Хүүхэд яагаад орой унтах дургүй байдаг вэ ? - Эволюц
“Одоо унтаарай, өглөө эрт босож цэцэрлэгтээ явна. Эртхэн унтацгаая” - Энэ бол орой унтлагын цагийн үеэр бага насны хүүхэдтэй гэр бүлд өрнөдөг жирийн мөртлөө бяцхан тэмцэл дагуулсан яриа юм. Хүүхдүүд яагаад оройд унтах дургүй, унтахаас цааргалдаг вэ. Яаж ч хуураад аргадаад тэд таны үгэнд орохгүй л байгаа биз дээ. Үүнд шалтгаан бий ...
Нялх болон бага насны хүүхдүүд орой унтахдаа ихээхэн дургүй байдаг. Би ядраагүй байна, миний ам цангаад байна, би өлсөөд байна, надад дахиад нэг үлгэр яриад өг, би энэ хүүхэлдэйг үзчихээд л унтья гэх зэргээр эсэргүүцэл үзүүлж, аль болох аргалж унтахгүй байхыг хичээдэг. Яагаад унтахгүй байгаа шалтгааныг нь асуувал харанхуйгаас айгаад байна, өрөөнд мангас байна, орны доор амьтан дуугараад байна гэх зэргээр ямар нэг зүйлээс айж байгаагаа хэлдэг. Тэгвэл тэд үнэхээр айдаг уу? Гол шалтгаан нь энэ мөн үү?
Олон жилийн өмнө алдарт зан үйлийн сэтгэл судлаач Жон Уотсон хүүхдийн гаргадаг энэ авир үйлдэл нь эмгэг бөгөөд удамшлын гаралтай гэж үзсэн байна. Түүний тайлбарлаж байгаагаар энэ үзэгдэл нь бидний анцесторуудаас (эртний өвөг дээдсээс) улбаатай, өөрөөр хэлбэл бидний эрт үеэс өвлөгдөж ирсэн дадал хэвшил гэж ойлгож болно. Эрт үед эцэг нь хэд хоногоор уул хаданд хэрж анд явах, эх нь уулаар жимс ногоо түүх зэргээр амьдралаа залгуулдаг амьдралын хэв маягаас үүдэн хүүхдээ ганцааранг нь орхиж явах, ганцааранг нь унтуулах үзэдэл бий болсон бөгөөд энэ үеэс л хүүхдүүдэд унтахаас зайлсхийх үзэгдэл ухамсаргүйгээр бий болж эхэлсэн байна. Унтах үеэр янз бүрийн амьтантай учрах, байгалийн үзэгдэлд өртөх зэргээр унтах үед авсан ямар нэг айдас нь хүүхдэд үлдсэнээр энэ нь эргээд дараа дараагийнхаа үед удамшдаг гэж үздэг байна.
Хүний бие 22 цагаас эхлэн амрах байдалд шилждэг. Хэрэв үүнээс хойш хүүхэд тань ямар нэгэн байдлаар унтахгүй байгаа бол та түүний хажуугаар унтаж аюулгүй орчинд унтаж байгаа гэдгийг нь мэдрүүлэх нь чухал хэрэгтэй.
Хүүхэд ганцаараа унтах тусмаа бидэнд удамшиж үлдсэн “мангас” зэрэг янз бүрийн зүйлсийг ургуулан бодох, түүнээс айх энэ үзэгдэл нь илүү их ноёлох хандлага илэрдэг тул сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүүхдийг нялх байхаас нь эхлэн хэн нэгэнтэй хамт унтуулах хэрэгтэй бөгөөд энэ үед хүүхэд аюулгүй байдлыг мэдэрч тав тухтай бөх нойрсдог байна.
Нэг талаас хүүхэд унтах дургүй байх үзэгдэл нь соёлын ялгаанаас хамаарч улс орон бүрт өөр өөрөөр илэрнэ. Энэ үзэгдэл нь барууны орнууд болон барууны соёл давамгайлсан улс орнуудад их түгээмэл тохиолддог байна. Өөрөөр хэлбэл хүүхдийг бага байхаас нь харанхуй өрөөнд ганцаар нь унтуулдаг баруунжсан соёлтой орнуудад л хүүхдэд унтахаас зайлсхийх энэ үзэгдэл элбэг байдаг.
Л. Сарангэрэл
Thanks for being a reliable source of information. Also check the napa court calendar
ReplyDelete