Б.Ууганцэцэг: Үйлчилгээ шаардах бус үйлчлүүлж сурах хэрэгтэй

Монголчуудыг хүнд үйлчилж чаддаггүй хүмүүс гэдэг. Тиймдээ ч манай үйлчилгээний салбарт ихэнхдээ гадныхан байдаг. Зэрэгцээ байрлалтай Монгол, Вьетнам авто засвар байхад жолооч нар яагаад Вьетнамыг сонгодог вэ? Чанартай үйлчилдэг гэсэн хариултыг ихэнх хүн өгдөг. Тэгэхээр монголчууд нүгэлийн нүдийг гурилаар хуурдаг гэсэн үг үү? Бид яагаад үйлчилгээний салбарт өндөр үнэлэгдэж чадахгүй байна вэ? Энэ монгол хүний сэтгэлзүйтэй холбоотой болов уу? Энэ бүхний хариултыг олох зорилгоор Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
-Монголчуудын сэтгэлзүйн гол онцлог нь юу вэ?
-Ер нь монголчууд маш их барьцамтгай хүмүүс. Бүх юман дээр барцдаг. Энэ барьцамтгай зан нь хоёр үр дагавар авчирч байгаа юм. Нэгдүгээрт нь барьцнаасаа болоод маш их атаархуу зантай болчихсон байдаг. Өөрөө тэр зүйлийг хийж чадахгүй байж хий дэмий атаархаад суудаг. Үүнээсээ үүдээд бид юмыг маш их шүүмжилдэг. Их шүүмжилдэг хүнээс бүтээлч сэтгэлгээ гардаггүй. Бас хор шартай ч, түүгээрээ дамждаг бүтээлч сэтгэлгээ нь маш бага. Азийн бусад орныхон тийм биш. Барьцамтгай зангаа сайн талаар хөгжүүлж, бүтээмж болгодог. Гэтэл бид яриад л, нэг нэгнээ доош нь хийгээд л байдаг.  
-Барьцамтгай, хор шартай гэхээр бусдаас дор ормооргүй санагдаад байна л даа?
-Манайхан хэзээ ч дотогшоогоо, өөр рүүгээ хардаггүй. Бүх зүйлд бусдыг гэдэг. Эхлээд өөрөө өөртэйгээ тулалдаж, өөртэйгээ барьцах хэрэгтэй. Ийм чанар байдаггүй. Амьдралаас, бусдаас том зүйл авах гээд байдаг. Тэгээд өөрөөсөө юу авмаар байгааг нь асуухаар юу гэсэн үг юм гээд гайхдаг. Үнэндээ бол тэр эрч хүчийг, сэдлийг, амьдралын зорилгыг өөрөөсөө авах ёстой. Буруу буруу буруу, Бүх юм бусдын буруу гэдэг дуу чинь яг монгол хүний сэтгэхүй.
-Барьцамтгай зангаа зөвөөр ашиглаж чаддаггүйн жишээг манайхны үйлчилгээний салбараас харж болох нь. Манай авто засварыг вьетнамууд, хоолны салбарыг солонгосчууд гэх мэтээр үйлчилгээ бусдын гарт орсон?
-Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чаддаггүйтэй л холбоотой. Нүгэлийн нүдийг гурилаар хуурах гээд том үг байдаг даа. Юманд сэтгэлээсээ ханддаггүй, сар сүр гэсэн зантай. Дээр нь бид суурин соёл иргэншилтэй болоод удаагүй байгаа. Тэр соёл иргэншил тогтож байж бид хүмүүстээ зохицож амьдарна. Өөрөөр хэлбэл хүнд үйлчилж амьдарна  гэсэн утга цаана нь байгаа юм. Нүүдэлчин соёл иргэншилд хүнд үйлчлэх утга ерөөсөө байдаггүй. Зөвхөн өөрөө өөртөө эсвэл гэр бүлдээ үйлчилдэг. Эрхэлж байсан аж ахуйтай нь ч холбоотой. Манайхан хүнд сүүгээ зарах гэж бус өөрөө уух гэж аж ахуй эрхэлдэг. Бусдаас сүү худалдаж авахгүйгээр бүгд өөр өөрийнхөө амийг аргацааж байсан. Харин одоо хийж байгаа үйлдлийн ихэнх нь үйлчилгээ болчихсон. Үйлдвэрлэл байхгүй учраас үйлчилгээгээр бүх зүйлээ авч явдаг. Тэгээд бусдад үйлчилж амьдарна гэхээр гайхаад байдаг. Гадуур үйлчилгээний сургалтууд зохион байгуулагддаг. Манайх ч гэсэн хүнд ингэж үйлчлэх ёстой гэсэн сургалтыг явуулдаг. Үйлчилгээний маш олон стандарт байдаг. Гэтэл энэ стандартыг дагадаг хүн ч байхгүй. Харин дагаад хийж байгаа газрыг нь хүмүүс хуурамч, худлаа, дүр эсгэж байна гэж шүүмжилдэг. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч тэр  соёлдоо дасаагүй.
-Гадаадад ажиллаж байгаад ирсэн монголчууд арай өөр үйлчилгээ үзүүлдэг юм шиг харагддаг?
-Тэнд байгаа стандартыг энд үзүүлэхийг хичээдэг. Харин үүнийг нь хүмүүс хүлээн авч чаддаггүй. Өндөр түвшний үйлчилгээг авах соёлд бид суралцаагүй. Бүр тодруулбал нэг хүн бүрийн соёлын түвшин маш доогуур байна гэсэн үг.
-Тэгэхээр хүнд үйлчилж сурахын тулд бид яах ёстой юм бол?
-Үйлчилж сурахын тулд гэхээсээ илүү бид эхлээд үйлчилгээ авч сурах хэрэгтэй. Авч байгаа хүмүүсийн боловсрол доогуур учраас хичнээн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх тусам шоконд ордог. Дэлхийн гэдэг юм уу, барууны тэр стандартыг үзүүлээд эхлэнгүүт гайхаад соёлын шоконд ордог. Тухайлбал, би өөрийнхөө байгууллагын жишээг дурдахад манайх барууны жишигт нийцсэн сэтгэлзүйн үйлчилгээг өөрийнхөө төвөөр дамжуулж өгье гэхээр монгол хүний сэтгэлзүйн онцлогтой нийцдэггүй. Тэр үйлчилгээнд дасах дадах үйл явц удаан үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл нэг удаа үйлчилгээ аваад шууд сайжрахгүй гэсэн үг. Монгол хүний юмыг ойлгоод өөр дээрээ хүртэж хүлээж авах чадвар муу биш. Гэхдээ би айхтар сайн гэж бас хэлэхгүй. Хорин жилийн хугацаанд сайжирч чадаагүй. Аливаа зүйлийг өөрийн болгож, хөрсөндөө суулгаж, өөрийнхөө соёл, сэтгэхүйн онцлогт нийцүүлнэ гэдэг удаан хугацааны тасралтгүй үйл ажиллагаа байх ёстой. Манайхан гаднаас ямар нэг үйлчилгээ оруулж ирээд бүтэхгүй болохоор нь хаячихдаг. Хүнд үйлчилж чаддаг, тэр үйлчилгээг авах чадварт бид суралцах хэрэгтэй. Үйлчилгээ өгсөн ч нөгөө хүн нь түүнийг авах соёлын түвшин доогуур бол яагаад ч бүтэхгүй. Жишээлбэл Хятад улсын хөгжил маш өндөр. Гэтэл хятад хүнд оногдох нэг хүн бүрийн соёлын түвшин маш доогуур. Дэлхийн хөгжилд нийцсэн стандарт нэвтэрсэн ч түүнийг авах чадвар хятад хүнд байдаггүй. Тийм байх ёстой гэсэн соёлын өндөр түвшин тавьчихаад түүнийгээ гүйцэх үйлчлүүлэгчийн сэтгэлзүй нь бэлтгэгдээгүй гэсэн үг.
-Үйлчлүүлэгчдээ дагаад үйлчилгээний салбар маань хөгжихгүй байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тиймээ, хөгжихгүй байна. Үйлчилгээний салбар хөгжихгүй байгаа учраас үйлчлүүлэгч нь ийм гэдэг. Харин би бол эсрэгээр нь хардаг. Үйлчилгээг авах хүмүүсийн боловсрол дээшлэх юм бол түүнийг дагаад үйлчилгээ сайжирна. Өөрөөр хэлбэл шаардлагаа зохих хэмжээнд тавиад эхэлбэл үйлчилгээний чанар дээшилнэ.

Эх сурвалж: www.toimsetguul.mn
В.Батцэцэг