Түүхэн сэтгэл судлалын судалгааны арга
Түүхэн сэтгэл судлалын судалгааны арга
Шинжлэн судлах аргууд
Зан үйл болон таамаглалыг тайлбарлах аргуудыг үйл явц, арга техникээс нь хамааруулж олон хэлбэрт хувааж болдог. Нэг сонгодог ангилалыг Runkel болонMcGrath нар санал болгосон юм (1972; 1982). Тэд 8 үндсэн аргыг гаргаж ирсэн бөгөөд тус бүртээ өөр өөрийн гэсэн онцлогтой аж. Уг 8 нь арга 4 хэсэгт хуваагдах ба нэг хэсэгт ижил төстэй хоёр арга багтаж байгаа юм. Аргууд хоёр тэнхлэгээр байрлана: (1) судалгааны үйл явц тулгалт /нөлөө/ хийсэн эсвэл хийгээгүй эсэх байдлын түвшин (2) судалгаа ерөнхий зан үйлийн систем эсвэл тодорхой нэг зан үйлийн систем рүү чиглэх түвшин.
Энэ аргууд судалгааны дараах 3 зорилгыг дээд зэргээр биелүүлэхийг зоридог. Үүнд:
· А – судалгаа олон нийтийг хамарч, судалгааны үр дүнг ерөнхийлөн нэгтгэн гаргах
· В – судлаж буй хувьсагчид нарийн тодорхой, нарийвчлалтай байх
· С – хувьсагчдын үнэлгээ, дүгнэлт бодитой байх.
Дан ганц арга энэ гурван зорилгыг дээд зэргээр биелүүлж чадахгүй. Нэг зорилгыг дээд зэргээр биелүүлэхэд нөгөөдүүл нь зарим талаар орхигддог. Учир нь арга бүр өөрийн гэсэн тодорхой давуу тал болон үүрэгтэй байдаг. Тиймээс судлаачид судалгааны арга боловсруулахдаа арга бүрийн давуу талуудыг багтаасан байвал зохимжтой. Хүмүүсийн "эсрэг хүйстнээ шилэн сонгох" зан байдлыг судалсан судалгаанууд дээр эдгээр аргууд хэрхэн хэрэглэгдэж буйг одоо хүргэх болно.
I хэсэг
Нэгдүгээр хэсэгт багтсан хоёр аргын үед судалгаанд оролцогчид нөхцөл байдлыг бодитоор хүлээн авдаг. Мэдээллийг "ахуйн" байдлаар цуглуулдаг ба судалгаанд оролцогчид өөрсдийгөө судлуулж байгаагаа ихэвчлэн мэддэггүй. Судлаачид хүмүүсийг хоёр замаар ажигладаг: 1) туршигчийн мэхлэлт бүхий нийгмийн хүрээлэлд (талбарын туршилт) 2) ахуйн нөхцөлд (талбарын шинжилгээ).
Талбарын туршилтын үед зарим хэлбэрийн “хууран мэхлэлт” явагддаг бөгөөд судлаач нийгмийн орчинг өөрчилж, дараагаар нь оролцогчдын зан үйлийг ажигладаг. Харин талбарын шинжилгээний үед “хууран мэхлэлт” явуулдаггүй ба тулгалт /нөлөөлөл/ бага байлгахыг эрмэлздэг. Энэ хоёр аргын давуу тал бол үнэлгээ дүгнэлт бодитой байдагт оршино.
Clark болонHatfield (1989) нарын хийсэн судалгаа талбарын туршилтын гайхалтай жишээ болох юм. “Танихгүй эсрэг хүйстэн болзоонд урихад уг урилгыг хүртэх байдлыг хүйсийн ялгаатай байдлаар” судалсан. Танихгүй хүний урилгыг эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хүлээн авна гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байлаа. Жүжигчид буюу судлаачийн хамтрагчид /дундаж төрхтэй/ туршигдагчид дээр очин 3 асуулт асуусан: “Өнөөдөр завтай юу?”, “Манай гэрт ирэхгүй биз?”, “Надтай хамт байгаач?”. Туршилтын үр дүнд эрчүүдийн 70% урилгыг хүлээн авсан бол, нэг ч эмэгтэй уг урилгыг хүлээн аваагүй юм.
Энэ аргачлалын нэг давуу тал бол оролцогчид өөрсдийгөө туршилтад орж байгаа гэдгийг мэддэгүй учир тэдний шийдвэр үнэн, бодитой байдаг.
Ихэнхи талбарын шинжилгээ зан үйлийг нь ажиглахдаа оролцогчдод нөлөөлөл үзүүлэх нь бага. Жишээ нь Givens (1983) болонPerper (1985) нар эсрэг хүйстнээ “эргүүлэх” зан үйлийг илүү ахуйн нөхцөлд /цэнгээний газар/ судалсан. Тэд уг зан үйлийн таван үе шатыг гаргаж ирсэн: анхаарал татах, мэндчилэх, ярих, хүрэх, цаг хамт өнгөрөөх. Ахуйн нөхцөлд хүмүүсийг ажигласнаар лабораторид илрүүлэхэд төвөгтэй, боломжгүй зарим зан үйлийг илрүүлж болдог.
Уг аргуудыг дүгнэвэл: уг аргуудын нарийвчлалтай, тодорхой байдал бага ба хяналт сул (В), янз бүрийн ард түмний үр дүнг нэгтгэн, ерөнхийлж, харьцуулахад төвөгтэй (А). Жишээлбэл, Clark болон Hatfield нарын туршилт нэг л үндэстэнг хамарсан учир соёлын ялгаанаас шалтгаалж үр дүн өөр өөр гарах боломжтой.
II хэсэг
Энэ хэсэгт багтаж буй аргууд судлаачын хяналт маш өндөр шаарддагаараа онцлог юм. Өмнөх хоёр аргаас ялгаатай нь туршигдагчийн оролцож буй нөхцөл өдөр тутмын амьдралын хэв маягаас өөр байдаг. Янз бүрийн нийгмийн, нөхцөл байдлын орчин туршигдагчийн бодол, сэтгэл хөдлөл, зан үйлд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт гол анхаарлаа хандуулдаг. Оролцогчид янз бүрийн туршилтын нөхцөлд шилждэг. Туршигдагчдыг янз бүрийн нөхцөл байдалд оруулж, гарсан үр дүнг хооронд нь харьцуулж, эсвэл нэг нөхцөлд хүмүүс ямар ялгавартай хандаж байгаа зэргийг судладаг. Иймээс судалгаа илүү нарийвчилсан гардаг ба шалтгаан-үр дагаварын холбоосыг сайн харуулдаг нь уг аргуудын гол давуу тал юм.
Лабораторийн туршилтын жишээг хүргэе. Roney (2003) “сэтгэл татам бүсгүй харсныхаа дараа эрчүүд өөрсдийгөө хэрхэн харж, үнэлэх вэ” гэдгийг судалсан. Эрчүүдэд хоёр төрлийн зар сурталчилгаа үзүүлсэн. Нэг сурталчилгаанд нь залуухан, сэтгэл татам бүсгүй, нөгөөх нь илүү настайвтар, дундаж эмэгтэйг тоглуулсан байлаа. Зар сурталчилгаа үзсэнийхээ дараа эрчүүдээс асуулга (өндөр цалинтай, эдийн засгийн хувьд амжилттай байх нь хэр ач холбогдолтой вэ, одоогийн байдлаар өөрийгөө хэр амжилттай явж байна гэж бодож байна, өөрийнхөө зан чанарыг тодорхойлно уу г.м. асуулттай) бөглүүлсэн. Туршилт болгон дээр ижилхэн заавар өгөгдсөн гол ялгаа нь тэдний үзсэн реклам л байсан. Таамаглаж байсанчлан залуу, сайхан бүсгүй харсныхаа дараа эрчүүд санхүүгийн чадвар хамгийн чухал гэж үнэлж, өөрсдийгөө илүү их амжилттайгаар мэдэрч, илүү сайнаар үнэлж байлаа.
Дүгнэвэл: маш сайн төлөвлөгдсөн туршилт судалгааны тодорхой, нарийвчлалтай байдлыг нэмэгдүүлдэг (В), гэвч олон нийтийг хамрах байдал хязгаарлагдмал (А). Ихэнхи туршилтууд цөөн тооны хүмүүсийг хамардаг. Тийм учраас хэдий сайн хяналтан доор хийгдсэн туршилт ч цөөн хүнийг хамардаг учир сэтгэл зүйн механизмыг тайлбарлах хангалттай үндэслэл болж чаддаггүй. Мөн түүнчлэн судалгааны бодит байдал (C) доогуур байдаг. Учир нь нийгмийн нөхцөлийг хиймэлээр бүрдүүлсэн учир хүмүүс “жүжиглэх” байдал гаргадаг.
III хэсэг
Энэ хэсэгт багтах аргууд нийгмийн орчны нөлөөллийг багасгах зорилготой ба гадаад хувьсагчдыг хянах (шүүмжит даалгавар) эсвэл байгаа орчинтой нь хамааралгүй асуултуудыг асуух замаар (асуулга) хэрэгждэг.
Шүүмжит шинжилгээний үед оролцогчид өдөөгчийг үнэлж, тодорхойлдог (хариу үйлдэл үзүүлэхгүйгээр). Асуулгын арга туршигдагчид өөрийгөө үнэлэх асуултуудад хариулах хэлбэрээр явагддаг.
Singh (1993) хийсэн “бэлхүүс, ташааны харьцаа” судалгаа шүүмжит даалгаварын жишээ болох юм. Бэлхүүс ташааны харьцаанаас шалтгаалж эмэгтэй хүний сэтгэл татам байдал шалтгаална гэж тэрээр үзсэн. Ийм учраас оролцогчид (шүүгчид) янз бүрийн биеийн хэлбэртэй “бэлхүүс, ташааны харьцаа” эмэгтэйчүүдийг сэтгэл татам байдал болон эрүүл мэндийн хувьд үнэлсэн. Ойролцоогоор .70 хэлбэлзэлтэй зургуудыг энэ “идеал” дүрээс хазайсан зургаас илүү сэтгэл татам, эрүүл гэж үнэлж байсан.
Buss (1989)асуулгын аргыг ашигласан нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хосоо сонгохдоо (урт хугацааны) ялгаатай зүйлийг үнэлэмжээ болгодог (эрчүүд нас, гоо үзэмжид илүү ач холбогдол өгдөг, эмэгтэйчүүд байр суурь, санхүүгийн байдлыг гол болгодог) гэсэн таамаглалыг тэрээр дэвшүүлжээ. Энэ таамаглалыг 37 соёл дээр судалгаа хийн тайлбарласан. Оролцогчдоос хосоо сонгохдоо юуг эрхэмлэдэг, юунд ач холбогдол өгдөг талаар хэд хэдэн бүлэг асуулт асуусан. Соёлоос үл хамааран эрчүүд залуу нас, гоо үзэмжийг эмэгтэйчүүдээс илүү дээгүүр тавьж байсан бол эмэгтэйчүүд байр суурь, нөөц бололцоонд эрчүүдээс илүү ач холбогдол өгч байв.
Өөр нэг асуулгад үндэслэсэн арга бол Мета-анализ (Cooper & Hedges, 1994) юм. Бүх туршилтын судалгаануудыг (ижил таамаглалыг судалж буй) тоймлон үзэж, үр дүнг нэгтгэж, харьцуулж, хоорондын холбоо хамаарлыг гаргаж ирдэг. Мета-анализыг өөрөөр анализуудын анализ гэж ойлгож болно.
Дүгнэвэл: судалгааны үр дүн илүү олон нийтийг хамарсан байдаг (A). Бодит байдал болон нарийвчилсан байдал сул (В, С).
IV хэсэг
Энэ хэсэгт багтаж буй аргууд эмпирик гэхээсээ илүүтэй онолын шинжтэй судалгаа юм. Формал онолын арга нь зан үйлийн ерөнхий онолыг хөгжүүлэхийг зоридог. Компьютерийн загварчлал нь тодорхой зан үйлийн системийг загварчлах оролдлогыг багтаадаг. Формал онол нь ерөнхий зан үйлийн системийг тайлбарлахаар зоридог ба янз бүрийн улс үндэстний ерөнхий загварыг гаргахыг хичээдэг. Түүхэн сэтгэл судлал формал онолоор баялаг. Trivers (1971) бие биедээ туслах зан үйлийг тайлбарлахын тулд алтруизмын онолыг дэвшүүлсэн. Мөн тэрээр хүйсийн ялгаанаас шалтгаалах эцэг эхчүүдийн оролцооны онолыг хөгжүүлсэн. Энэ онолууд тодорхой сэтгэл зүйн процессуд ерөнхийлсөн шинжтэй гэдгийг харуулж байгаа юм (улс үндэстний хувьд нэгдмэл шинжтэй). Хүмүүс яагаад бие биенээ дагадаг, нэг нэгэндээ тусладаг, захирдаг, хайрладаг гэх зэрэг нь соёлоос үл шалтгаалан хүн бүрт ерөнхий ижил механизмаар үйлчилдэг гэх санаа энд явж байгаа юм.
Б. Тунгалаг
0 comments: