Гэр бүлийн маргаан тархины хөгжилд нөлөөлдөг

Зүүн Английн их сургуулийн (East Anglia - Англия) хөгжлийн сэтгэл судлалын багш, доктор Николас Вэлш 17-19 насны өсвөр үеийн хүүхдүүдийн тархины MRI зургийг авч судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогсдоос 11 нас хүртлээ гэр бүлийн дарамт, бэрхшээлтэй байсан хүүхдүүдийн хувьд хөдөлгөөн, стресс, ой тогтоолттой холбоотой бага тархины хөгжил хэвийн биш байсныг олж тогтоожээ. Мөн судлаачид тархины энэхүү хөгжил цаашдын амьдралд сэтгэцийн өвчнийг дагуулах эрсдэлтэй байж магадгүй гэж дүгнээд байна.

Урьд өмнөх судалгаануудад хүүхэд насанд тохиолдсон гадуурхагдсан явдал, хүчирхийлэл, хайхрамжгүй байдал тархины хөгжилд хэр зэрэг нөлөөлж болохыг судалж байсан бол энэ удаагийн судалгааны зорилго нь одоогоор эрүүл боловч гэр бүлийн асуудал руу илүү төвлөрч, үүнээс улбаалсан асуудал байгаа эсэхийг шалгаж тогтоох байв. Гэр бүлийн асуудал гэдэг нь эцэг эх хоорондын таагүй харилцаа, бие махбодь ба сэтгэл санааны хүчирхийлэл, гэр бүлийн гишүүдийн хоорондын таагүй харилцаа зэрэг үйл явдлууд орно гэжээ. 

Зүүн Английн их сургуулийн (UEA) багш, доктор Николас Вэлш "Бага нас, өсвөр насанд тохиолдсон бэрхшээл зовлон хожуу үеийн амьдралд сэтгэцийн өвчнийг үүсгэх аюултай нь нотлогдсон тул бидний дээрх явуулсан судалгааны үр дүн үнэхээр ач холбогдолтой юм"

"Бид зөвхөн хүүхдийн ноцтой хүчирхийлэл, шоовдорлол, хөндий харилцааны асуудлыг бус харин бага нас, өсвөр насанд тохиолдсон гэр бүлийн энгийнээс хүндэвтэр маргаан, бэрхшээл бүр идэр насны тархины хөгжилд нөлөөлж болзошгүй юм гэдгийг харуулж байна. Мөн бидний үзэж байгаагаар хөгжил муутай бага тархи нь хожим сэтгэцийн өвчнийг дагуулах шинж тэмдэг нь байдаг байж магадгүй юм. Иймд бага насанд нийгмийн хүрээллийн маргаан, бэрхшээлийг шийдсэнээр тархины хөгжил сайжирч, насанд хүрэх үеийн сэтгэцийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулах боломжтой юм."

Энэхүү судалгааг Кембриджийн их сургууль удирдаж "Neurolmage: Clincal" сэтгүүлд хэвлэсэн байна:
Цэнхэр өнгийн хэсэг нь 0-11 нас хүртэлх хүүхдэд тохиолдсон хэцүү амьдралын ул мөрөөс үүдэлтэй бага тархины үйл ажиллагааг харуулж буй бол шар хэсэг нь 14 насандаа дахин шалгахад бага тархины хэвийн бус үйл ажиллагаа томорсон байгааг харуулж байна.
Зурагны эх сурвалж: Зүүн Английн их сургууль
Нийтдээ 1200 - аас 58 залуусыг судалгаандаа оролцуулж, тэдний эцэг эхээс хүүхдүүд нь 11 нас хүртлээ ямар ч хамаагүй амьдралын таагүй үйл явдлуудтай нүүр тулж байсан эсэхийг асуужээ. Тэдгээр 58 залуусаас багадаа хэцүү амьдралтай байсан 14 настай хүүхэд нийтдээ 27 байснаас 17-19 насандаа дахин тархины бичлэгт ороход тархины асуудал улам даамжирсан байдал нь судалгаанд оролцогчдоос нийтлэг харагдаж байв.

 Эх сурвалж: Зүүн Английн их сургууль (www.uea.ac.uk)

Л. Энхтүшиг