Гай зовлон таныг сул дорой болгодог

Германы философч Фредрих Ницце нэгэнтээ "Туулж өнгөрүүлсэн гай зовлон таныг хүчтэй болгодог" гэжээ. Энэ ойлголт нь Ниццегийн амьдралаас дэндүү хол нийцгүй зүйл гэдэг нь тодорхой болсон (хяслантай нь түүний амьдралын сүүлийн жилүүд маш хүнд өнгөрсөн) хэдий ч америкчуудын дунд цуурайтсаар байна.

Ийм ойлголт байсаар байгаа нэг шалтгаан бол зовж шаналах нь амьдралын зайлшгүй хэсэг хэмээсэн Фройдын үзэлтэй холбоотой. Хүмүүс зовлон шаналлаа хөнгөлөх олон арга зам бодож олсны нэг нь төрөл арилжих далдын явдал байв.

Нөгөө нэг шалтгаан нь хүнд хүчир амьдралын хэв маягаас урган гарсан бүхнийг өөрсдөө бүтээн байгуулах үзлээр дүүрэн Америк ахуй соёл дээрх ойлголтод итгэхийг хүсэж байсан бөгөөд үүнийгээ маргашгүй үнэнд тооцож байжээ. Бид ямар нэгэн зүйлд тодорхой итгэл үнэмшлийг олж авсан бол бид цаашдаа харах, санах, мэдээлэх явцдаа ихэвчлэн анхны итгэл үнэмшлийг батлах юмс үзэгдэлд татагдах хандлагатай байдаг. Үүнийг өрөөсгөл хандлага гэдэг.
Сэтгэл зүйн цохилт эерэг өөрчлөлтөд хүргэдэг хэмээн биднийг бодоход хүргэдэг бас нэг шалтгаан нь орчин тойронд явагдаж буй үйл явцыг адилтган харах явдал юм. Антибиотикаар бүрэн устгагдаагүй нян мутацид орж уг антибиотикт тэсвэртэй болдог. Хүнд хүчир дасгал сургуулилт туулсан хүн илүү амжилтад хүрдэг. Гэвч хүний бие нян биш бөгөөд сайн дасгал сургуулилт сэтгэл зүйн цохилт биш юм.

Эволюцийн талаасаа байгалийн гамшгийн дараа хамгийн эрүүл чийрэг нь үлддэг нь үнэн. Гэвч тэр үлдсэн хэсгийг чийрэг болоход гамшиг нөлөөлөөгүй нь бас үнэн. Гэхдээ бидний оюун ухаан тухайн зүйлийн хувьсал хөгжлийг байгалийн гамшгаас эсэн мэнд үлдэх үйл явцтай харьцуулан хараад гамшиг л уг зүйлийг ийм хүчирхэг болгосон гэсэн дүгнэлтэд хүргэдэг юм.

Бидний тархи үндсэндээ төрөл бүрийн мэдрэхүйгээр ирж буй асар их мэдээллийг эмх цэгцтэй хүлээн авч учир шалтгаанаар ангилах зориулалттай, өгүүлэмж боловсруулах зохион байгуулалттай төсөөлөл бүтээх машин юм: Ийм зүйл тохиолдов,  ийм зүйл тохиолдоход юу  хүргэв, яагаад ингэж дуусав. Хоёр үйл явдал зэрэг тохиоход бид тэдгээрийг хоорондоо холбоотой хэмээн тооцоолж ямарч авцалдаагүй учир шалтгаан-үр дагаврын хослолд холбохоор яардаг.

Зэрэг тохиосон үйл явдлуудыг учир шалтгаан үр дагавраар нөхцөлдүүлэх нь зөвхөн хүний хандлага бус бөгөөд тогтмол бус хугацаанд хооллож буй тэжээмэл тагтаанууд, тэдгээрийн төрөлх араншингаас үл хамааран хоол гарч ирэх хүртэл хийж болох бүх хөдөлгөөнийг давтдаг байна. Тагтаанууд тэгэхлээр мухар сүсэгтэй байх нь ээ, бидэнтэй адил.

Хүмүүсийн итгэдэг өчнөөн олон нийтлэг итгэл үнэмшил энэ алдаанд суурилсан байдаг. Хөлбөмбөгийн фанат азын футболкаа өмсөхөөр баг нь хождог гэдэгт итгэдэг шиг ач холбогдол багатай итгэл үнэмшил байхад зарим нь илүү чухал зүйлд хамааралтай байдаг. Эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх хичээл зүтгэл хүүхдийн төлөвшилтэй давхцаж, олон эцэг эх тэдний хүүхдээ хүмүүжүүлэх хичээл зүтгэл хүүхдийг нь төлөвшүүлж байна гэж боддог. Гэтэл судалгааны үр дүн тийм биш гэдгийг харуулсан. Үнэн хэрэгтээ учир шалтгаан үр дагаврын холбоос эсрэгээрээ байдаг. Эелдэг зан төлөвтэй хүүхдийн эцэг эх өөрсдийгөө хүүхэд хүмүүжүүлэх чадвартай гэж  боддог. Гэтэл сайн хүүхдүүд ихэвчлэн сайн эцэг эхийг бий болгодог байна.

Учир шалтгааныг нь олж тогтоон зовлон шаналлаа хөнгөлөх гэсэн эрмэлзэл, өмнө нь оюун ухаанд тогтсон итгэл үнэмшлийг бататгах мэдээллийг хайдаг хандлага, нэгэн зэрэг тохиолдсон үйл явдлуудыг хооронд нь учир шалтгаан үр дагавраар холбох нь  амьдралын их сургуулийн ойлголтод бид яагаад итгэхэд хүрдгийг тайлбарлахад туслаж байгаа юм.

Гай гамшиг тохиолдсоны дараа хүн илүү сэтгэлийн тэнхээтэй болсон бол энэ нь голцуу уг гай гамшигтай холбогдолгүй үйл явц байдгийг сэтгэл зүйн судалгааны үр дүн харуулдаг. Амьдралын их сургууль хүнийг цохилтод оруулж унагахаас өөр үр нөлөөгүй. Ниццегийн үзэл болон кантри жанрын дууны өгүүлэмжээс үл хамааран, бид гай гамшиг тохиолдсон газар сул дорой болдог. Үнэн хэрэгтээ гай гамшиг биднийг сул дорой болгодог.

Хүүхдийн өсөлт хөгжилтийн судалгаагаар өмнө нь сэтгэл зүйн цохилтод өртөж байсан хүүхдүүд дахин сэтгэл зүйн цохилтод өртөх хандлага өндөр байдаг нь тогтоогджээ. Хэцүү хөршүүдтэй орчинд өссөн хүүхэд сэтгэлийн тэнхээтэй бус дорой болдог. Тэд амьдралд хөлөө олохдоо ихэвчлэн зүдэрдэг.

Насанд хүрэгчдийн хувьд ерөнхийдөө ижил. Жишээ нь, саяхны нэг туршилтаар эрүүл саруул насанд хүрэгчдэд айж сандарсан болон тайван царайг үзүүлж сэтгэл хөдлөлийн тархины амигдала хэсэгт үйл ажиллагааг соронзон хэлбэлзлийн дүрслэгч (MRI)-ээр харжээ. Туршилтад оролцогчдын тал нь 2001 оны 9 сарын 11-нд Дэлхийн худалдааны төвөөс 1.5 бээрийн хүрээний дотор, үлдсэн тал нь 200 бээрээс гадна байжээ. Оролцогчдод айж сандарсан царай үзүүлэхэд Дэлхийн худалдааны төвд ойр байсан оролцогчдын сэтгэл хөдлөлийн ой санамжийн хэсгийн үйл ажиллагаа алс байсан оролцогчдынхоос мэдэгдэхүйц идэвхтэй байсан. Тэрлүүлэх судлаач Барбара Ганзел "Судалгааны үр дүн сэтгэлийн хатуужилтай хүнд хүртэл сэтгэл зүйн цохилтоос урт хугацааны нейробиологийн корреляци үүсдэг байж болзошгүйг харууллаа" гээд "Сэтгэл зүйн цохилт сэтгэцийн эмзэглэл бий болгож улмаар олон жилийн дараа сэтгэцийн өвчинд хүргэж болдгийг бид аль хэдийнээс мэддэг. Энэ туршилт сэтгэцийн эмзэглэлийн цаад биологийг танин мэдэх алхам боллоо" гэж хэлжээ. Сэтгэл зүйн цохилтын үлдээсэн мөр гашуун туршлага болохоосоо илүү шарх сорви болдог.

Би олон жилийн өмнө Израйлд цэргийн алба хааж байхдаа сургуультай ноход оролцсон бүрэлдэхүүнтэй террористуудын эсрэг ажиллагааны бэлтгэлд хамрагдсан. Би бүрэлдхүүний даргаас тэдгээр довтолгооны зэрлэг нохдыг хаанаас олж ирснийг асуухад тэрээр надад ингэж хариулсан юм. Нохой нь нохойгоо барьж иддэг тарчиг гудамжны орчноос амьд үлдсэн золбин ноход террористуудын эсрэг ажиллагаанд хамгийн сайн тохирно гэж ихэнх хүмүүс итгэдэг. Үнэн хэрэгтээ эсрэгээр байдаг. Гудамжны ноход тогтворгүй араншинтай бөгөөд сургуулилт авдаггүй учир энэ болон бусад зорилгод ашиглах боломжгүй байдаг. Амьдралынхаа туршид сайтар арчлуулж, хайрлагдаж, хамгаалуулж байсан ноход террористуудын эсрэг ажиллагаанд хамгийн сайн тохирдог  байдаг.Хүний амьдралд ч бас иймэрхүү  үзэгдэл  таарч л байдаг.

Эмх замбраагүйтэл, эвдрэл сүйрэл таныг хатуужуулахгүй, таныг аюул гамшгийг сөрж  зогсоход бэлтгэхгүй. Дулаан хайр, анхаарал халамж таныг хатуужуулдаг. Учир нь тийм орчин таныг ирээдүйн гай гамшигтай нүүр тулах, түүнд зохицох, тэр ч бүү хэл хэрхэн тулалдахад хүртэл суралцах боломж бололцоог бүрдүүлэн өгдөг.


Noam Shpancer, Ph.D.

The Good Psychologist

номны зохиолч
Otterbein их сургуулийн проф.


Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл 2011/1