Мэсний шарх эдгэдэг, сэтгэлийн шарх эдгэдэггүй

Зарим хүмүүс 30 жилийн өмнө хэн нэгэнд ямар нэг байдлаар дээрэлхүүлж, дороомжлуулж байснаа гэнэт дурсах нь олонтаа. Тэд зүгээр ч нэг үүнийг санадаггүй. Хүүхэд насандаа дээрэлхүүлж байсан ул мөр насанд хүрсэн хойно нь ч гэсэн үргэлж дурсагдаж “зовоож” байдаг. Ялангуяа олон нийтийн дунд хэл амаар элдвээр доромжлуулж байсан хүүхдэд энэ нь хүчтэй нөлөөлдөг бөгөөд олон жилийн туршид сэтгэлзүйн дарамтанд байж зарим тохиолдолд энэ байдлаас бүх насаараа ч гарч чадахгүй байдал үүсдэг.
Доромжлол ямар ч байдлаар илэрч болдог. Олон нийтийн дунд, анги хамт олны дунд ямар нэг онцгой содон зүйлээр нь шоглох, наргих, хэл амаар доромжлох, эсвэл бүр кибер хэлбэрээр ч доромжлох тохиолдол бий. Хүүхэд гэдэг аливаа зүйлийг шууд хүлээн авч шууд утгаар ойлгох нь элбэг бөгөөд тэр дундаа өсвөр насанд хүүхдийн сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, жижиг зүйл дээр хүртэл анхаарал хандуулж, дэвэргэж бодох байдал ажиглагддаг. Яг ийм “эмзэг” үед нь тоглоомоор ч бай шоглож хэлсэн үгэнд хүртэл тэд эмзэглэж насан туршдаа ч бодох нь бий.
Америкийн сэтгэцийн эмч нарын сэтгүүл дээр хэвлэгдсэн доромжлуулж байсан өсвөр насныхны дунд явуулсан судалгаанд хамгийн анх доромжлуулж байснаас хойш 10 жилийн хугацаанд хүүхэд сэтгэл зүйн ямар нэг дарамтанд байж үүнээс гарч чаддаггүй болох нь тогтоогдсон байна. Мөн уг судалгаанд дээрэлхүүлж байсан эсвэл шоглуулж байсан хүүхдийг ямар нэг байдлаар иймэрхүү зүйлтэй учирч байгаагүй хүүхэдтэй харьцуулбал сурлагын түвшин муу, бие физиологийн болоод эрүүл мэндийн асуудалтай, нийгмийн идэвхи оролцоо муу, бусдаас салан тусгаарлагдмал байдал давамгайлсан байгаа талаар дурдагджээ.
Сүүлийн 50-аад жилийн турш дэлхий нийтэд явуулсан судалгаанаас үзэхэд 7-11 насны хүүхдүүдийн дунд дээрэлхүүлж, шоглуулж байсан хүүхэд маш олон байсан төдийгүй тэдгээрийн 28% нь байнгын дээрэлхүүлдэг, 15% нь энэ бол хэвийн л үзэгдэл болсон гэж хариулсан байна. “Ямар нэг байдлаар доромжлолын хохирогч болсон хүүхдүүдэд өөртөө итгэлгүй байдал давамгайлж байгаагаас болж тухайн хүүхдүүд өөрсдийгөө удирдах, өөрийн үзэл гэж байхгүй болсон байдаг” гэжээ
Хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид хүртэл доромжлол амсаж байдаг бөгөөд үүнээс болж архинд орох, сэтгэцийн ямар нэг өөрчлөлтөнд хүртэл орж байдаг байна. Ихэнх тохиолдолд насанд хүрэгчдийн өөртөө итгэлгүй гутранги, доромжлолд өртөмтгий байдал нь хүүхэд насандаа энэ байдлаас авсан гүн гүнзгий шархнаас үүсэлтэй байдаг. Мөн 25, 45, 55 настнуудын дунд судагаа явуулахад ихэвчлэн эрэгтэй хүмүүс дээрэлхүүлдэг ба үүний гол шалтгаан нь ажилгүй, эсвэл цалин багатай, үг дуу цөөтэй, өөртөө итгэлгүй байдал зэргээс шалтгаалдаг байна.
Доромжлолд өртсөн хүүхдүүдийг сэтгэлийн шарх багатай дээр нь өөрөөр хэлбэл цаг хугацаа алдалгүй “эмчлэх” аргын талаар Хьюстон хотын Анагаах ухааны Бэйлор коллежын зан үйл судаач, психиатарч профессор Стюарт Темлов эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөж байна.
“Хүүхдүүдийг энэ сэтгэл зүйн дарамтнаас гаргах хамгийн амархан, үр дүнтэй, энгийн арга бол зөвхөн тэд нартай ярилцах, тэднийг дэмжих арга юм. Хэдий хүүхдүүд энэ байдлаа бусдад дэлгэх дургүй байдаг ч дотроо хадгалаад яваад байвал хожим 10, 20 бүр 30 жилийн дараа ч энэ нь эмгэг байдлаар илэрч болно. Тиймээс тэдэнтэй эелдгээр ярилц. Тэдний сайн сайхан чанаруудыг, бусдаас давуу байдлыг хэлж ойлгуулахнь хамгийн сайн арга. Гэхдээ та тэдэнтэй ярилцаж, сэтгэлийг нь онгойлгож байна гээд хэн түүнийг доромжилж шоглосон, хэзээ энэ явдал болсон зэргээр “байцаалт” маягаар ярилцвал энэ арга хэзээ ч үр дүнд хүрэхгүй.  Хамгийн энгийнээр тайлбарлахад л зүгээр л тэдэнтэй урьд нь харьцаж байснаасаа арай илүүгээр дотно харилцах л чухал юм. Хэдий хүүхэд гаднаа – Би зүгээр ээ, бүх зүйл хэвйн гэж байгаа ч энэ бүхэн та бүхний бодож байгаа шиг тийм хялбар асуудал биш юм.”
Л. Сарангэрэл