Амжилтын Ертөнц

Амжилт гэдэг бол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, хүрэхсэн гэж тэмүүлдэг тэр зүйл нь байдаг. Бид бүгдээрээ амьдралаас олдож болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг. Хүн дундаж амьдралтай байсан ч дорой явахыг хүсдэггүй. Хэн ч хоёрдугаар зэргийнх гэдгээ мэдрэх, ийм маягаар цааш үргэлжлүүлэхийг албадахад дуртай байхгүй. Тэгвэл амжилт гэж чухам юуг хэлэх вэ? Та өөртөө ийм асуулт тавьж байсан удаа бий юу?
Амжилт - өөрийгөө хүндлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Амжилт мөн айдас, эргэлзээ, түгшүүр, гунихрал, урагшгүй байдлаас гарч эрх чөлөөтэй болохыг ч бас илэрхийлдэг. Амжилтад хүрнэ гэдэг нь байнгын илүү их сэтгэл хангалуун байдал, аз жаргалыг олж авах, амьдрал нь тантай холбоотой хүмүүсийн төлөө илүү их зүйл хийх, сайшаагдах, ажил дээрээ, нийгмийн дунд хүндэтгэл хүлээх гэсэн үг байдаг. Зарим тохиолдолд амжилт хувь хүний амьдралын сайн сайхныг илэрхийлэх нь ч бий. Нэг үгээр хэлбэл амжилт бол ялалт юм.
Хүмүүсийг сайн ажиглавал зарим нь амжилтад хүрч, алхам тутамдаа ялалт байгуулдаг. Харин үлдсэн хэсэг нь яагаад ч юм тэгэхийг хүсдэг боловч чаддаггүй.
Нэг эрдэмтэн шилэн хоргонд царцаанууд хийж, дээрээс нь шилээр таглаад хэдэн цагийн турш ажиглажээ. Эхлээд тэд их өндөр үсэрч, дээд талын шилэн хаалтыг мөргөөд буцаж унаад байсан боловч хэсэг хугацааны дараа шилэн хаалтыг мөргөхгүйгээр арай доохнуур үсэрч сурцгаажээ. Энэ байдалдаа нэгэнт дассан учир тэд шилэн хаалтыг авсны дараа ч мөн л өндөр үсрэхгүй байсаар байгаад хоосон шилэн хоргон дотроо өлсөж үхэцгээсэн гэдэг. Тэд зохиомлоор бий болгосон олдмол рефлексийг даван туулж, түүнээс гажиж чадсангүй. Хүмүүс ч гэсэн үүнтэй адилхан. Бид эхээс төрмөгцөө хэсэг хугацаанд орчиндоо дасах гэж оролдож, дараа нь сууж, сурдаг. Дараа нь мөлхөж, явж сурна. Хүүхэд бүхэн явах гэж оролдохдоо тэнцвэрээ олж чадахгүй, дахин дахин унадаг. Ярьж сурах гэж бас л хэрдээ том саад бэрхшээлийг давцгаадаг. Энэ бүхэн бүгдээрээ л бусдыг биш, харин өөрийгөө ялах жижигхэн ялалтууд байдаг. Гэвч бид магадгүй мянга мянган удаа "Чи чадахгүй, болохгүй" гэдэг үгийг сонссоор байгаад яг л хүсэл мөрөөдөл, бодит байдал хоёрыг зузаан гэгчийн яагаад ч хагалах аргагүй шилэн хаалтаар тусгаарлачихсан гэдэгт итгэж эхэлдэг. Энэ хандлага яваандаа итгэл үнэмшил болон хувирч, хүмүүсийг үлбэгэр байдалд оруулдаг. Зарим нь шилэн хаалтыг давах нь боломжгүй зүйл гэдэгт итгэдэг учраас хүссэн зүйлд нь хүргэх алхмуудыг олж хардаггүй.
Гэхдээ энэ шилэн хаалтыг давах хүч хүн бүхэнд бий. Үүний тулд өөр хэн нэгнийг бус, харин өөрийгөө л ялж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөртөө итгэж сурах, өндөрт гарах, бэрхшээл саадыг даван туулах нь боломжтой зүйл гэдэгт итгэх хэрэгтэй юм. Хэрэв өөр хүмүүс чадаж байгаа бол та яагаад чадахгүй гэж? Тэр хүмүүс танаас юугаараа ялгаатай юм бэ? Ялгаа нь зөвхөн өндөрт гарах боломжтой гэдэгт, гарч чадна гэдэгтээ итгэх эсэхэд л байдаг. Ихэнх хүмүүс өөртөө итгэдэггүй учраас тэд хүч чадлаа дайчилж, шилэн хаалтыг давах гэж оролддоггүй. Хэрэв та өөртөө итгэхгүй байгаа бол өөр хэн нэг нь итгэх л болно. Тэгээд энэ хаалтыг ч давах болно.
Гэхдээ мөрөөдөл, итгэл хоёрыг битгий хольж хутгаарай. Мөрөөдөл бол зорилго, харин итгэл бол хүссэндээ хүрэхэд хэрэгтэй хүч чадал, эв дүй, энергийг бий болгодог. Учир нь "Би үүнийг хийж чадна" гэдэгтээ итгэсэн үед бодол санаа "Үүнийг яаж хийх вэ?" гэдэг асуултад хариулахад бүхэлдээ чиглэгддэг.
Бидэнд өдөр бүхэн хүнс тэжээл хэрэгтэй болдгийн адил оюун ухаанд ч бас өөрийн гэсэн тэжээл шаардагддаг. Харин энэ нь хор байх уу, эм, аминдэм байх уу, эсвэл зөвхөн ус байх уу гэдгийг сонгох боломж бас бидэнд бий.
Ухаалгаар авч болох арга хэмжээ бол сөрөг бодлуудаа хөөх явдал юм, Түүний хэрэгцээ бидэнд байхгүй. Тэр таны эргэн тойронд тэнүүчилж, "Чадахгүй, амжилтад хүрэхгүй" гэх зэргээр үглэхийг нь сонсох хэрэгцээ танд байхгүй. Нэгэнт хүслээ биелүүлэхэд тань туслахгүйгээс хойш хүлж баглаад хогийн саванд хийчих. Таны оюун санаанд шинэ бодол санаа орж ирэхэд "Үүнийг яаж хийх вэ?" гэж өөрөөсөө асуу. Тэр танд хэрхэн амжилтад хүрэхийг зааж өгнө. Өөрөөр хэлбэл, амжилтад хүрэх үү, үгүй юу гэдгээ та л өөрөө сонгоно. Та болон таны амьдрал өөрийн тань бодол санааны бүтээгдэхүүн болохоос өөр юу ч биш.

Амжилтад хүрэх хамгийн эхний алхам бол шилэн хаалтыг давж   амжилтад хүрнэ гэдэгтээ итгэ.

ИНЕГ-ийн сэтгэл судлаач Н. Туяа