Уран зохиолд Психоанализ онолоор тайлбар хийсэн нь


У.Фолкнер (William Faulkner)-ийн “A Rose for Emily” гэдэг товч өгүүллэгийг психоанализ (сэтгэцийн задлал)-ийн үүднээс авч үзэх нь сонирхолтой юм.
Сэтгэцийн задлалын үүднээс тухайн эх бичвэрийг авч үзэхэд юуны өмнө ухамсаргүйн талаарх асуудлыг авч үзэх шаардлагатай байдаг. Сэтгэц задлал нь төрөл бүрийн дүрс, сэтгэл зүйн сэдвүүдийг авцалдуулж байдаг дүрслэмжээр шууд бус замаар өгүүлэгддэг. Түүнчлэн сэтгэцийн задлалын уншилтын үүднээс хүмүүсийн хоорондох салж хагацах, алдах, бусадтай дотносох гэх мэт сэдвүүдийг хувь хүний амьдралын орчинд хувь хүн бий болох нөхцөл байдалтай холбож үздэг.
            Сэтгэцийн задлалын үүднээс авч үзвэл эх бичвэрийг хүний сэтгэл зүйн нөхцөл байдлыг, амьд хүний сэтгэл зүйг авч үзэж байгаа байдлаар судалдаг. Энэхүү Фолкнерийн “Эмилид зориулсан сарнай” гэдэг бяцхан өгүүлэл бол тухайн нийгэм, цаашлаад эцэг хүний хатуу харгис дүрэм журам нь өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар бүхий залуу охиныг амьд үхдэл мэт болгон хувиргаж байгааг үзүүлдэг. Эмили бол өөрийнх нь амьдарч байгаа жижиг хотын хамгийн нэр нөлөө бүхий айлын охин юм. Эмили аавынхаа дарангуй ааш араншингаас болоод айдас хүйдсийн орчинд амьдардаг бөгөөд  эрэгтэй, эмэгтэй ямар ч найз байхгүй, хөршүүдтэйгээ уулздаггүй, гадаад ертөнцөөс тусгаарлаглсан нөхцөлд эхлээд аавтайгаа дараа нь хар арьст үйлчлэгчтэйгээ амьдарах бөлгөө.
            Өөртэй нь үл тохирох туслах ажилчин залууд хайртай болох бөгөөд тэрхүү залуу нь өөртэй нь гэрлэхийг хүсэхгүй байсан тул Эмили хайртай залуугаа хулганы хороор хордуулж хөнөөдөг. Улмаар дөчин жил тэр залуугийнхаа цогцостой хамт амьдарна. Эмилийг нас барах үед хажууд нь зөвхөн үнэнч асрагч нь л байдаг. Түүнийг нас барсны дараа бүх нууцыг нь  хадгалдаг тэр үйлчлэгч ч гэсэн дуу шуугүйгээр явж одно.
Энэхүү өгүүллэг Эмилигийн үхлээр эхэлдэг. /William Faulkner, “A Rose for Emily”, s. 1771./
“Хатагтай Эмили Гриерсон /Emily Grierson/ нас барах үед манай тосгоныхон бүгдээрээ оршуулганд нь явсан” гэж эхэлж байна.
Өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарласан, нийгмийнхээ дүрэм журмыг үгүйсгэдэг этгээд гажуу зан төрхөөрөө бүхий л тосгоныхны дургүйг хүргэдэг Эмилигийн оршуулганд тосгон тэр чигээрээ яагаад очих болсны шалтгааныг өгүүллэгт доорх байдлаар харуулдаг.
Эрэгтэйчүүд нуран унасан хөшөөг хайрлах, харамсах сэтгэлээр, эмэгтэйчүүд бол цэцэрлэгч, тогооч нь болж байсан настай туслахаас нь өөр хэн ч багадаа арван жил огт орж үзээгүй гэрийг харахын тулд ирсэн байлаа.
Тосгоны хамгийн үзэмж төгс гудамжинд байсан энэхүү том гэр нь янз бүрийн машин, шатхуун түгээх газрын хооронд арай л нурчихаагүй байдалтай байна. Энэ гудамж бол язгууртны билэгдэл болдог. Энэ учраас энэ гудамжинд амьдарч байсан гэдэг утгаараа Эмили ч мөн язгууртны оршуулгын газарт оршуулагддаг. William Faulkner, “A Rose for Emily”, s. 1771.
Амьд байхдаа хатагтай Эмили уламжлал, хүндлэл, сонирхолын төв болж байсан. Тосгоны дарга ноён Сарторис /Sartoris/ Эмилигийн эцгийг нас барснаас хойш бүх татвараас чөлөөлснөөс эхлээд тосгон цаанаас нь энэ хатагтайн өмнө үүрэг хариуцлага хүлээж байсан. Эмили татвараас чөлөөлөгдөх залуу охин биш, язгуурлаг ихэмсэг хүн. Гэхдээ ядуу учраас татварыг төлж чадахгүй байв. Үүнийг мэдэж байсан тосгоны захирагч Эмилигийн нэр хүндийг хамгаалахын тулд “Эмилигийн эцэг хотын захиргаанд мөнгө зээлсэн тул тосгоны засаг захиргаа зээлийг буцаан төлж байгаа юм” гэж худал цуу тараав.
Энэ худал хуурмаг зүйлд арай хийж нэг л эмэгтэй итгэх байсан. Энэ өгүүлбэр бол Эмилигийн оюун санааны хүчийг илэрхийлж байгаа бөгөөд Эмилигийн дараа хийж байгаа зүйл үүнийг нотолдог.
Сарторисээс хойших тосгоны засаг дарга нар болон зөвлөлийн гишүүд албан бичиг, яриагаар дамжуулан татвар төлөхийг сануулдаг боловч Эмили татвар төлдөггүй, татвар авахаар ирсэн хүмүүсийг гэрээсээ хөөж явуулдаг байв.
Аав нь өнгөрснөөс хоёр жилийн дараа хайртай хүн нь өөрийг нь орхиж явсан даруй Эмилигийн гэрээс эргэн тойронд аймшигтай үнэр үнэртэж эхэлсэн. Аав нь нас барсан тул эмэгнэл илэрхийлэх гэж ирсэн эмэгтэйчүүдийг гэртээ хүлээж авдаггүй байсан. Эмили гэрээсээ бараг гадагшаа бараг гардаггүй хүн байв. Тосгоны хүмүүс түүнийг хайртай хүн нь орхиж явсан гэж боддог бөгөөд тэр муухай аймшигтай үнэр гэрээс гардаг болсон цагаас эхлээд тэр гэрээсээ нэг ч удаа ахин гараагүй.
Эмили зөвхөн өөрийнхөө ертөнцөд амьдардаг бөгөөд түүний гадаад холбоог зөвхөн хар арьст үйлчлэгч залуу нь хангаж өгдөг байсан.
Эмилигийн гэрээс гарч буй үнэрээс болж гарсан гомдол саналын дагуу тэр үнэрийг арилгахын тулд хотын захиргааныхан нөхцөл байдлыг Эмилид хэлэх зориггүй байсан тул нэг шөнө нууцаар хаалгыг нь эвдэж ороод эргэн тойрныг нь бүхэлд нь шохойдох ба нэг хоёр долоо хоногийн дараа энэ үнэр алга болсон билээ.
Хүмүүс болоод гадаад ертөнцөөс харилцаагаа тасалсан Эмилийг хүн болгон өрөвдөж эхэлдэг. Эмили болон түүний гэр бүлиийнхэн  өөрсдийгөө байгаа байдлаасаа илүүд үздэг бөгөөд тосгоны ямар ч залуу Эмилигийн хувьд  таарч тохирохооргүй байв. Гучин нас хүрсэн мөртлөө тэрбээр  ганц бие бүсгүй хэвээр ажээ.
Эмили бол амьдарч байгаа нийгэмтэйгээ огт таарахгүй, уламжлал, хууль дүрмийг үл тоож, эцэг нь нас барсны дараагаар гэрт нь очихыг хүссэн хүмүүст эцгийгээ нас бараагүй гэж хэлэх бөгөөд Эмилигийн нүүр царайнд уйтгарлаж гунисан царай огт харагдсангүй. Учир нь аав нь түүнийг хэн нэгэнтэй дотносож найзлахыг зөвшөөрдөггүйгээр барахгүй хэтэрхий түүний хэрэгт оролцдог байсан нь түүнд хүнд дарамт болсон билээ. Эмили аавынхаа үхсэн цогцсыг хэнд ч өгөхийг хүсээгүй. Гэхдээ лам нар “хуулиар шийтгүүлнэ” гэж хэлж байж арай хийж оршуулахыг ятгаж байгаа юм.
Аавыг нь оршуулснаас нилээн хугацаа өнгөрсөнөөс хойш тэр гэрээсээ гарах бөгөөд гэхдээ уйтгар гунигтай дуугүй харагддаг, үсээ богиноор тайрсан байв. Тэр зун тосгоны зам засварын ажилчны туслах Хомер Баррон /Homer Barron/ гэгч хүрэн царайтай, ханхар том биетэй, ажилчдаа үргэлж харааж загнаж байдаг нэг залуутай найзалж эхэлдэг. Энэ байдлыг тосгоны зарим хүмүүс зөвтгөж, зарим нь эцгийгээ алдсан гэх мэт том зовлон ч гэсэн түүнийг зиндаагаа мартахгүйгээр эл ажилчинг тоохгүй байх хэрэгтэй гэж бодно. William Faulkner, “A Rose for Emily”, s. 1775.
Эмили эргэн тойрныхоо энэ  бодол үзлийг анзаардаггүй бөгөөд энэ хархүүтэй  найз нөхрийн харилцаагаа үргэлжлүүлдэг. Эмили хоёр жилийн дараа хулганы хор худалдаж авна. Хүмүүс хулганы хор худалдаж аваад амиа хорлох нь Эмилигийн хувьд хамгийн зөв зүйл гэж бодно. Гэтэл Хомерийг гэж түүний найз нь эрэгтэй хүнд хайртай бөгөөд шар айраг уух газар залуу эрчүүдтэй архи дарс уудаг байв. Тосгоныхон энэ гэрлэлтийг байж болохгүй гутамшигтай зүйл гэж үзээд нэг ламыг Эмилитэй ярихыг шаардана. Лам түүнтэй очиж ярилцсан боловч дараа нь юу ярьснаа хэнд ч ярьдаггүй бөгөөд ахиж уулзахгүй гэж хэлдэг. Үүнийг мэдсэн ламын эхнэр хол газар суугаа Эмилигийн садангуудад захидал бичнэ.
Эмилигийн ах дүү нар тосгонд буцаж ирдэг бөгөөд энэ хооронд Эмили үнэт эдлэлийн худалдаачныд очиж мөнгөн сахалын хэрэгсэл захиална. Гэтэл тэр Хомер Баррон гэж найз нь тосгоноос явдаг. Эмилигийн ах дүү нар тосгоноос явснаас гурав хоногийн дараа Хомер Баррон тосгонд буцаж ирнэ. Хомерийн хамгийн сүүлд харагдсан нь тэр байлаа. Эмили бүр сүүлд гэрээсээ гарч байгаа нь харагддаг. Зөвхөн хар арьст үйлчлэгч л дэлгүүрээс юм худалдаж авч гэр лүү нь орж гардаг байлаа. Зургаан сарын дараа Эмили цонхны цаана харагддаг. Гэхдээ маш таргалсан үс нь үнэсэн саарал болсон байдаг. Эмили далан дөрвөн настайдаа нас бардаг бөгөөд Эмилигийн хүрэн үс  үнэсэн саарал болсон байдаг.
Ийнхүү Эмили дахиад гадаад ертөнцтэй холбоогоо таслаад татвар төлөхөө болих ба зөвхөн гэрийнхээ цонхны цаад талд харагдах бөгөөд нэг өдөр Эмили нас барна. Хажууд нь зөвхөн хөгширсөн хар арьст үйлчлэгч л байх аж. Улмаар гэрийн өмнөх хаалгыг онгойлгосон үйлчлэгч эмэгтэйчүүдийг  Эмилигийн гэрт оруулаад дуу шуугүйхэн хойд хаалгаар гарч яваад ахиж харагдсангүй.
Эмилигийн үеэлүүд нь тосгонд ирж нас барсных нь маргааш оршуулна. Дөчин жил хэн ч ороогүй гэрийн дээд давхарын өрөөний хаалгыг онгойлгох ба бэрийн өрөө маягаар тохижуулсан энэ өрөөнд гандаж гундсан сарнайн өнгөтэй хөшиг, сарнайн өнгөтэй гэрэл, мөнгөн сахлын хэрэгсэл дээр нь харагдах гоо сайхны ширээ, түүнчлэн зангиа, цамц,  сандал дээр тавиатай эрэгтэй хүний хослол, гутал, оймс, оронд хэвтэж байгаа эрэгтэй хүн байдаг.
Эмили хулганы хороор хордуулж хөнөөсөн, гэрээс нь аймшигтай үнэр үнэртэх шалтгаан болсон тэр хүнтэй дөчин жил нэг оронд цугтаа байсан гэдгээр энэхүү өгүүллэг дуусч байна
Энэхүү өгүүллэгийг сэтгэцийн задлалын үүднээс авч Зигмунд Фройдын “ид”,  “эго”, “супер эго” гэсэн гурван ойлголтоор задлан үзэж болно.
Фройдын үзэхээр сэтгэхүй далд ухамсар ба ухамсар гэх хоёр үндсэн үүрэгтэй. Далд ухамсар нь бэлгийн инстинкт совин ухамсартай сэтгэхүйн хүлээн зөвшөөрдөггүй хүсэл сэтгэлийн орчин юм. Үргэлж дарагдах хүсэл нь  заримдаа неврозд хүргэх ба   заримдаа зүүдээр илэрдэг. Энэ орчинг Фройд ид гэж нэрлэсэн ба хүний таашаал зовлон гэсэн зарчимд тулгуурласан анхдагч совингууд оршдог.
Ид нь учир зүйгүй инстинкт зөвийн биологийн шинжтэй ба нууц хүсэл үл биелэх хүсэл айдас хүйдэс энд байршина.
Ухамсартай хэсэг нь эго супер эгогоос тогтох ба эго нь сэтгэхүйн ухаалаг логиктой орчин болох ба идийг тогтолцоожуулж бодитийн зарчмаар ажилладаг бол  Супер эго нийгмийн хяналт болох ба ёс суртахууны зарчим энд байрлана. Идийг эго үргэлж дарамталдах нь хүн өөрийгөө илэрхийлэхгүй битүүлэг болох шалтгаан болно. Зүүдпэнд хааяа илрэх энэ хүсэл тэргүүтнийг эго бүрэн дарж чадаагүй үед невроз үүснэ. Эн үед эго өөрийгөө хамгаалж далд ухамсрын энэ сэтгэлийг үгүйсгэдэг эсхүл тойруулан гаргаж сайн муу хэмээн ялгадаг билээ. Цаашдаа супер эго гарч ирж эго идийг зохицуулж өгдөг билээ. /Michael Ryan, Literary Theory: A Practical Introduction, s. 36./
Эмилигийн хувьд бэлгийн инстинкт, нууц хүсэл, мэдрэмжүүдийг агуулдаг “ид” нь Эмилийг өөрийн сурвалжит гаралынхаа эсрэг үйлдэл хийхэд хүргэсэн. Энэ нь түүний далд ухамсарт юуны өмнө эцгээсээ, түүнд дарамт шахалт болж байдаг эргэн тойрноос өс хонзон авах сэтгэлээр бүтсэн бөгөөд энэ бол нийгмийг сөрөн эсэргүүцэх хэрэгцээг бий болгосон юм.
Эмилийг өөрийнх нь бүх нь бүх хүсэлтийг үгүй хийсэн залуу охин насных нь бүх хүсэл мөрөөдлийг устгасан харгис ааваасаа өшөө авч байгаа нь аавынхаа цогцосыг бусдад үзүүлж харуулах, оршуулах хүсэлгүй байгаа нь цаашлаад аавыгаа нас барсанд огтхон ч гуньж гутрахгүй байгаагаас нь харж болно.  Мөн аавыгаа нас барсны дараа гадагш гарч үсээ тайрсан нь аавынхаа дарамт шахалтаас болж бэлгийн ёсноос хол байж одоо хүртэл цэвэр ариун байгаагаа харуулж буй хэрэг юм.
Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний үс бол түүний бэлгийн шинжийг илтгэж байдаг юм. Нийгмээс тасарч, хэт дарамт шахалт, нийгмийг дорд үзэж бусдаас дээгүүр амьдрах нь амьдралыг шорон болгож хувиргадаг цаашлаад энэ бүхэн гэмт хэрэг үйлдэх зам мөрийг нээдэг бололтой юм.
Сэтгэхүйн ухаалаг учир зүйтэй талыг үзүүлдэг эго нь Эмилигийн нийгэмтэй тэрсэлдэж байгаагаа ухамсарлаж байгаагаар тодорхойлогдоно. Бодитын зарчмаар ажилладаг “Эго”  Эмилигийн сурвалжит гэхдээ ядуу байгаа үнэн бодит байдлыг үргэлж илрүүлэн гаргадаг. “Супер эго” нь гэр бүл болоод эсрэг хүйсний хайр дурлалаас хол хөндий болсон Эмилигийн нийгмийн хяналтын тогтолцоо, ёс суртахууны зарчмыг ойлгож байсан гэдгээр тайлбарлагдана. Нийгмийн ёс суртахууны үнэлэмжтэй зарчилдсөн Эмили өөрийнх үл тоодог нийгэм өөрийг нь шийтгэхийг үл хүлээн зөвшөөрч өөртэй нь гэрлээгүй хайрт хүнээ өөрийгөө өөрийнхөө аргаар шийтгэсэн нь  Эмилигийн далд ухамсар түүнийг үхэлд дурлагч некрофиль болгосон гэсэн сэтгэцийн задлагийн санаа байна.
Хайрын бэлгэдэл сарнайг дэвтэртээ хатааж өөрт нь нэг ч сарнай бэлгэдээгүй хайртай хүнээ орондоо сарнай мэт хадгалсан бөгөөд амьдралаа хатсан сарнайд зориулсан гэж хэлж болно.
  Ном зүй:
Faulkner, William. “A Rose for Emily”, Concise Anthology of AmericanLiterature, ed. George Mc Michael, Macmillan Publishing Company,1985.
Powell, Janice A. “Changing Portraits in ‘A Rose for Emily’”,  www.2.semoedu/cfs/powell.htm/2002.
Ryan, Michael. Literary Theory: A Practical Introduction, Blackwell Publishers, U.S.A., 1999.

 Урлаг судлаач Э.Энхмэнд