Хоёр Туйлт сэтгэцийн эмгэг


Та урьд нь сэтгэл санаа нь маш хурдан солигддог хүнтэй таарч байв уу? Жишээ нь, энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэв гэнэт бүх хүмүүс түүнээс нүүр буруулсан мэт аймшигт зовлон зүдгүүрт нэрвэгдэж буй хүн шиг тийм нэгэн хүнтэй тааралдаж байсан уу? Магадгүй ихэнхи хүмүүс тийм гэж хариулж болох юм. Бидний сэтгэл санаа үргэлж хувирч л байдаг. Зарим өдөр баяр баясгалантай, зарим өдөр уур бухимдлаар дүүрэн өдрүүд тохиолдож л байдаг. Эдгээр нь хүний өдөр тутмын асуудлууд хийгээд бие физиологийн циклээс хамаардаг билээ. Гэвч хэдхэн цаг аль эсвэл цөөн хэдэн хоромын дотор хүний сэтгэл санаа амиа хорлох түвшинд хүртлээ гутарч, хэсэг хугацааны дараа түүнээс илүү азтай хүн байхгүй мэт баяр хөөртэй болдог зэрэг хачин жигтэй шинж тэмдгээр илэрдэг өвчнийг хоёр туйлт сэтгэцийн эмгэг гэдэг. Сэтгэл санааны хэвийн байдал бол завсрын, гутрал нь доод түвшний, хөөрөл нь дээд түвшний гэж гурван шатлалаар авч үзвэл дээд ба доод түвшинд хүрэх хугацаа маш богино байдаг.

Хоёр туйлт эмгэгийг (bipolar disorder) урьд өмнө нь "manic depression" гэж нэрлэдэг байсан. Хоёр туйлт эмгэгтэй хүн хэт хөөрдөг (гол төлөв "маниак" гэж нэрлэдэг), эсвэл уналтанд ордог (гол төлөв сэтгэл гутрал гэж нэрлэдэг). Энэхүү хөөрөл ба уналтын байдал нь хэдхэн хором, цаашлаад хэдэн цаг, хоног өдрийн хооронд хэлбэлздэг бөгөөд урт хугацаанд үргэлжилдэг. Хөөрлийн байдал нь хэт их аз жаргал, хэт хурдан хөдөлгөөн, бусдыг давж гарах гэсэн бодол санаа, хурдан ярих зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Харин уналтын байдал бол хэт их уйтгарлаж гуних, аилваа зүйлд дур сонирхолгүй болж таашаал авч чадахгүй байх, итгэл найдварын мэдрэмжгүй болох гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг. Дунджаар зарим хоёр туйлт эмгэгтэй хүмүүс уналт ба хөөрлийн дундах сэтгэл санааны хэвийн түвшинд 3 жилийн турш тогтвортой байх тохиолдол бий.

Энэ өвчний шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Судлаачид дараах хүчин зүйлс байж магадгүй гэж үзжээ:

  • Хоёр туйлт эмгэг нь гэр бүлийн шинжтэй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд сэтгэл санааны ямар нэгэн өвчтэй байх тохиолол бий.
  • Хоёр туйлт эмгэгтэй эцэг, эх нь өөрсдөө энэ өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлэх шинжтэй байдаг.
  • Хэрэв эцэг, эх хоёул хоёр туйлт эмгэгтэй бол хоорондоо төстэй биш ихэр хүүхдүүд тус өвчнийг тусах магадлал 25%-тай болдог.
  • Хэрэв хоёул төстэй ихрүүд байсан тохиолдолд төстэй бус ихрүүдээс 8 дахин илүү өвчлөх магадлалтай болдог.
  • Сэтгэл санаанд нөлөөлөх амьдралын үйл явдлууд хоёр туйлт эмгэгийг үүсгэх магадлалтай.
  • Удамшлын хүчин зүйлсээс гадна амьдралын буруу хэвшил, архидалт, дааврын өөрчлөлт зэргээс шалтгаалах тохиолдол бий.
Эх сурвалж: www.psychcentral.com


Л. Энхтүшиг