Гоо сайхны эрэлд
Эмэгтэйчүүд бид гоо сайхны илэрхийлэл билээ. Тиймдээ ч үзэсгэлэнтэй болохын тулд бүхий л зүйлийг хийдэг. Залуу бүсгүйчүүд өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл дундуур байж цаг ямагт өөрийгөө голж нэг ёсондоо айдастай болдог. Ялангуяа өсвөр насныханд бэлгийн хөгжилтэй хамт таргалалт, намхан байдал, царай муутай байх, хоолойны өнгө гэх мэт маш олон төрлийн айдас хамт хавсарч явагдаж эхэлдэг. Тэдний дотроос таргалалт илүү түгээмэл байдаг бөгөөд үе тэнгийн охидууд минут тутамд бие биенээсээ ялгарахын тулд тэмцэлдэж эхэлдэг. Ийм маягаар хамгийн туранхай ялагчын төлөө хоорондоо өөрийн эрхгүй өрсөлдөнө. Тэд турахын тулд хоолны дэглэм барьсанаар бусдаас тусгаарлагдаж өдөр бүрийг өлсөхөд анхаарлаа хандуулж эхлэнэ. Энэ нь ирээдүйд анорекси буюу турах донгийн эхлэл болдог.
Дотоод гоо сайхан гэдэг мэдээж гайхалтай зүйл. Феминист үзэлтнүүд “эмэгтэйчүүд өрнөдийн гоо сайхныг даган дууриаж хөмсгөө зулгааж өндөр өсгийт дээр явах нь жинхэнэ зовлон” гэж үздэг. Гэтэл дур булаам байдал бидний ажил хөдөлмөрт нөлөөлж, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд өдрөөс өдөрт амжилт гаргадаг гэдгийг бид сайн мэднэ. Ядаж л царай муутай бүсгүйн араас ямар ч эрэгтэй толгойгоо эргүүлэн харахгүй бизээ. Эрчүүд сэтгүүл дээр гардаг эсвэл киноны гол дүрийн эмэгтэйг мөрөөдөж биднийг гоо сайханд мөргөхөөс өөр аргагүйд хүргэдэг хүмүүс. Тэднээр жирийн дүр төрхийг хайрлуулна гэдэг хүндхэн асуудал.
Судалгаанаас харахад эрчүүдэд дур булаам эмэгтэйн зургийг харуулсаны дараа жирийн бүсгүйн зургийг харуулахад тэд тухайн эмэгтэйгээс ямарч дур булаам байдал мэдрэхгүй байна гэж хариулдаг. Харин жирийн төрхтэй эмэгтэйг царай муутай эмэгтэйтэй хамт харуулах үед жирийн төрхтэй эмэгтэйг байгаагаас нь илүү гоо сайхантай гэж үнэлдэг гэжээ. Энэ бол эсрэг тэсрэгийн нөлөөлөл юм. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүд бидэнд сайхан харагдахад минь төдийлөн тус болохгүй л болов уу.
Дур булаам төрхтэй болоход хамгийн чухал зүйл бол өөртөө итгэлтэй байдал юм. Үүнээс гадна дараах терапи буюу эмчилгээг санал болгож байна.
· “Би хөөрхөн” энэ үгийг өөртөө цаг ямагт хэлж бай. Толины өмнө зогсохдоо, унтахын өмнө, уулзалтанд очихдоо гэх мэтчилэн боломж гарах бүрт хэл. Энэ нь танд өөрийгөө дорд үзэхгүй байхад туслана.
· Бид л гоо сайханыг тодорхой стандартад оруулж сэтгүүлийн бүсгүйтэй өөрийгөө адилтгадаг болохоос чухам сайхан эмэгтэй ийм байна гэсэн хууль дүрэм үгүй билээ. Та өөрийгөө толинд сайтар хараад таалагддаг зүйлсээ тоочин бич. Тэгээд тэдгээр зүйлсийг илүү тодруулах тал дээр анхаарлаа хандуул.
· Одоо сайхан хувцас өмсөөд сайн амар. Хуучин унтлагын даашинзаа илүү дур булаам зүйлээр соль. Ингэвэл танд сайхан мэдрэмж төрөх болно.
Энгийн бүхэн агуу байдаг. Та байгаагаараа төгс гоо сайхан
Ашигласан материал: www.psychologytoday.com
Б.Ганзул
0 comments: