Дэлгэцийн бүтээл ба Хүчирхийлэл

Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүд тэр дундаа кино, телевизийн шоунуудад хүчирхийллийн талаар маш ихээр гарч байгаад эцэг эхчүүд санаа зовж байна.

Хүчирхийлэл бол ямар ч түүхийн үед хүүхдүүдэд үзүүлэх байтугай хэлэхээс ч хориглодог хаалттай зүйл байсан бол одоо байдал эрс өөрчлөгдөж харин ч энэ талаар илүү өдөөн хатгасан турхирсан, гайхшруулмаар кинонууд ихээр гарах болсон байна. Дэлгэцийн хэлбэрээр гарч буй энэхүү хүчирхийллийн үйлдлүүд нь хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, хүмүүжил зан үйлд хүртэл хүчтэй нөлөө үзүүлж тэдний амьдралыг эрс өөрчилж байна.

Хагас сайн өдөр бүр гардаг “Хаадын тоглоом” кинонд залуу Арья Старк Ланнистерын бууны нохой хүйтэн цуст Полливерыг маш зэрлэгээр  хөнөөдөг. Полливер Арьяагийн сэлмийг хулгайлж түүний багын найз Ломмиг хөнөөснийг мэдсэн Арьяа түүнээс өшөө авахаар түүний араас нэхэн хөөж очоод хоолойд нь сэлэм зоож түүнийг хөнөөдөг. Энэ бол HBO телевизийн өсвөр насныханд хүчирхийллийг харуулж буй кино шоунуудын хамгийн сүүлийн жишээ юм.

Хоёр долоо хоногийн өмнө гарсан ангийг үзсэний дараа нэгэн охин эгчийгээ өөрөө ч мэдэлгүй нуруу руу нь хутгалсан байна. Тэрээр өөрийн энэ үйлдлээ тайлбарлахдаа өөрт нь ямар нэг байдлаар буруу харьцсан хүнийг кинон дээр ингэж хутгалж гардаг, тиймээс эгч нь түүнийг загнасан учраас хутгалсан гэсэн бөгөөд мөн тэрээр харин ч том хүмүүс түүнийг шууд л толгойд нь буудах байсан гэж хариулсан байна.


Өсвөр үеийнхний сэтгэлзүйд маш хүчтэй сөрөг байдлаар нөлөөлж буй бас нэгэн кино бол та бидний сайн мэдэх “Өлсгөлөн Тоглоом”юм. Энэ кинонд өсвөр насны хүүхдүүдийг хооронд нь тэмцэлдүүлж өөрөөр хэлбэл бүх хүмүүсийг хөнөөсөн цорын ганц ялагч нь амьд үлддэг талаар гардаг бөгөөд энэ киног ямар ч хяналтгүйгээр хүүхдүүдэд үзүүлж байгаа явдал нь тун ч эмгэнэлтэй юм. Одоо энэ киног мэдэхгүй хүүхэд, өсвөр үеийнхэн гэж бараг үгүй болоод байгаа нь ч бас тун харамсмаар.


Үзэгчдийн тоо их байхын хэрээр ийм төрлийн кино бүтээгчдийн ашиг орлого хүртэл өндөр гарч, энэ байдалдаа хэт автаж хүүхэд өсвөр үеийнхний сэтгэхүйгээр тоглож хүчирхийлэл ихээр агуулсан киног сүүлийн үед ихээр бүтээх болоод байна.

Бидний урьдны сайн сайхан зүйлсийн бэлэг тэмдэг болсон сахиусан тэнгэр, тал нутаг, хүмүүсийн сайхан зан чанарын талаар бараг л гарахаа больж том дэлгэцээр дүүрэн хар бараан өнгө аястай кинонууд ар араасаа цуварсаар л...

Syracuse их сургуулийн түүх-соёлын судлаач эрдэмтэн Роберт Томсон “Хүмүүс ерөнхийдөө тэр чигээрээ хүчирхийлэлд автаж эхэлж байна. Тэдний ихэнх нь энэ бодит зүйл биш гэдгийг мэдсээр байж хүчирхийлэл, зодоон алаан хядааныг үзэхийг бүр илүү ихээр үзэх хандлагатай болж эхэлж байгаа нь хүүхдийн өсөлт хөгжил, хүмүүжилд хүртэл нөлөөлж байна.”

Хамгийн харамсалтай нь хүүхдүүд хэн нэгнийг доромжлох, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хэн нэгнийг цохиж гэмтээсэн зэргээр хүүхдүүдийн үйлдсэн байж боломгүй хэрцгий үйлдлүүд нийгэмд гарч буй нь хүчирхийллийг харуулсан, түүнийг дэмжсэн кино гэх мэт медиа эх сурвалжаас үүдэлтэй юм.


Л. Сарангэрэл