Сэтгэл Судлалын вебсайт, блогуудын тухай

Хүний өөрийнхөө итгэл үнэмшлээ өөрчилснөөр амьдралаа өөрчилж болдогийг мэдсэн явдал нь хүн төрөлхтний хамгийн суут нээлт байлаа (В. Жеймс)Хүмүүс одоо ч хүртэл оюун ухаан, сэтгэлийнхээ тухай мэдэхийг хичээсээр л байна. Үнэндээ сэтгэл судлал нь судлаач, уншигчийн аль нь ч биш гуравдагч хүний нүдээр харвал бидний хамгийн сайн мэддэг зүйлийг төвөгтэй латин нэр томъёонд оруулсан бяцхан шинжлэх ухааны гэдгийг ойлгоно байх. Хэн нэгний бухимдалтай царай, биеэ авч яваа байдал, эелдэг даруу зан, амьтдын нүүдэл, зан үйл, юу идэж уувал сэтгэл сэргээдэг гэх мэт танин мэдэхүйн асуудлыг хүн төрөлхтөн угаасаа л мэддэг байсан. Гэвч хүний танин мэдэх хэрэгцээний цангаа а,б,в биш, магад 1,2,3,a,z гэх маягаар төвөгтэй болгодог болов уу. Барууны хэвлэл, онлайн ертөнцөд сэтгэл судлалын вебсайт, блогууд бусад шинжлэх ухааны эх сурвалжуудтай харьцуулбал илүү доминант, бараг л өдөр тутмын хэвлэл шиг эрэлттэй аж. Учир нь сэтгэл судлал бол өөрөө сэтгэл судлал, хүмүүсийн хамгийн дуртай сэдэв. Миний хэлэх дуртай үг Сэтгэл Судлал бол танаас өөр юуны ч тухай биш, таны бие физиологи хийгээд нийгэм, хамт олны дунд хэрхэн авирладаг, хэрхэн идэж уудаг, бусадтай яаж нийцдэг, мөн чанар нь юу вэ гэх зэргээр таны тухай л судалдаг зүйл шинжлэх ухаан юм.

Би оюутан байхаасаа эхэлж дараах вебсайтуудыг ашигладаг болсон. Судлаач, сонирхогч, уншигч танд хэрэгтэй байж мэднэ. Манай блогийн ихэнхи бичвэрүүд дараах вебсайт, блогуудаас санаа авсан байдагийг энд хэлье.

Psychology TodayАмерикийн долоо хоног тутмын сэтгэл судлалын сэтгүүл юм. Энэ сэтгүүлийг гар дээрээ авч үзсэн ч бүх хуудас нь нэлэнхүйдээ эзэлсэн сэтгэл гутралын эсрэг эм бэлдмэлүүд, витамины сурталчилгаа намайг залхаасан нь харамсалтай. Унших текс тун бага, гэхдээ чамгүй ашиг олж буй энэ сэтгүүлийн амжилтын нууц нь зүгээр л вебсайт нь юм. Тэд вебсайт дээрээ сэтгэл судлаач, зөвлөгч, засалчдын холбогдох хаягийг оруулдаг, үүнийхээ хариуд тэднээс долоо хоног тутмын бяцхан нийтлэл, бичвэрүүдийг авдаг юм билээ. Олон дахин Feedback хийсэн ямар ч бүтээгдхүүний борлуулалт сайн байдагийн адилаар цаг минутаар шинэ бичвэрүүд вебсайтдаа нийтэлдэг. Гэхдээ Psychology Today – сэтгүүл ба вебсайтад буй мэдээллүүдэд чамлах зүйл их бий. Бичвэр бүр нь хуудасны талтай тэнцэхуйц буюу дэлгэрэнгүй уншаад байх зүйлгүй, аятайхан хэсэг дээрээ бичвэрээ дуусгачихсан байдаг. Дүгнэвэл сайхан гарчигтай комершиал сэтгүүл, вебсайт юм. Харин сонирхогчдод маш хэрэгтэй, судлаачдад хангалтгүй.

PsychCentral.comСэтгэл судлал гэхээсээ илүү неврологи, сэтгэцийн эмгэг судлал, анагаах ухааны холимог вебсайт юм. Гэхдээ сэтгэл судлал бол эдгээр гурван салбарын нийлбэр, эсвэл тэдэнтэй холбоотой өчүүхэн хэсэг нь мэдээж. Анагаах ухааны эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлуудыг тун энгийн байдлаар ямар судлаач, яаж, хэдэн хүнийг оролцуулж, ямар дүгнэлтэнд хүрэв гэдгийг хялбаршуулж бичдэг онцлогтой. Мэдээж анагаахын цахим сэтгүүл, гадаадуудын судалгааны ажлыг худалдан авах байтугай ганц хоёр ном авахаас цааргалдаг хүмүүс хааяа ч гэсэн дээрх сайтаар орж хялбархан бичвэр уншаад судалгаа дүгнэлт тогтоочих хэрэгтэй байх аа.


APA.orgАмерикийн сэтгэл судлалын холбоо вебсайтдаа дээрх Psychology Today, PsychCentral.com – д гардаг бичвэрүүдийг нийлүүлсэнтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл тун сонирхолтой бичвэрүүдийг төрөл бүрийн статистик дүн ашиглан арай далайцтай, дэлгэрэнгүй бичдэг. Заримдаа холбооны Journal-д гарсан эрдэм шинжилгээний өгүүллэгүүдээ хялбаршуулж бичдэг. Гэхдээ вебсайтад буй бичвэрүүдийг холбооны өгүүллэгүүдтэй хутгаж болохгүй. Өөрсдөө сайн Journal гаргадаг байгууллага юм.



Psychology.about.com – Энэ блог нь about.com буюу википедиагийн адилаар дороо олон дэд домейн үүсгэж бүхий салбарын мэргэжилтнүүдээр хялбаршуулсан нийтлэл бичүүлдэг. Тэдний нэгэн адилаар ганц админтай энэ блог нь сэтгэл судлалын тухай олон зуун мэдээллийг багтаажээ. Ер нь англи хэл дээр сэтгэл судлалын материалтай эхлэн танилцаж буй хүмүүст Simple English маягаар бичсэн дээрх блогийн мэдээллүүд хэрэгтэй байх. Дутагдалтай тал нь долоо хоногт арай хийн ганц бичвэр нийтэлдэг.



All-about-psychology.comБи хамгийн анх энэ вебсайтын бичвэрүүдийг уншиж эхэлсэн. About.com – ийн адилаар хялбархан үг хэллэгтэй боловч нэг сэдвийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бараг л олдохгүй. Харин сонгодог сэтгэл судлаачдын номууд файлаар байршуулсан байдаг нь давуу тал юм.




Setgel.mnМанай блогийн адилаар сүүлд гарч ирсэн сэтгэл судлалын тухай монгол хэл дээрх вебсайт юм. Одоогоор тогтмол, хуваарийн дагуу бичдэггүй ч цаашид уншигчдаа татна гэж найдаж байна. Гол агуулга нь одоогийн байдлаар онолын ойлголтыг шууд хүргэх байдлаар бичдэг. Хэрвээ сурталчилгаа байршуулж комершиал чиглэлээр явах бол нийтлэлийн бодлого нь тийшээгээ байх хэрэгтэй болов уу 


Жич: Онлайн орчинд өдөр тутам хэвлэгдэх төрөл бүрийн мэдээллүүдийг өөртөө шингээх зорилго нь сүүлийн үеийн нээлт, судалгаа, үйл явдлын тухай цаг алдалгүй мэдэж авах юм. Хэдийгээр асар их хэмжээний мэдээллүүд байдаг ч эдгээр нь мэдлэгийн өнгөц хэсгийг бүрдүүлэх төдий. Тиймээс вебсайт, блогуудыг баталгаатай редакторийн шүүлтээр гарч ирсэн, сайн судлаачийн номоос илүүд үзэх нь буруу юм. Гэвч монгол хэл дээрх сэтгэл судлалын дийлэнхи номуудын мэдээлэл урьд өмнөхөө олон дахин давтсан, хуучин мэдээлэлтэй, эргэцүүлсэн бөгөөд массд хандаагүй хэвээр байна.

Л. Энхтүшиг