З. Фройдын төрсөн өдрийг тэмдэглэлээ

“Хаана ид байна тэнд эго байна” гэсэн нэрт эрдэмтэн З.Фрейдийн ишлэл, зураг бүхий урилганаас л эхлэн сонирхол татаж эхэлсэн Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн хамт олноос олон нийтэд зориулан зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг” олон олон сонирхолтой үйл явдалаар дүүрэн болж өнгөрлөө.

Хэрэглээний Сэтгэл Судлалын төвийн урилга
Монгол дахь өнөөгийн сэтгэл судлалын шинжлэх ухаан өөрөө онолын хүрээнээс аль хэдийн халин гарч практик, хэрэглээний салбаруудын хөгжил яригдах болсон өнөө үед иргэд олон нийтэд сэтгэл судлалын шинжлэх ухааны практик хэрэглээ, туршилт, оношлогоог хүргэх зорилго бүхий тус төв нь 2013 онд үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө чадварлаг туршлагатай хамт олноор эгнээгээ бүрдүүлэн ажиллаж байгаа нь өдөрлөгийн үйл ажиллагаанаас харагдаж байлаа. Психоанализийг үндэслэгч гэгддэг нэрт эрдэмтэн З.Фрейдийн музей сэтгэл судлалын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орон бүрт байдаг бол харин Монголд энэхүү хамт олон анхны музейн суурийг тавьж эхлүүлсэн нь өнөөдрийн нэг онцлог үйл явдал байсан бөгөөд түүний хэлсэн үг, онолын хэсэг, ном бүтээл эмхэтгэлүүд болон түүний бага наснаас эхлээд амьдарлын сүүл үе хүртэлх ховор нандин гэрэл зургуудын хувилбаруудыг энэхүү мини-музейгээс үзэж болохоор байсны дээр танин мэдэхүйн олон талын онцлогыг илрүүлэх туршилтын аппаратыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн нь судлаач, сонирхогчидод олзуурхууштай зүйл байлаа. Мөн “Миний мэдэх – Зигмунд Фрейд” гэсэн сэдвийн хүрээнд олон нийтийн дунд нээлттэй зарласан эссе бичлэгийн уралдаан хорь гаруй бүтээл ирсэнээс эхний гурван байрыг шалгаруулж эссэг зохиогчид эссэгээ танилцуулсан нь сонирхолтой үйл явдал байв. Тус төвийн гүйцэтгэх захирал сэтгэл судлаач хатагтай Б. Золзаяа хүрэлцэн ирсэн зочдод З.Фрейдийн онолыг практик туршлага, хэллэгээр дамжуулан бяцхан хэлэлцүүлэг өрнүүлсэн нь хүмүүст нэгийг бодогдуулж хоёрыг тунгаасан үйл явдал байсны дээр хийлч Дэлгэрцэцэг мэндчилгээ дэвшүүлж, З.Фрейдийн зураг бүхий аяга, футболкны дуудлага худалдаа болсон билээ.

Ийнхүү Монголд нэгэн шинэ сэтгэл судлалын хэрэглээний салбарыг түгээх зорилго бүхий хамт олон болох “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-ийн нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрсөн бөгөөд олон сонирхолтой шинэлэг зүйлсээр дүүрэн олон олон ажил зохион байгуулахыг хүсэхийн ялдамж ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэе. 

Д. Лхамсүрэн