З. Фрейдийн "Онго Шүтлэг ба Хорио Цээр" бүтээлийн тухай


Психоанализ бол сонгодог ба неофрейдизм гэж хоёр төрөлд хуваагддаг. Сонгодог психоанализын хувьд бол З. Фрейдийн хөгжүүлсэн онол, нэр томъёо, хэллэг тэр чигтээ хэрэглэгдэж байдаг бол орчин үеийн психоанализд бага зэргийн ахиц, сайжруулалт оруулснаараа ялгаатай. Харин неофрейдизм нь сонгодог психоанализыг Фрейдийн шавь нар тус бүртээ өөр өөрийнхөөрөө өөрчилж, хувиргасан байдаг.

Ер нь психоанализ болон психоаналитик хандлага ялгаагүй ухамсаргүйн тухай л судалдаг. Гэвч эдгээр онол, хандлага гарч ирэхээс өмнө ухамсарт бус сэтгэцийн тухай хэн нэгэн эрдэмтэн судлаачид дурьддаг байсан. Жишээ нь, Аристотель, Платон, О. Кант, Г. Спенсер гэх мэт маш олон сэтгэгчид хүний сэтгэлийг ямарваа нэг үл мэдэгдэх ухамсаргүйн сэтгэц удирддаг юм байна гэсэн санааг аль эртнээс дэвшүүлж байсан юм. Харин З. Фрейд энэ санааг шинэлэг бөгөөд өөр түвшинд системтэйгээр оруулсан. Түүнийгээ ч хэд хэдэн чамбай бүтээлүүдээр харуулсан.

Тухайлбал 1900 онд хэвлүүлсэн алдарт Зүүдний Тайлалбүтээл нь хүний сэтгэцийн амьдрал нь сэрүүн үеийн болоод нойрны үеийн идэвхжил ялгаагүй байдаг гэж үздэг. Мөн нойрны үеийн сэтгэцийн амьдрал нь хий дэмий зүйл биш, харин ухамсарт бус сэтгэц рүү орох баталгаатай гарц байж. Заримдаа невроз энэхүү нойрны үеийн сэтгэцийн амьдралд илрэн гардаг ажээ.

Түүний дараагийн бүтээл болох Эго ба Ид нь хүний сэтгэл зүйн бүрдэл хэсгийг тодорхой болгосон. Үүнийг топографийн загвар гэж нэрийддэг. Хүний сэтгэл зүй бол ердөө хоёрхон туйлтай бөгөөд түүний доод туйлыг ИД, дээд туйлыг Суперэго, энэ хоёрыг зохицуулдаг туйл нь эго юм. ИД гэдэг нь латинаар Оно буюу тэр гэсэн утгатай бөгөөд хүний анхдагч суурь хүсэл, хэрэгцээ, сэдэл бүхэн байдаг. Үүнийг хязгаарлаж тогтоодог нь Суперэго юм. Суперэго нь хүүхэд насны хожуу үеп буюу балчир насанд төлөвшдөг бөгөөд хүний ёс суртхууны дээд хэлбэр юм. Гэвч хэт их Ид-ийн хүсэл давамгайлах эсвэл Суперэгогийн хэт их хязгаарлал бий болох тохиолдлын аль аль нь хор хөнөөлтэй. Харин энэ хоёрын тунг нь зохицуулдаг нь эго юм гэдгийг энэхүү бүтээлээрээ нотолсон.

Түүний удаах бүтээл бол Хорио Цээр ба Онго шүтлэг юм. Тэрээр 1912-1913 оны явцад Имаго сэтгүүлд нийт дөрвөн удаагийн багц эссенүүдээ хэвлүүлж байсныхаа дараа нь ном болгож хэвлүүлсэн юм. Тэдгээр эссенүүдэд Цусан төрөлтэйгөө ойртохоос эмээх, Хорио Цээр ба Хоёрмол сэтгэл хөдлөлийн харьцаа, Анимизм[1], ид шид ба бүхнийг чадаг бодол санаа, Хүүхэд насны тотемизмийн эргэн эрэлт зэрэг нэртэй сэдвүүд багтсан байдаг. Тэрээр энэхүү бүтээлээрээ хүмүүс яагаад шашин эсвэл ямарваа нэг эд зүйл, амьтан, дүрс бэлгэдлийг шүтдэг, мөн хүмүүс цусан төрөлтэйгөө ойртохоос эмээх дархлал яаж бий болоод байна вэ гэдгийг психоанализ онолтой холбож ойлгуулах гэсэн зорилготой байдаг.

Эдгээр цогц нийтлэлүүд буюу эссенүүдийн зорилго нь угсаатны зүйчид, хэл шинжээчид, билиг зүйчид, нөгөө талаас психоаналистууд гэсэн энэ хоёрын хоорондын зууч болох юм.

Цус ойртохоох эмээх дархлалыг аль эртний үеэс харж болдог. Жишээ нь, энэхүү номонд дурьдсанчлан Австралын эртний уугуул иргэдтэй тун ойролцоо амьдардаг омог бол өөрсдөө урц сууц барьдаггүй, хаад ноёд гэж байдаггүй мөртлөө цусан төрөлтэйгөө бэлгийн харилцаанд орж болохгүй гэдгээ дээд зэргээр ухамсарласан байдаг. Хэрэв энэ хорио цээрийг зөрчсөн эрэгтэй, эмэгтэй хэн ч бай түүнийг цаазаар авдаг байсан. Мөн хамаатан садан, төрөлтэй нь цаазаар авдаг байж.

Эрт үеийн овгийн гэр бүлийн зохион байгуулалтыг авч үзвэл экзогами буюу өөр овог аймгаас эсрэг хүйстнээ сонгох тохиолдол нь санамсаргүй шинжтэй байдаг. Тухайлбал “а гэр бүл нь нөгөө овгийн ббиш в гэр бүлийн хүнийг сонгохдоо санамсаргүй шинжтэй байдаг бол овгийн б гэр бүл нь нөгөө овгийн с гэр бүлийн хүнтэй хамтран амьдардаг жишээтэй.

Болохгүйгэх овог аймгийн гэр бүлийн хорио цээр нь ямарваа нэгэн шашны эсвэл ёс суртхуунлаг зүйл ер биш юм. Үнэн хэрэгтээ өөрөө өөрсдийгөө хориглож цээрлэж байдаг. Ёс суртхууны хоригоос ялгаатай нь ямар нэгэн үндэслэл шаарддаггүй юм. Өөрөөр хэлбэл ийм учраас үүнийг хийж болохгүй гэх зүйл энд байхгүй мөртлөө үүнийг хөндлөнгөөс харсан хүнд учир битүүлэг мэт санагдах боловч харин даган мөрдөж буй хүнд угаас ойлгомжтой мэт санагдана.

Бүдүүлэг овог аймгуудын хорио цээрийг орчин үеийн нийгэмтэй адилтгаж болохгүй гэх хандлага гарч ирж магадгүй хэдий ч үнэн хэрэгтээ өнөөгийн хууль бол овог аймгийн хорио цээрийн үргэлжлэл байдаг.

В. Вундтын үзсэнээр хорио цээр нь эхэн үедээ чөтгөр шулмаас эмээх төдий байсан бол Фрейд үүнийг аль эрт үеэс эдгээр нь тусдаа салж, мөн хорио цээр нь сэтгэцийн тогтонги амьдрал болсон гэж үзсэн юм.

Чөтгөх шулам, сүнсэнд итгэх хорио цээрийн ёс нь анимизмтай холбоотой. Судлаачдын үзсэнээр хүний нойрны үеийн болон үхлийн өвөрмөц үзэгдлүүдийн ажиглалтын үр дүн үүссэн бидний сонирхолтой холбоотой аж.

Эцсийн үр дүнд табу буюу хорио цээр нь З. Фрейдийн гаргасан проекци хэмээх ойлголлтой ижил юм. Тэрээр 1905 онд бичсэн Эго ба Хамгаалах механизм хэмээх номондоо сэтгэл зүйн хамгаалалтын тухай дэлгэрэнгүй шингээсэн байдаг. Хэд хэдэн хамгаалалтын тухай байх боловч Хорио Цээр-тэй холбоотой нь проекци юм. Сэтгэл зүйн хамгаалалт гэдэг нь тэр чигтээ ухамсаргүйн шинжтэй. Харин проекцийн хувьд тайлбарлавал хүн өөрийгөө түгшүүрт автуулахгүйн тулд ямарваа нэгэн үйл ажиллагаанд өөрийгөө татан оролцуулдаг. Жишээ нь, ажил дээрээ даргадаа өөрийн буруугаас болж загнуулсан ажилтан хүн гэртээ очоод өөрийн буруугаа эхнэр, хүүхдэдээ тохож тэдэнд уурлах байдлаар илэрдэг. Гэвч энэ нь ухамсартай буюу санаатай зорилго биш, харин ухамсаргүйн шинжтэй гэж Фрейд тайлбарласан байгаа юм.

Табу буюу хорио цээр нь чухамхүү үүнтэй л холбоотой гэсэн ажээ. Монголчуудын хувьд эмэгтэй хүн ууланд гарч болохгүй гэх хорио цээрийг эрэгтэйчүүд өөрсдөөс нь илүү гарч магадгүй гэсэн түгшүүрээ намжаахын тулд энэ мэт хорио цээрийг ухамсаргүйгээр гаргаж ирдэг байж магадгүй юм. Зөвхөн Монгол биш, бүх соёл иргэншилд санаанд оромгүй гэмээр хачирхалтай хорио цээрүүд байдаг. Цаашдаа ч хүн улам соёлжих тусам хорио цээрийг гээнэ гэж байхгүй, улам далд байдлаар оршсоор байх болно.

З. Фрейд бол тайлагдашгүй бэрх сэтгэл зүйн, нийгмийн, антропологийн үзэгдлүүдийг өөрийн үзлээр тун гарамгүй тайлбарласан хүн. Мөн Хорио Цээр ба Онго Шүтлэг бүтээлийн хувьд тэрээр дан ганц өөрийн үзлээр бичсэнгүй, үүнээс сэргийлж В.Вунд, Г. Спенсер болон бусад антропологчдын бүтээл, судалгааг иш татаж, түүн дээр нь оновчтой гаргалгаа хийжээ.

Өнөө үед З. Фрейдийн нэр томъёо, үг хэллэг, онол сэтгэл судлалын болоод бусад салбарт хэрэглэгдэж байгаа хэдий ч түүнийг эсэргүүцсэн хүмүүс дутахгүй олон. Түүний онолд алдаатай зүйл их бий. Угаас сэтгэл зүйн нарийн үзэгдлүүдийг тайлбарлаж чадахгүйд хүрэхээр ухамсаргүйгэж нэрлэсэн ер бусын зүйлд тохчихдог. Орчин үед энэхүү ухамсаргүй гэх ойлголтыг баталж, шалгах боломжгүйг тайлбарлачихсан байгаа. Нөгөө талаас А. Эллис түүний үзлийг шүүмжлэхдээ ухамсаргүй хэрэв байдаг бол түүний ул суурийг мэдчихлээ, харин дараа нь яах вэ? Гэхлээр хариулж чаддаггүй дутагдалтай хэмээсэн. Харин үүний оронд ухамсартай ба ухамсаргүй гэхийн оронд хүний итгэл үнэмшлийн тухай хөндөх нь чухал юм.

З. Фрейдийн кейс судалгаанууд зарим талаараа няцаагддаг. Бүр зарим кейс баримтуудаа үхэхээсээ өмнө шатаасан байдаг. Магадгүй хойч үе нь, эсвэл хэн нэгэн судлаачид уншаад хэрэггүй байх гэж бодсон биз. Гэх мэтээр түүний алдаа дутагдал бидний харах өнцгөөс л шалтгаалах болно.

Ямартай ч түүний Онго Шүтлэг ба Хорио Цээр бүтээл нь яагаад хорио цээр үүсдэг вэ, яагаад ямарваа нэг зүйлийг тахин шүтдэг вэ гэх мэт энгийн мөртлөө чухал асуултуудад нарийн нямбай хариулж чадсан бүтээл болсныг өнөөгийн антропологичид, сэтгэл судлаачид, түүхчид хүлээн зөвшөөрдөг юм.

Ашигласан материал:

APA, Dictionary of Psychology, 2007

Interpretation of Dreams, Sigmund Freud, 1900

Totem and Taboo, Sigmund Freud, 1912,1913



[1] Ой мод, гол ус, үүл гэх мэт байгалийн үзэгдэлд хандах итгэх үнэмшил (APA, The Dictionary 
 of Psychology)

Л. Энхтүшиг