Инженерийн сэтгэл судлал

Инженерийн сэтгэл судлал нь сэтгэл судлалын хавсарга салбар бөгөөд хүний зан байдал болон чадавхийг нэмэгдүүлэхийн тулд техник технологи, тоног төхөөрөмж болоод ажлын орчинг сайжруулж, хэрхэн дасан зохицуулах вэ гэдэг дээр анхаарч ажилладаг (Зарим талаараа хүний хүчин зүйлийн сэтгэл судлалтай (Human-Factors) төстэй).

Техник технологийн эрин зуун болсон энэ цаг үед бид алхам бүртээ янз бүрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг хэрэглэж байна. Энэ техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үр ашигтай ажиллуулахын тулд хүний хүртэхүй, мэдрэхүй, танин мэдэхүй дээр тулгуурлан таатай орчин, системийг бий болгох нь инженерийн сэтгэл судлалын гол зорилго гэж ойлгож болно.


Инженерийн сэтгэл судлал болоод эргономикийн салбар хоёрын хоорондох уялдаа холбоо маш өндөр.   (Эргономик гэдэг нь “Хувь хүний ажлын орчинд дасан зохицох явцад тулгарах аливаа асуудлыг судалж, ажлын нөхцөл, бодит байдлыг тохируулан зохицуулах шинжлэх ухаан” юм. Webster’s New World Dictionary)

Инженерийн сэтгэл судлаачид хүний чадвар, чадавхийг илрүүлэхийг зоридог ба энэхүү чадваруудыг хамгийн дээд цэгт аваачиж, алдаа эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тохиромжит системийг хөгжүүлж, сайжруулах тал дээр ажилладаг.

Уг салбар нь туршилтын сэтгэл судлалаас үүссэн бөгөөд Дэлхийн I, II дайны үеэс эхлэн ач холбогдол нь улам нэмэгдэх болсон. Өнөөдөр хүмүүс өдөр тутмын амьдралдаа, ажлын байран дээрээ техник технологи, багаж хэрэгсэлийг ашиглах нь улам ихээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэхүү салбар нь маш чухал салбар болон хөгжиж байна.

Инженерийн сэтгэл судлалын зарим баримтууд:
  • Инженерийн сэтгэл судлаачид амьдралд тулгарах “бодит” асуудлуудыг шийдэхийн тулд сэтгэл судлалын зарчим, онолыг хэргэлдэг.
  • Энэ салбарын мэргэжилтнүүд хүмүүсийн амьдралыг сайжруулахад тусладаг ба тэр бүү хэл заримдаа хүний амийг аврах чадвартай. Аюул осол, алдаа эндэгдэл гарах эрсдэлийг бууруулах замаар инженерийн сэтгэл судлаачид бүтээгдэхүүн, систем болон ажлын байрыг илүү аюулгүй болгодог.
  • Инженерийн сэтгэл судлаачид бидний өдөр тутам хэрэглэдэг техник технологийг илүү баталгаатай, хэрэгцээтэй, аюулгүй болгож өгдөг.  Тэдний бүтээж байгаа эсвэл сайжруулж      байгаа бүтээгдэхүүнүүдийн зарим жишээг дурдвал: GPS систем, гар утас, эрүүл мэндийн багаж хэрэгсэл, цэргийн багаж хэрэгсэл, нисэх хүчний техник төхөөрөмж, зам тээврийн систем мөн авто тээврийн хэрэгсэл.
  • Инженерийн сэтгэл судлаачид хэд хэдэн салбаруудад мэргэших боломжтой байдаг. Жишээлбэл: хүн-компьютер хоорондын харьцаа, нисэх хүчний үйлдвэрлэл, хүний бүтээмж, боловсрол болон сургалт,  виртуал бодит байдал, эрүүл мэнд хамгаалалын салбар, техник технологи, бүтээгдэхүүний хийц загвар, ажлын байрны аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эргономик г.м.  


      Инженерийн сэтгэл судлаачид юу хийдэг вэ?
      Инженерийн сэтгэл судлаачид дараах ажил үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
      • Хүмүүс багаж хэрэгсэл, техник технологийг хэрхэн ашиглаж, харицаж байгааг шинжилнэ.
      • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст техник технологи хэрэглэхэд нь дөхөм болгох арга замыг хайн илрүүлэх.
      • Ажлын байран дах осол аваарыг тайлбарлах ба ирээдүйд дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга замыг хайх.
      • Бүтээгдэхүүний хийц загварыг тодорхойлохдоо хэрэглэгчдийн санаа бодлыг тусгах.
      • Хэрэглэгчдийн хэрэгцээ сонирхолыг мэдэхийн тулд олон нийтийн судалгаа явуулах эсвэл ямар бүтээгдэхүүн  ямар тодорхой хүн амын бүлэгт таалагдаж буйг олж илрүүлэх.
      • Аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн бүтээх ба хүмүүсийн алдаа гаргах байдлыг бууруулах замыг олж илрүүлэх.
      • Эмнэлэгийн нөхцөлд гарах алдаа эндэгдлийн эрсдэлийг бууруулах тоног төхөөрөмж бүтээх.
      Хаана ажиллах вэ?

      Инженерийн сэтгэл судлаачид янз бүрийн салбарт ажилладаг. Бизнесийн байгууллага, корпораци зэрэг хувийн байгууллагуудад ажилладаг ба энэ нь уг мэргэжилтнүүд ажилладаг хамгийн том салбар юм. Мөн түүнчлэн коллеж, их сургууль болон төрийн байгууллагуудад ажилладаг.
      Боловсролын байдал ба шалгуурууд:

      Инженерийн сэтгэл судлаач болохын тулд ямар сургалт, боловсролын зэрэг хэрэгтэй вэ гэдэг нь та аль салбарт ажиллахаар шийдсэнээс хамаарна. Дийлэнх сонгож буй салбар нь хүний хүчин зүйл, эргономик болон хүн-компьютер хоорондын харьцаа юм.
      Энэ салбарт ажиллахын тулд хамгийн багадаа Мастерийн зэрэг эзэмшсэн байх хэрэгтэй бөгөөд Докторын зэрэгтэй бол боломж, цалин илүү өндөр байна. Инженерийн сэтгэл судлалын бакалаврын зэрэг олгодог зарим их сургуулиудыг дурдвал:
      • Georgia Institute of Technology /GA, USA/
      • New Mexico State University /NM, USA/
      • Tufts University /MA, USA/
      • United States Military Academy /NY, USA/
      Уг сургуулиудын хичээлийн хөтөлбөрт танин мэдэхүй, инженерчлэл, хүртэхүй, статистик, судалгааны арга болон суралцах үйл явц зэрэг сэдвүүд багтсан байдаг.
      Инженерийн сэтгэл судлаачдын эрэлт хэрэгцээ хурдацтайгаар өсч байгаа бөгөөд бизнес, үйлдвэрийн байгууллагууд үйл ажиллагаандаа энэ мэргэжилтнийг татан оруулж, ажиллуулах нь нэн чухал гэдгийг ойлгож байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээс өмнө инженерийн сэтгэл судлаачид үнэлэлт дүгнэлт хийж, дүн шижилгээг нь үйл ажиллагаандаа хэрэглэснээр эцсийн бүтээгдэхүүн аюулгүй, хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж байгаа юм. Анхнаасаа сайн төлөвлөгдсөн, үнэлэгдсэн бүтээгдэхүүн (үйлчилгээ) гаргах нь байгууллагын нөөцийг хэмнэхээс гадна хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм.  
      “Зам дээр байгаа тэмдэг, хэрэглэж буй гар утас, үзэж байгаа сурталчилгаа, жолоодож буй машин...бүгд инженерийн сэтгэл судлаачдын оролцоотой бүтээгдэх учиртай...”

      Б. Тунгалаг