Анги хамт олон солигдвол хүүхдэд муу

Хүүхэд насандаа сургуулиас шилжих нь сэтгэцийн өвчнийг бий болгох эрсдлийг дагуулдаг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна.  Хүүхдүүд, тэр дундаа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн байдал тогтворгүй байдаг. Энэ үед нь шинэ орчин, шинэ хамт олонд оруулах нь хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлж, бие хүн төвөлшилтөнд хүртэл сөрөг хандлага илэрдэг байна.

Английн Ковентри дахь Варвик анагаахын сургуулийн судлаачдын явуулсан судалгаагаар хүүхэд насанд авсан сэтгэл зүйн гэмтэл насанд хүрсэн хойно нь эмгэг байдлаар илэрч, удаан хугацаанд үргэлжилсэн энэ байдал нь эцэстээ амиа хорлолтонд ч хүргэдэг тухай үр дүн гарчээ.

Тэд Английн баруун өмнөд хэсэгт амьдардаг ойролцоогоор 6500 гэр бүлийн хүүхдүүд дээр судалгаа явуулсан байна. Энэхүү судалгаанд сүүлийн 6 сард галлюцинаци (хий юм харах), хий хоосон зүйл мөрөөдөх шинж тэмдэг илэрсэн 12 насны хүүхдүүдийг хамруулсан бөгөөд эдгээр хүүхдүүд нь 3 болон түүнээс дээш удаа өөр өөр сургуульд шилжиж байсан байна. Судалгаанд оролцсон дээрх хүүхдүүдийн 60 орчим хувьд нь дор хаяж нэг сэтгэцийн эмгэгийн анхдагч шинжүүд илэрсэн гэжээ.

Энэ судалгааг удирдсан доктор Сваран Сингх “Сургууль, өсч буй орчин солигдоно, шинэ орчин, шинэ найз нөхөд, шинэ хамт олонд орно гэдэг нь дасан зохицох хугацаа ихээр шаардагддаг төдийгүй хүүхдийн зан байдал, бие хүнд хүчтэй нөлөө үзүүлж, сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлдэг бөгөөд бидний явуулсан судалгаагаар өөр газар шилжин очсон хүүхдүүдэд, дээрэлхүүлэх, шоглуулах, болон уур бухимдал ихтэй болж, биеэ барих чадваргүй болох зэрэг сэтгэл зүйн сөрөг илрэлүүд харагдсан юм.”

Судлаачдын тэмдэглэснээр: “Сургуулиас шилжсэн хүүхдүүдийн өөртөө итгэлтэй байдал хамгийн доод түвшинд хүрч, нийгмийн харилцаанд орох байдал нь багасч, улам хаалттай, ганцаардмал болж хувирдаг бөгөөд энэ тусгаарлагдмал байдал нь хүүхдийг хэт эмзэг болгож, сэтгэцийн эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.”

Иймээс ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид, багш нар шинээр ирсэн хүүхдүүдийн, сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах, тэднийг шинэ орчинд нь дасан зохицуулах үйл ажиллагааг түлхүү явуулах хэрэгтэй. 

Л. Сарангэрэл