоотой, хоол идэх, унтахтай адил бидний физиологийн нэг хэрэгцээ гэдгийг мэдсээр байвч ил шулуун ярилцах гэхээр жийрхээд ирдэг.
Хүнийг тодорхойлох олон тодорхойлолт байдгийн нэг нь “хүн бол химийн урвал” гэсэн тодорхойлолт гэж би үздэг. Бидний тархи ямар нэг хариу үйлдэл үзүүлэх, бие махбод хэвийн үйл ажиллагаагаа явуулах гээд хором тутамд химийн урвалууд бидний дотор явагдаж байдаг. Үүнтэй адилаар секс хүсэхээс эхлээд секс хийх үйл явцад янз бүрийн химийн урвалууд хүний биенд явагддаг. Бид бидний дотор явагдах химийн урвал, гормоны нөлөөгөөр энэ "зүйлийг" хүсч, бас үйлддэг болов уу. Ингээд бодохоор энэ нь бидэнд ухамсартайгаар захирагдахгүй, зугтаах аргагүй оршихуйн асуудал юм ч юм шиг.
Сексийн тухай ерөнхий бодлоо нуршихаа больж үүний тухай судалдаг шинжлэх ухааны салбарын талаар товчхон хүүрнэе. Нэгэнт бидний чухал хэрэгцээний нэг, амьдралын чанарт нөлөөлдөг учир сексийг судлахаас өөр аргагүй. Энэ нь дан ганц сэтгэл зүйн төдийгүй эрүүл мэндийн асуудал болдог.
Секстэй холбоотой сэтгэл зүйн асуудлыг анх З.Фройдийн үеэс психоаналитикчид эмчилж эхэлсэн байна. Тэд сексийн элдэв асуудлыг хүний бага насны таагүй дурсамж, сэтгэл зүйн цочролтой холбон үзэж, тэрхүү дурсамжийн тайлал асуудлынх нь хариу, эмчилгээ болно гэж үздэг байв. Энэ арга нь нилээд урт хугацаа шаарддаг байсан юм. Харин 1970 оноос Мастерс, Жонсон нар илүү богино хугацаанд явагдах, дан ганц асуудал дээр нь төвлөрсөн аргыг секс терапид ашиглаж эхэлжээ. Энэ нь бихевиоризм буюу зан үйлийн хандлага байлаа. Энэ хандлага нь зан үйлээ (зан байдал, үйлдэл хөдөлгөөн, зуршил гэх мэт) өөрчилснөөр сэтгэл санаа, мэдрэмжинд нь өөрчлөлт гарна гэдгийг хувь хүмүүст ойлгуулахад анхаардаг байна. Тухайлбал, түгшүүр төрүүлдэг бэлгийн зан үйлийг нь сэтгэл засалчийн зааж өгсөн зан үйлээр орлуулснаар таатай бэлгийн амьдралтай болох юм. 1960,1970-аад онуудад зан үйлийн хандлагад хувьсал гарсан ба үүнийг "танин мэдэхүйн хувьсал" хэмээж байсан байна. Энэ хандлага нь хүний ухамсарт бодлын гүйцэтгэх үүрэгт гол анхаарлаа хандуулж байлаа. Гол санаа нь хувь хүн бэлгийн зан үйл, бэлгийн амьдралын талаар юу гэж боддог итгэл үнэмшил нь бэлгийн зан үйлд нөлөөлдөг гэж үздэг.
1986 онд Барлоу бэлгийн үйл ажиллагааны хямралын талаарх ойлголтод огцом өөрчлөлт хийжээ. Эмпирик судалгаан дээр үндэслэн гаргасан Барлоу-н бодсоны дагуу хувь хүний алдаатай бодол нь түгшүүр гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлтэй харилцан нөлөөлснөөр бэлгийн үйл ажиллагааны хямрал үүсдэг гэжээ. Ялангуяа хувь хүний анхаарлын төвд гүйцэтгэлтэй холбоотой сөрөг үр дүн гарна гэсэн бодол нь ийм хямралд хүргэдэг гэсэн юм. Ингэснээр тодорхой харагдах зан үйлээс гадна хүний ухамсарт бодол сэтгэл зүйн хувьд бэрхшээл үүсгэж буйг зан үйлийн сэтгэл засалчид ойлгох болжээ. Энэ хандлагуудын хослол танин мэдэхүй-зан үйлийн сэтгэл засал (CBT-Cognitive behavior therapy) үүсчээ.
Танин мэдэхүй-зан үйлийн сэтгэл засал нь үйлчлүүлэгчийн бэлгийн амьдралын талаарх бодит бус бодлыг өөрчлөхийн хамт илүү их сэтгэл ханамж өгөх бэлгийн зан үйлийн өөрчлөлтийг хийдэг юм. 1980-аад оноос сэтгэл засалд системийн хандлага орж ирсэн нь секс терапид мөн нөлөөлсөн. Энэ хандлагын дагуу сэтгэл засал анхаарлаа дан ганц хувь хүнд биш харилцаанд бүхэлд нь хандуулах болжээ.
Ц.Цэрэндолгор
Thank you for your unique take on this topic. Also check the letcher county court docket
ReplyDelete