Хөвгүүдэд ч бас "өөрийн үнэлэмж" хэрэгтэй

Доктор Мэри Хартвелл - Валкер сэтгэл гутралд өртсөн, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлгүй, зорилгогүй, гутранги, амьдралдаа гутарч явдаг хөвгүүдтэй ажилладаг бөгөөд эдгээр хөвгүүдийн ихэнх нь ирээдүйн зорилгогүй, сургуульдаа явах дургүй, найз нөхдийн хүрээлэлгүй, гэр бүлийн анхаарал халамж сул, ихэнхи цагийг онлайн ертөнцөд хийх зүйлгүй өнгөрөөж, компьютер тоглоомд донтсон байдаг. Мөн  дийлэнх нь “өөрийн үнэлэмж” багатай байсан байна.

Эрэгтэй хүүхдүүд охидыг бодвол зовлон туулах, өөрөөр хэлбэл сэтгэлийн хат багатай байдал нь “өөрийн үнэлэмж”-нд нөлөөлдөг гэсэн хандлага байдаг байна.
1995 онд Америкийн Их сургуулийн Эмэгтэйчүүдийн Нийгэмлэгээс явуулсан судалгаагаар боловсролын ялгаатай байдлын үр дүнд охид нь хөвгүүдийг бодвол “өөрийнх нь талаар төсөөлөл” багатай байсан байна.

Энэ чиглэлээр явуулсан ихэних судалгааны үр дүнгээс үзэхэд өөрийн үнэлэмж нь жендерийн хувьд харилцан адилгүй байсан байна.  7-60 насны  100 гаруй эрэгтэй эмэгтэй хүмүүс оролцсон судалгаагаар эрэгтэй оролцогчид хариулт өгөхдөө өөртөө итгэлгүй сул дорой байдалтай хариулт өгч байсан байна.  115 хүн оролцсон өөр нэг судалгааны үр дүндөөрийн үнэлэмжид жендер ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байгаа нь ажиглагдсан байна.  Дээрх судалгаанд оролцсон хүмүүсийг насны хувьд ангилж авч үзэн шинжилэхэд өсвөр насны охид хөвгүүдэд, тэр дундаа хөвгүүдэд өөрийн үнэлэмжийн байдал сул байгаа нь ажиглагдсан байна.

Өсвөр насны хөвгүүд эцэг эхийнхээ үйл хөдлөл, тэднийг хүмүүжүүлж буй арга барил, тэр ч бүү хэл амандаа үглэх байдлыг хүртэл яг тэр хэвээр нь тусгаж авч цаашлаад ирээдүйд том болж эцэг эх болох үедээ мөн л энэ зан үйлийг үзүүлдэг байна. Хэрэв тэдэнд үүнийг худалдаж авч болохгүй, хийж болохгүй, энэ зүйлийг хийх хэрэггүй зэрэг хориглосон өнгө аясаар харьцаад байвал энэ байдал даамжрах тусмаа өөрөөр хэлбэл хүүхэд том болох тусмаа өөрийн үнэлэмж буурдаг байна.


Тиймээс бид хөвгүүдийнхээ өөртөө итгэлтэй байдал өөрийн үнэлэмжийн байдалд эртнээс анхаарч хөвгүүдээ хүмүүжүүлэх нь зүйтэй юм. Үүний тулд тэдний өсвөр нас өнгөртөл хөвгүүдтэйгээ байнга ярилцаж, юу хийж болох юу хийж болохгүй вэ болоод хэдэн настайд юуг хийх нь зөв, юу хийх нь учир дутагдалтай талаар зөвлөж байх нь чухал юм.
Хөвгүүдийн “өөрийн үнэлэмж”-ийг хэрхэн дээшлүүлж хадгалж үлдэх талаар 5 санааг хүргэж байна:
  • Компьютер, онлайн ертөнцөд ихэнх цагийг өнгөрөөдөг хөвгүүдийн хувьд ихэнхдээ сэтгэлээр унасан, үргэлжид ямар нэг зүйлд санаа нь зовсон байдалтай байдаг. Тиймээс тэднийг энэ байдлаас нь гаргаж бодит амьдралд нь эргүүлэн авчрах хэрэгтэй. Үүний тулд хийж буй үйлдлийг нь урамшуулж дэмжих. Гэхдээ гэртээ суугаад компьютер ширтээд суугаа байдлыг нь биш юм. Өөрөөр хэлбэл таны хүү ямар нэг спортод сонирхолтой бол түүнийг нь дэмжээд хамтдаа дасгал хийж, хамтдаа тэр спортоор нь хичээллэж бай гэсэн үг. Түүний хичээл зүтгэлийг урамшуулж байнга магтаж бай. Магадгүй таны хүү ямар ч спортын төрлийг сонирхохгүй бол та өөр чиглэлийн үйл ажиллагааг түүнд санал болгож болох юм. Үүнд: хөгжим, уран илтгэлийн, жүжгийн дугуйлан, зургийн дугуйлан, Скаутын бүлгэм зэрэг олон нийтийн болон сайн дурын үйл ажиллагаануудад оролцуулж түүний хичээл зүтгэл оролдлого бүрийг нь дэмжиж байх хэрэгтэй.
  • Гэр бүлийнхээ хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэн нэгнийхээ чадахгүй байгаа зүйлст чаддаг нэгэн нь тусалж хамтарч хийх.  Хэрвээ таны хөрш чинь настай хүмүүс байдаг бол түүнд тусалж жижиг хэмжээний сайн үйлсийн аян ч явуулж болох юм. Гэр бүлээрээ нохойгоо салхилуулах, хамтдаа сард нэг удаа кино жүжиг үзэх зэргээр гэр бүлийнхээ хүрээнд идэвхит амьдралын хэв маягийг бий болгох нь дээр. Энэ нь нэг талаас таны хүүгийн хүмүүжилд нөлөөлөх төдийгүй таны гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан болгож өгдөг байна.
  • Хүүгийнхээ найзуудыг гэртээ урьж, хөгжилтэй зүйлсийг хамтдаа хийх боломжыг олго. Хүүгийнхээ найзуудтай ойр дотно байснаар тэднийг сайн таних төдийгүй, хүүгийнхээ хүмүүстэй харилцах харилцааг дэмжиж байгаа хэлбэр юм.
  • Хүүгээрээ цагийн ажил хийлгэ. Гэхдээ биенд нь хэт ахадсан хүнд хүчир ажил биш насанд нь таарсан хялбар ажил байвал сайн. Эсвэл эмнэлэг, улаан загалмай зэрэг сайн дурын байгууллагуудын ажилд оролцуулж, олон нийтийн дунд байлгах хэрэгтэй. Хүүхэд иймэрхүү үйл ажиллагаанаас маш олон туршлага олж авдаг төдийгүй өөрийн “БИ”-ээ нээж байдаг. Магадгүй ирээдүйн мэргэжлээ хүртэл эндээс олж авч болдог.
  • Гэр доторх үзвэрийн цагийг тогтоох. Гэр бүлийн гишүүдийн харилцааг түлхүү дэмжиж, зурагт, компьютео интернет зэргийн хэрэглээг багасгах хэрэгтэй.

Л. Сарангэрэл