Нойргүйдэл
Техник технологийн өндөр дэвшлийн энэ цаг үед хүмүүсийн ихэнх нь нойргүйдэл гэсэн “өвчинд” нэрвэгдэх болсон. Нойргүйдэлд автсан хүмүүсийн ихэнх нь шөнө бүр нойр нь хүрэхгүй тарчлан, хоёр хажуугаар ээлжлэн хөрвөж, эцэст нь эм ууж л унтдаг. Удаан хугацаагаар нойрны эм хэрэглэвэл мэдрэлд муугаар нөлөөлөн хар дарж зүүдлэх нь ихэсдэг.
Үүнээс гадна нойргүй болох олон шалтгааныг тоочиж болно. Үүнээс хамгийн гол шалтгааныг нойр хүрэхгүй гэсэн айдаст автах хэмээн америкийн эрдэмтэн Клатман олон жил явуулсан судалгааныхаа эцэст нотолж байна.
Энэ айдсаас болж нойрсолтыг саатуулах түлхэц болдог бөгөөд ямар ч хүн удаан хугацаагаар нойргүй явж чадахгүй. Удаан хугацаагаар нойр ханахгүй явах нь хүний бие организмд муугаар нөлөөлнө.
Иймд нойргүйдлээс сэргийлэх хамгийн гол арга бол тогтсон цагт унтах хэвшилтэй болох явдал юм. Нэг хэмээр давтагдах чимээ, тухайлбал цагийн зүүний цохилтын дуу чимээ нь унтахад багагүй тусалдаг юм.
Нойргүйдэлд хүргэдэг өөр нэг гол шалтгаан бол мэдрэлийн ядаргаа. Биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нойр сайтай, шөнө сэрдэггүй, хар дарж зүүдлэхгүй бөх сайн унтаж чаддаг бол харин оюуны, суугаа ажил эрхэлдэг хүмүүс ихэвчлэн нойргүй болж яваандаа мэдрэлийн ядаргаа болдог байна. Мөн золгүй явдал, хүчтэй сэтгэл хөдлөл, гаслан зовлон, дэглэмгүй замбараагүй амьдралын хэв зуршил зэрэг нь нойр муудахад нөлөөлнө. Үүнээс гадна гадны дуу чимээ, агаарын бохирдол, хэт орой хооллох, тав тохь муутай оронд унтах зэрэг нь нойргүйдэлд хүргэнэ.
Удаан хугацааны туршид нойр муутай явах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж, цаашлаад хүний насыг ч богиносгоно. Хэрэв хүн ханатал нойр авч унтаж чадвал, царай зүс сайхан болж, сэтгэл санаа өөдрөг явах болно.
Эмэгтэй хүн үдшийн 22 – 24 цаг гэхэд унтсан байвал сайн тул унтах бэлтгэлийг эртнээс хангасан байхыг хичээх хэрэгтэй. Үүнээс гадна оройн 19 цагаас өмнө оройн хоолыг идэхийн зэрэгцээ унтахаас гучин минутын өмнө салхинд гарч, явган алхаж хэвшвэл бөх сайн унтаж чадна.
Орны хувьд нэлээд хатуу, дэр жижиг байвал зүгээр. Япон бүсгүйчүүд эрт үеэс жижиг хатуу чулууг толгой доороо дэрлэж унтдаг байсан нь жирийн хэрэг биш юм. Энэ нь нямбай янзалсан үсийг тэр хэвээр нь хадгалан хүзүүнд үрчлээ тогтохоос сэргийлдэг байж.
Нойр нь хүрдэггүй хүмүүс унтахын өмнө 36 – 40 хэмийн халуун устай онгоцонд 10 – 15 минут суувал их тустай байдаг. Мөн анир чимээгүй тайван орчинд, гэрлээ унтраан унтах хэрэгтэй юм.
ИНЕГ-ын сэтгэл судлаач Н. Туяа
0 comments: