Хувцаслах сэтгэлзүй


Таны хувцаслах хэв маягаас шалтгаалж харилцаа хэр зэрэг амжилттай болох эсэх нь тодорхойлогддог.

Юу өмсөх вэ? Юу өмсөх вэ? ... болзооны орой та хувцасны шүүгээнийхээ өмнө сонголтоо хийж чадахгүй зогсоно. Цагийн зүү харна, гарах цаг ойртох тусам сандарч юу өмсөхөө шийдэж ядна. Толгой дотор элдэв бодол эргэлдэнэ: “Хар жинсээ өмсөөд дээгүүр нь бор цамцаа өмсвөл яах бол?” “Эсвэл даашинз өмсөх үү?” “Энэ гутлыг өмсвөл хувцсан дээр минь зохицох болов уу?” г.м. Загварын мухардалд биднийг оруулдаг хувцас сонголтын талаарх сэтгэл зүйн зарим судалгаануудыг энэ нийтлэлдээ дурдах болно. Шийдвэр хийх үйл явц, болзооны үеэр өмссөн хувцас нөгөө хүнд ямар сэтгэгдэл төрүүлдэг зэрэг хэд хэдэн сэдвийг хөндөх болно.

1. Хайрыг хайж байна уу? Улааныг өмс.


Сүүлийн үеийн судалгаагаар эрчүүд улаан хувцас өмссөн эмэгтэйг бусад өнгийн хувцас өмссөн эмэгтэйчүүдээс илүү дур булаам гэж хардаг ба илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг болох нь тогтоогдсон (Elliot & Niesta, 2008). Улаан өнгөний анхаарал татах, дур булаам байдал нь зөвхөн Америк эрчүүд дээр ажиглагддаг үзэгдэл биш, дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх эрчүүдийн сэтгэл зүйд энэ өнгө нөлөөлдөг байна. Энэ бол дэлхий нийтийн түгээмэл үзэгдэл гэж судлаачид үздэг (Elliot, Tracy, Pazda, & Beall, 2013). Учир нь улаан өнгөний сэтгэл татах (дур булаах) увидас нь ухамсараас гадуурх хүрээнд үйлчилдэг. Болзооны хувцаслалтандаа улаан өнгө нэмэх нь эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахад  тусална.   

2. Улаан биш бол? Хар өнгийг туршаад үз.

“Хар бол шинэ улаан” гэж сонссон уу? Магадгүй энэ үнэн байх. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь хар эсвэл улаан өнгийн хувцас өмссөн эсрэг хүйстнээ (ногоон, шар эсвэл цагаан өнгөтэй харьцуулахад) илүү дур булаам гэж хүртдэг  (Roberts, Owen, & Havlicek, 2010). Хар өнгийн хувцасны нөлөө зөвхөн харж буй хүнд биш, мөн түүнчлэн өмссөн хүнд үйлчилдэг. Хар цамц өмссөн залуугийн зургийг хүмүүст харуулахад бусад өнгийн хувцас (жишээлбэл, шар) өмссөн хүмүүсээс илүү дур булаам гэж дүгнэж байсан. Бүр туршилт удирдаж буй хүмүүс компьютерийн програм ашиглан цамцны өнгийг арилгахад ч хар цамцтай байсан хүмүүсийг илүү сэтгэл татам гэж үнэлсээр байсан. Та өмссөн хувцсандаа хэр их сэтгэл хангалуун байна гэдгээс шалтгаалж бусад хүн таныг хэрхэн хүлээн авах нь хамаарна.   


3. Таны хувцас “ярьдаг” байх хэрэгтэй.
Анхны болзоондоо явах гэж байна уу? Юу өмсөх вэ гэж өөрөөсөө асууж байснаас ямар сэтгэгдэл үлдээмээр байгаагаа эхлээд бод. Яаж хувцасласан тань таны өөртөө итгэх итгэл, амжилт, уян хатан байдалд нөлөөлдөг (Howlett, Pine, Orakcioglu, & Fletcher, 2013). Дэгжин, чамин хувцаслалт нь жирийн хувцас өмссөнөөс илүүтэйгээр бүтээлч сэтгэгдэл үлдээнэ (Behling & Williams, 2010). Гэвч хэт дэгжин, чамин загвар нь нийгмийн харилцаанд эвгүй байдлыг авчирдаг эсвэл бусдаас хамаарах байдлыг бий болгодог (Paek, 2011). Хуучинсаг буюу консерватив загвар нь өөрийн хяналт, найдвартай байдал, ойлголцлыг илтгэнэ.

4. Гутландаа анхаарал хандуулахаа мартуузай.
Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар хүмүүс бусдын зан араншинг тэдний өмссөн гутал дээр үндэслэн тодорхойлдог нь харагдсан (Gillath, Bahns, Ge, & Crandall, 2012). Судалгаанд оролцогчдод зөвхөн гутал харуулж, энэ гутлын эзнийг тодорхойлох (зан чанар) даалгавар өгсөн. Судалгаанд оролцогчдын гутлыг тодорхой зан чанаруудтай холбох байдал ижил байсан.  Гялалзсан гутал түгшүүрийг харуулж байна гэж хүмүүс бодож байсан. Мөн хурц хоншоортой гутлын эзэн зөвшилцөх байдал багатай; өндөр өсгийтэй гутал сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг тус тус илтгэнэ гэж үзжээ. Гэхдээ энэ сэтгэгдэл үнэн зөв гэж үү? Зарим тохиолдолд л... Ажиглагчид зөвхөн хүмүүсийн гутлыг хараад танихгүй хүний түгшүүр, зөвшилцөх байдлыг таахдаа сайн байдаг (Gillath et al., 2012).


5. Биеийн зарим хэсгээ ил гаргах уу....үгүй юу?
Бидний ухамсарт байдлаас гадуурх хүчин зүйлс хувцасны сонголтод нөлөөлдөг. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн хувцаслалтын хэв маяг тэдний нөхөн үржлийн үйл явцаас хамаарч янз бүр байдаг. Эмэгтэйчүүдийн өндгөн эс боловсрох хугацааг яг нарийн тодорхойлж чаддаггүй ба энгийн ажиглалтаар мэдэж болохгүй. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүдийн өмсөж буй хувцасны хэв маяг нь тэдний өндгөн эс боловсрох үйл явцтай холбоотой болох нь тогтоогдсон (Durante, Li, & Haselton, 2008). Үр тогтох хамгийн боломжит өдрүүдийн үеэр эмэгтэй хүн илүү задгай хувцас өмсөхийг илүүд үздэг. Ялангуяа тэд ганц бие бол биеийн аль нэг хэсгээ ил гаргасан хувцас өмсөх нийтлэг байдал ажиглагдсан.


6. Дугуй зах, торон нэхээс, хүзүүний зүүлт
Эмэгтэйчүүд үр тогтох боломжтой өдрүүдийн үеэр илүү задгай хувцаслах байдал бүр байгалиас бүрэлдсэн байдаг. Энэ өдрүүдийн үеэр тэрээр илүү загварлаг хувцаслах хандлагатай байдаг (Haselton, Mortezaie, Pillsworth, Bleske-Rechek, & Frederick, 2007). Нэгэн судалгаагаар сарын тэмдгийн мөчлөгийн өөр өөр үе шатуудад байгаа эмэгтэйчүүдийн зургийг авсан юм. Шүүгчид сэтгэл татам хувцасласан эмэгтэйчүүдийн зургийг сонгох байлаа. Сонгогдсон зургийн эзэд үр тогтох хамгийн өндөр боломжтой өдрүүд дээрээ байсан. Үр тогтох хамгийн өндөр боломжтой үе дээрээ байгаа эмэгтэйчүүд ухамсаргүйгээр илүү сэтгэл татам, загварлаг хувцаслалт сонгож буй нь ажиглагдсан.

7. Болгоомжтой хувцасла.
Юу өмссөн нь бус яаж өмссөн нь илүү чухал байдаг. Өөрийн харагдах байдалдаа анхаарал тавих нь сэтгэл татам хүртэгдах байдалтай холбоотой. Өөрийгөө “тордсон”, цэвэрхэн, нямбай хувцасласан хүмүүсийг илүү эерэгээр дүгнэж, хүртэн хүлээн авдаг (Mehrabian & Blum, 1997). Өөрийн харагдах байдалдаа анхаарал хандуулсан хүний хажууд байх нь илүү их сэтгэл ханамжийг авчирдаг.

Өөрийн гадаад үзэмжиндээ анхаарал хандуулснаар эерэг мессежийг хүмүүст өгч чадна. Үнэтэй, чамин тансаг, брендийн хувцас өмсөхдөө биш хувцасаа хэрхэн зохицуулж өмсөж байгаа нь чухал.

"Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ.”


Б. Тунгалаг