ТАТ аргын хөгжил ба түүх
1930-аад оны эхэн үеэр Харвардын их сургуулийн Харвард сэтгэл судлалын клиникийн захирал Хенри Мюррей түүх өгүүлэх үзэгдэл нь хүний психодинамик болон зан үйлийг илүү сайн ойлгож, сэтгэцийг илрүүлэх бололцоотой юм байна гэдгийг сонирхон судлах болсон юм. Мюррей мэс заслын эмчийн чиглэлээр суралцсан, биохимийн докторын зэргийг хүртсэн, сэтгэл судлалыг бие даан судалж байсан боловсролын туршлага, мэдлэгтэй хүн байжээ. Тэрээр З. Фрейдийн нээлтүүдболон К. Юнгийн үзсэнээр “хүний төсөөлөл нь хүртэхүйгээсээ илүү ул суурьтай” байдаг гэсэн санааг дэмжиж, өөрөө тэр бүхэнд тайлбар хийдэг байжээ (Murray, 1951/1953, p.6). Өөрөөр хэлбэл, Мюррей тэдгээр нэрт эрдэмтдийн “зүүд, фантаз, бүтээлч хүч, сэтгэл хөдлөлийн проекци, үлгэр домог”-ийн судалгаа шинжилгээг нь дэмжиж өөрийнхөө хувьд ихээхэн гүнзгийрүүлэн судалсан байдаг. Дурсан сануулах зурагтай холбоотой нилээд олон туршилт, судалгаа явуулсны дараа Мюррей эрдэмтэн Кристина Морган ба бусад клиник салбарын эрдэмтэдтэй хамтарч өнөөгийн сонгодог TAT- г зохиожээ.
ТАТ нь нийтдээ 30 карт зурагнаас бүрддэг бөгөөд тэдгээр нь үйл явдал ба нөхцөл байдлыг агуулсан хар ба цагаан өнгийн зурагтай байдаг. Судалгаанд оролцогч зурагнуудад түүх зохиож ярьдаг. Эдгээр зурагнууд ямар нэгэн утга агуулгагүй бөгөөд тэд асуултын дагуу өөрийн төсөөллөөр зохиож ярьдаг. Нийт зургийн 20 зураг нь насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүнд үзүүлэхээр зохиогдсон бол хоёр зураг нь эрэгтэй, эмэгтэй хүүхдэд үзүүлэхээр зохиогдсон. Х. Мюррей 10 карт тус бүрийг нэг цагийн давтамжтайгаар хоёр тасалж нэг удаагийн уузалт зохион байгуулахыг санал болгосон. Харин орчин үед клиник сэтгэл судлаачид нэг удаагийн уулзалтаар 10 карт болон түүнээс бага картыг хэрэглэх хандлагатай байдаг. Ярьсан сэдэв, агуулсан түүх нь тухайн хүнийг хайртай хүнтэйгээ, найз нөхөдтэйгөө, эцэг, эхтэйгээ харилцах харилцаа ба фигурын шалтгаан зэргийн мэдээллийг илрүүлэх боломжтой байдаг. Мөн сэтгэл хөдлөлийн зөрчилтэй нүүр тулахад үүсч, түүнийгээ зохицуулахын тулд үүссэн зан төлвийн хэв маяг ба өөрийнх нь талаарх ойлголт зэрэг хүний амьдралын үзэл баримтлалтыг нэвт шувт харж болдог.
TAT-г Харвардын сэтгэл зүйн клиникт танилцуулж (1935/1981) С. Морган, Х. Мюррейнар илтгэлдээ бичихдээ:
“ТАТ бол хэн нэгэн хүн нийгмийн төвөгтэй нөхцөл байдалд тайлал хийх оролдлого хийхийн тулд хүний анхаарлыг төвлөрүүлж буй үзэгдлийн тухай өөрөөр нь өөрийнх нь тухай маш их яриулах чадвартай маш сайн хүлээн зөвшөөрөгдсөн баримтууд дээр үндэслэсэн юм. Хүн зөвхөн зурган дээр байгаа обьектив үйл явдлыг тайлбарлаж байна гэдэгтээ итгэж буй учраас өөрийнхөө хамгаалтыг хэрэгсэхгүй болгодог. Зарим нэг нь “чихээ дарсан” мэт үл хайхарсан байдаг бол үүгээр хүний өнгөрсөн амьдралын туршлагын ул мөр, айдас, хүсэл, шийдвэр ба дотоод хүчлэлийг илрүүлж болдог.” (p.390)
C.Морган, Х. Мюррей нар судалгаанд оролцож буй хүнд түүх өгүүлэх даалгаврыг өгөх нь тухайн хүний ихээр дарагдаж буй хэрэгцээнүүдийг илрүүлэх, фантазыг нь бодит илрэл болгох ач холбогдолтойгэдгийг урьдчилан харсан байдаг.
ТАТ-н ярьсан түүхэнд C. Морган, Х. Мюррей нар Мюррейн зохиосон бие хүний ойлголтын зарчмаар анализ хийдэг. Түүхийг өгүүлж буй хүн зурган дээр байгаа нэг дүрийг хамгийн ихээр тодорхойлно. Тэр дүр нь ярьж буй түүхийн гол баатар нь болдог. Баатар эх дүрээс хүний хүчлэл, сэдлүүд урсан гарч, баатар гэснийг “хэрэгцээ” хэмээх нэр томъёонд оруулдаг. Орчны хүчлэл ба нөхцөл байдлын аффект[1]нь “дарамт шахалт” гэж нэрлэсэн хэрэгцээний илэрхийлэл байдаг. Сэтгэл хөдлөлийн “үр дүн” нь дарамт шахалт ба хэрэгцээ хоёрын харилцан үйчлэлийн үр дүн юм. Үр дүн, дарамт шахалт, хэрэгцээ гурвын харилцан үйлчлэлээс үүсэх зан үйлийн үр дүнг “thema” гэж нэрлэдэг. Ярьсан цуврал түүхээс thema-н хэв маяг /pattern/-ийг олж нээснээр түүхийг ярьсан хүний бие хүний гол цөмийг харах боломж олддог.
С. Морган, Х. Мюррей (1935/1981) нар “ТАТ-г бие хүнийг хамгийн гүн гүнзгий ойлгох хэрэглээний арга” гэж дүгнэсэн (p. 401) бөгөөд түүнчлэн өвчтөндөө хандаж буй психоанализ процессийг хурдасгахад тусладаг, ялангуяа залуу насанд хүрэгчдийн хувьд урт хугацааны терапи хэрэгцээгүй, аль эсвэл боломжгүй байгаа тохиолдолд ТАТ-ийг хэрэглэх тохиромжтой байдаг.
ТАТ-н хөгжлийн явц Х. Мюррейгийн “бие хүнд тайлбар хийх” алдарт судалгааны хэсгээр тодорхойлогддог. Анх Харвард Сэтгэл зүйн Клиникийн ажилтнууд бакалаврын 15 оюутныгаа оношилж байв. Эхлээд бие хүний тэмцэн өрсөлдөх, хүч чадлын шинж болон патологи ба түүний шинж тэмдгүүдийг клиник сэтгэл судлал талаас нь чиглэн судалжээ. Хоёрдугаарт шинэчилсэн “мултиформ” загварыг сайжруулсан. Мөн судлаачдын зүгээс “оношилгооны зөвлөл” байгуулагдаж оролцогч бүрийн профайлыг гүн гүнзгий нээх үүднээс эрэл хайгуул, судалгаа хийж байна. Гуравдугаарт хүний зан чанар бүрийн ер бусын, цогц төвөгтэй талыг нээх зорилгыг хэрэгжүүлсэн. Ингэснээр психодинамикын[2]туршлагатай энэхүү ойлголт болох Мюррейгийн персонологи онол үүссэн. Үүнд хэрэгцээний 29, дарамт шахалтын 20, мөн эдгээрийн хооронд нь харилцан хэрэглэж болохоор системчилсэн зургуудийн дүрслэл багтдаг. Энэ бүхний эцэст судлан шинжлэх нь персонологи онолоор дэмжигдэх өргөн хүрээний кейс судалгаагаар баяжсан ба ТАТ-н үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг.
Х. Мюррейн бие хүний цаас ба харандаа тестийг хангалтгүй, хүнийг бүхлээр нь ойлгоход хэтэрхий энгийн мэдээлэл өгч байна гэдгийг ойлгосон юм. Өөр нэгэн проектив[3]тест Роршахын бэхэн толбоны тест[4]бол аль хэдийн хэрэглээ болж, олны дунд маш хурдацтай түгэж байв. Энэ нь хэд хэдэн суурь ойлголттой бөгөөд ихэвчлэн хүний зан үйлийг лабораторын нөхцөлд судалж хүртэхүй дээр нь суурилдаг. Тестийг боловсруулахад тоон судалгаа ба хүний психодинамик агуулагдаж буй зурганд тайлал хийж профайл руу нь мэдээлэл цуглуулдаг тусгай боловсруулалтын хувьсагчуудтай байдаг. Эдгээр мэдээллүүд бодгалийн сэтгэл засал явуулах үйл явцад тус дэм болох, төлөвлөхөд хэрэглэгддэг.
ТАТ аргад Роршахын тестэд байдаг болон түүнээс ч их зүйл байдаг гэж эрдэмтэд үздэг. Клиник сэтгэл судлаачид хүртэхүйгээс бие хүний динамикыг гарган авахын тулд Роршахыг ашигладаг бол ТАТ-г апперцепц[5]ээс бие хүний динамикыг илрүүлэхэд ашигладаг. Өөрөөр хэлбэл Роршахын тест бол тэр хүн дэлхий ертөнцийг яаж харсан бэ гэдгээр психодинамикыг илрүүлдэг (Роршахын картуудаас тодорхой байдаг). Харин ТАТ тэр хүн дэлхий ертөнцийг хэрхэн ойлгосон бэ гэдгээр психодинамикыг гаргадаг бөгөөд хүний сэдэл, төлөвлөгөө, хүлээлт, нийгмийн нөхцөл байдлын утга учрыг гаргаж ирдэг. Түүх яриулах ойлголтод “проектив” таамаглалыг нэмж оруулснаар (Frank, 1939) ТАТ-ийн үндэслэл, итгэлт найдварын чанар чамгүй олон хүмүүст шууд таалагдах болсон юм.
ТАТ ба Роршах хоёулаа боловсруулах аргачлалтай. Роршахын хувьд бодгалийн хүртэхүйг оролцуулж цуврал таталсан симбол-дүрсээс юу тусаж харагдав гэдгийг онцгойлон үздэг. Харин ТАТ-н хэрэгцээ ба дарамт шахалтын боловсруулах аргачлал нь илүү төвөгтэй, нарийн нямбай ажил байдаг. Роршахын тоон хувьсагчуудтай яг адилхан. Гэхдээ Роршахын хувьсагчуудын тест төвтэй байдаг бол ТАТ-н хувьсагчууд зурганд өгч буй түүхүүдээс мэдээлэл, баримт цуглуулахдаа шүүмжлэлтэй ханддаггүй, харин бие хүний динамикын өөрийн онолын системээ ашигладаг.
ТАТ ба Роршах хоёулаа баталгаат найдварт чанар өндөртэй, нарийн төвөгтэй, сэтгэл зүйн тест болохын хувьд стандартыг хангаж, түүнийг баримталж байдаг гэдгээрээ ижилхэн тайлбартай. Мөн хоёул хүний сэтгэл зүйн эмзэг асуудлыг хөнддөг.
Бие хүний тайлбар хийхийг хүлээн зөвшөөрөх нь сэтгэл судлаачдын бүлгийн хувьд ялгаатай байдаг. Тэдний дунд онолын зарим асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй ч тохиолдол бий. Тэдгээрээс эхний бүлэг сэтгэл судлаачид психометр талруугаа чиглэсэн, тестийн баталгаат найдварын түвшинг шалгаж үзэхдээ статистикыг маш ихээр ашигладаг. Тэднийхээр психометрийн стандартад хүрэхгүй, тест гэж хэлэх боломжгүй, оношилгоо болон судалгааны зорилгоор ашиглах хэрэггүй гэж үздэг (Eysenck, 1968).
Хоёр дахь бүлэг сэтгэл судлаачдын хувьд ТАТ-г хүлээн зөвшөөрөх хандлага нь арай илүү байдаг. Тэдний ихэнхи нь эмч нар байдаг бөгөөд психометрийн[6]хандлагыг дэмжигч нарыг хүлээн зөвшөөрөхгүй хандлагатай байдаг. Мөн энэхүү бүлэг сэтгэл судлаачдын зарим хэсэг нь ТАТ-г психометрийн стандартад хүрнэ гэж үзэж байгаа бол өөр нэг хэсэг эмч нар ТАТ бол тест биш, учир нь тестэнд өвчтөнтэйгөө ярилцах хооронд тэднийг оношилж болдог арга зүй байдаг юм гэж үзэж байв. Үүнтэй адилаар эмч нар ТАТ-г дутуу, боловсруулж чадаагүй материалуудыг гүйцээх, нэмж мэдээлэл олох үүднээс хэрэглэдэг гарын авлага, мөн ТАТ бол зүгээр л стимули-өдөөгч гэж ойлгох жишээтэй. Иймэрхүү хандлагаас болж ТАТ-г “Thamatic Apperception Educator” эсвэл “Thematic Apperception Technique” гэж нэрлэх нь арай дээр (Мюррей (1943) educator гэдэг үгийг санал болгож байв) гэж ойлгож байв.
ТАТ-г 1936 онд Харвардын сэтгэл зүйн клиник тусгай зөвшөөрөлтэйгөөр олонд түгээж байсан. Гэхдээ 1943 онд картууд нь хэвлэгдэж өнөөгийн хэрэглээг бий болгохоос өмнө гурав болон түүнээс дээш удаа залруулга хийгджээ. Тухайн үед (1943) Мюррей дараах залруулгыг хийж байв:
ТАТ бол зарим нэг доминант болсон хэрэгцээ, сэтгэл хөдлөл, дур хүсэл, бие хүний зөрчил, комплексуудыг илрүүлэн тайлал хийх арга зүй юм. Илрүүлэн гаргахад саад тотгор учруулдаг хандлага нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл өвчтөн эсвэл судалгааны субьектийн тэр хандлагыг болиулж чадахгүй, хүлээн зөвшөөрч бас чадахгүй. Учир нь энэ бүхэн ухамсаргүйн шинжтэй зүйл юм (P. 3).
ТАТ-н судалгаанд оролцож байгаа хүн хэний ч мэдэхгүй “өөрийн дотоод би-гийн рентген зургийг” гаргаж ирэх болно (p. 4).
ТАТ клиникийн практикд маш хурдацтайгаар олны танил болсон. 1946 оноос хойш ТАТ-г олон нийтийн судалгаанд ашиглаж, клиник сэтгэл судлаач нарт нэн хэрэгтэй юм гэдгийг бүгд ухаарсан юм. Мөн клиник сэтгэл судлаачдын хамгийн түгээмэл хэрэглэдэг тестүүдээс чансаагаараа 4, 5 р байранд явдаг байв (Archer, Mariush, Imhof & Piotrowski, 1991). ТАТ нь чансаагаараа Векслерийн насанд хүрэгчдийн оюун ухааны тест (WAIS), Миннесотагийн олон хүчин зүйлст бие хүний тест (MMPI), Бендер Гештальт хараа-хөдөлгөөний тест, Роршахын бэхэн толбоны тест зэрэг оношилгооны аргуудын урд бичигддэг байв.
Ихэнхи сэтгэл судлаачид ТАТ-г ашиглахын тулд тусгай сургалтад бэлтгэгддэг боловч стандарт хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэггүй хүмүүс ч бас бий (Rossini & Moretti, 1997).Олон судлаачид бэлтгэгдэж буй хэдий ч обьектив тестийн хөгжилтэй холбогдох проектив техникүүдэд хандах сонирхол зарим талаараа буурч байна (Rouse, 1996; Watkins et al., 1995).
Бие хүн ба нийгмийн сэтгэл судлаачид хэдэн мянган нийтлэл бичиж (1950-д онд 100 гаруй илтгэл, нийтлэл байсан бол 1970-аад онд 1800 гаруй илтгэл, нийтлэлийг байсан байна; Groth-Marnat, 1997) ТАТ-г улам баяжуулж байв. ТАТ улам сайжрах тусам түүний судалгааны хүрээ улам тэлж үүнд эмгэг бие хүн, нийгмийн хандлага, танин мэдэхүйн хэв маяг, уран дүрслэн төсөөлөх процесс, гэр бүлийн динамик, сэтгэл хөдлөлийн урвалд орох чанар, бэлгийн дасан зохицох чадвар, амжилтын сэдэл-хэрэгцээ, дотносол, түрэмгийлэл, бүтээлч шинж чанар, аффектийн түвшин, хүчирхийлэл, өвчний эдгэрэл, төвөггүй ярих чадвар зэрэг судалгааны сэдвүүд нэмэгдсээр байна.
ТАТ болон ТАТ-н төрлүүдийг дэлхийн бусад орнуудын судалгаанд өөрийн орны болон хүмүүсийн онцлогт тааруулан хэрэглэгдэх нь түгээмэл болсон (Retief, 1987).Тэдгээр улс орнуудын хувьд цэрэг арми, байгууллагын ажилтан сонгож мэдрэл сэтгэл судлалын оношилгоо, хуулийн дүгнэлт гаргах гэж ашиглаж байна (Үүнд Үндэсний Агаарын Нисэх Хүчин ба Сансрын Удирдлага, Энхтайвны корпс). Харин өнөө үед ТАТ арга дэлхий дахинд өргөн дэлгэр хэрэглэгддэг тест болжээ.
· [1] Аффект (Affect) Ихэнхи эрүүл сэтгэл хөдлөлөөс ихэнхи эмгэг сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс болон энгийнээс хамгийн төвөгтэй мэдрэмжээс шаналсан (өвчилсөн) сэтгэл хөдлөлийн ба мэдрэмжийн бүх төрлийн туршлага
· [2] Сэтгэцдинамикийн хандлага (Psychodynamic approach) Сэтгэл хөдлөлийн эмгэгийг үүсгэдэг, хандлагад нөлөөлдөг, зан чанарыг бүрдүүлдэг ухамсаргүйн сэдлээс үүсэлтэй гэж үздэг хүний зан үйлийн талаарх сэтгэл зүйн ба сэтгэцийн эмгэг судлалын хандлага (APA).
· [3] Проектив техник (Projective technique) Зарим тохиолдолд үүсэх өндөр хэмжээний хариу үйлдэл, өвөрмөц шинжийг, онцлогуудыг илрүүлэх зорилгоор бүтээгдсэн хоорондоо хамааралтай бэлтгэгдсэн цуврал өдөөгчөөс бүрддэг бие хүний бүх төрлийн оношилгоо (APA).
· [4] Роршах бэхэн толбоны тест (Rorschach Inkblot Test) Арван бүтэцгүй бэхэн дүрсүүдийг үзүүлдэг проектив тест (ихэнхи нь хар ба саарал боловч өнгөтэй хэсэг дүрсүүд байдаг). “Энэ юу байж болох вэ? Эндээс юу харж байна вэ?” гэж асуудаг. Судалгааг удирдагч нь туршигчийн өгсөн хариултуудыг өнгө (C), хөдөлгөөн (M), детайл (D), бүхэл (W), нийтлэг буюу түгээмэл (P), амьтан (A), хэлбэр (F), хүн (H) гэсэн сэдэв (агуулга) ба бүтцэд ангилдаг [Херман Роршах 1920-д оны эхэн үеэр бүтээсэн] (APA).
· [5] Апперцепци (Apperception) 1. Зарим зүйлийг ухамарлан хүртэх процесс эсвэл үйл явдал 2. Хүний сэтгэл хөдлөл, бодол санаа, мэдлэг дээр суурилсан бодол санаа эсвэл хүртэхүйгээр үүсч буй сэтгэцийн (оюун ухааны) процесс (APA).
· [6] Психометр (Psychometric) 1. Оюун ухааны хэмжүүрийн сэтгэл зүйн техник ба онол 2. Оношилгооны хүчин зүйлстэй холбогдох сэтгэл судлалын салбар. Гол төлөв психометрийн сэтгэл судлал, психометр гэж нэрлэдэг (APA).
Сэтгэл судлаач Л.Энхтүшиг
0 comments: