Хайр - Эерэг VS Сөрөг сэтгэл хөдлөл ?
Хайр, хайр, хайр... Үүлэн дээр хөвөөд л, цэцэгсийн үнэр, нар жаргахыг хамтдаа харах, гар гараасаа хөтлөх...
Европ, Америкчуудын дийлэнх нь хайр дурлалын талаар бодмогц энэ дүр зураг толгойд нь орж ирдэг. Харин Ази хүмүүс хайрыг бусад сэтгэл хөдлөлтэй адил илүү нарийн төвөгтэй асуудал гэж үздэг билээ.
Lani Shiota болон түүний хамтрагчид Belinda Campos, Gian Gonzaga, Dacher Keltner нарын явуулсан туршилтанд та өөрийгөө оролцож байна гээд төсөөлдөө. Та найз залуу/бүсгүйтэйгээ лабораторид хүрэлцэн иржээ. Та хоёрт 4 төрлийн богино хэмжээний харилцан яриа хийх даалгавар өгнө:
1 ярилцлага - Бие биедээ хоч өгч, нэг нэгнээ гоочлох (шоглох)
2 ярилцлага - Хайр дурлалын харилцаанаас гадуур таныг стрессд оруулж буй асуудлын талаар ярих
3 ярилцлага - Өмнөх романтик харилцааныхаа тухай ярина. Өмнөх найз залуу/бүсгүйн юу нь таалагддаг, юу нь таалагддаггүй байсан; тэр харилцаанаас юуг сурч авсан зэрэг сэдвээр ярих.
4 ярилцлага - Анхны болзооныхоо талаар ярина. Аль аль нь яригч, сонсогчийн дүрд хувирна; өөрийн мэдрэмж, бодлоо хуваалцана.
Энэ харилцан ярианы дараа та асуулга бөглөнө. Уг 4 ярилцлагын үед үүссэн мэдрэмжийн талаар асуух болно. Дасгалын үеэр ямар түвшинд уур, үзэн ядалт, хайр, ичгүүрийг мэдрэв? Таны өөрийн хувийн үнэлгээнээс гадна таны яриаг мэргэжлийн ажиглагчид бас давхар үнэлнэ.
Жинхэнэ судалгаанд оролцогчдыг сонгохдоо хосууд хоёулаа Ази, эсвэл Европ-Америк байв. Ази хосын дундаж нас 20-с ялимгүй дээшээ байсан (эрэгтэйчүүд нь 21-с ялимгүй дээш) ба харилцаа нь ойролцоогоор 1 жил 4 сар үргэлжилсэн байв. Харин Европ-Америк хосууд насны хувьд ижил байсан; эрэгтэй, эмэгтэй аль аль нь дунджаар 20-с ялимгүй дээш настай байлаа. Мөн хосын харилцааны үргэлжилсэн хугацаа нэг жил хагас байсан.
Судлаачид оролцогчдын сэтгэл хөдлөлийг үнэлэхэд Европ-Америкчуудын хувьд хайр болон сөрөг сэтгэл хөдлөлийн хооронд сөрөг корреляц (холбоо хамаарал) байнга илэрч байсан. Ярилцлагын үеэр залуучууд, бүсгүйчүүдийн аль аль нь хайрыг илүү ихээр мэдрэхийн хэрээр ичгүүр, үзэн ядалт, уур илрэх түвшин нь бага байв. Харин Ази хүмүүсийн хувьд эсрэгээрээ, хайр нь бусад сэтгэл хөдлөлтэй эерэг корреляцтай байсан. Жишээлбэл, Ази хүмүүс хайрыг ихээр мэдрэхийн хэрээр жигшил, зэвүүцэл илрэх түвшин өндөр байв. Мөн Ази хүмүүсийн хувьд сөрөг сэтгэл хөдлөл илэрч байгаа явдал нь эерэг хайрын мэдрэмжид саад учруулахгүй байлаа.
Яагаад ийм ялгаа байна вэ? Shiota болон түүний хамтрагчид өөрсдийн олж авсан үр дүнгээ эрт дээр үеийн уран зохиолтой холбож, Ази хүмүүс үйл явдал, сэтгэл хөдлөлийг ихэвчлэн илүү төвөгтэй хэлбэрээр тусгаж авдаг гэсэн санааг гаргаж ирсэн. Энэ үзэгдлийг Өрнө болон Дорнын амьдралын философи дахь ялгаагаар Kaiping Peng, Richard Nisbett нар тайлбарласан байдаг. Тэдний уг дэвшүүлсэн санааг судлаачид өөрсдийн дүгнэлтэнд ашигласан.
Европчуудын хандлагад Аристотелийн үзэл санаа маш их нөлөөлсөн юм. Тэрээр мэдлэгийн 3 хуулийг гаргаж иржээ. Адилтгалын хууль ёсоор Хэрэв А одоо үнэн бол, энэ байнга үнэн байх ёстой. Зөрчилгүйн хуулийн дагуу нэг цаг хугацаанд аливаа зүйл А эсвэл А биш гэж зэрэг орших боломжгүй. 3 дахийг үгүйсгэх хууль ёсоор аливаа зүйл нэг бол үнэн нэг бол худал байдаг. Энэ хуулийн дагуу хайр гэх эерэг мэдрэмж сөрөг мэдрэмж болох уур, жигшил, ичгүүртэй нэгэн зэрэг хамт орших боломжгүй. Өөрөөр хэлбэл хосын дунд үл итгэлцэл, хууралт үүсэхэд тэд шууд харилцааг төгсгөх хандлагатай. Учир нь хайр ийм "сөрөг" үзэгдэлтэй нэгэн зэрэг орших боломжгүй юм.
Харин Зүүн Азийн хүмүүс Күнз, Таизм, Буддизмийн сургаальд ач холбогдол өгдөг. Энэ философи диалект үзэл сурталыг онцолж дараах байдлаар сургадаг:
2. Өөрчлөлтийн зарчим – бүх зүйл өөрчлөгдөж байдаг, мэдлэг бол үр дүн гэхээсээ илүү үйл явц юм.
3. Холизмын зарчим – орчлон ертөнцийн бүх зүйл хоорондоо холбоотой.
Хайрыг диалектик инь-янь (арга билиг) хандлагаар тайлбарлавал хайр нь “сөрөг” сэтгэл хөдлөлтэй нэг зэрэг орших боломжтой юм.
Европ-Америкчуудын нэг талыг баримталсан эерэг хандлагыг нэг талаас харвал илүү тааламжтай ч диалектик хандлага мөн өөрийн гэсэн ашиг тустай. Хайр дурлалын бүх л харилцаа хүнд хэцүү замыг туулдаг, ямар нэг "сөрөг зүйл=хайр биш" гэсэн ойлголт Европ-Америкчуудыг ямар нэг муу, сөрөг сэтгэл хөдлөл бий болвол харилцаанд төгсгөл ирсэн гэж үзэхэд хүргэдэг. Харин эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийг хослуулсан хандлага нь илүү тустай байдаг. Тиймдээ ч Азиудын гэр бүл цуцлалтын түвшин доогуур байдаг. Тийм учраас бага ч гэсэн диалектик хандлага бидэнд хэрэгтэй юм.
Б. Тунгалаг
0 comments: