Биеийн хэл
Биеийн хэл нь сэтгэхүйн нэг хэлбэр төдийгүй хүн төрөлхтний аман бус харилцааны нэг чадвар юм. Үүнд биеийн төлөв байдал, нүүрний илэрхийлэл, нүдний хөдөлгөөн зэрэг багтдаг. Хүмүүс биеийн хэлээр өөрийн дотоод ухамсараа бараг бүрэн дүүрэн илэрхийлдэг. Хүний биеийн хэлийг ойлгож чадсан хүн тэр хүний мэдрэмж болон бодлыг нь таниж чадна гэсэн үг. Ингээд зарим зүйлстэй танилцъя.
биеийн хэлээр дамжуулж зарим сэтгэл хөдлөлийг таних нь:
уур бухимдал:
· нүүр болон хүзүү улайх
· нударга зангидах
· хувийн орон зайд нэвтрэх, дөхөх
· бусад түрэмгий байдал
айдас түгшүүр:
· цонхигор царай
· хатсан ам, хуурайшсан уруул, хоолой
· бусад хүмүүсрүү харахгүй байх
· харцаа буруулах
· чичирсэн уруул
· ярихдаа гацаж түгдрэх
· гараа атгах, хөмсөгөө унжуулах, огцом хөдөлгөөн
· тогтворгүй байдал
гунигтай байдал:
· унжгар бие
· чичирсэн уруул
· нэгэн хэвийн дууны өнгө
· нулимс
гайхах:
гайхах:
· өргөгдсөн хөмсөг
· томорсон нүд
· амаа ангайх
· гэнэтийн цочмог хөдөлгөөн
аз жаргалтай байдал:
· инээмсэглэл
· цог золбоотой нүд
· тайван бие
зэргээр мэдэж болдог байна. Энэ бүхэн энгийн, ажиглахад хялбар зүйл бөгөөд хэн ч өдөр тутмын амьдралдаа үүнийг анзаарч мэдэж болно.
Харин биеийн хэлээр худал хуурмагийг мэднэ гэдэг хүндхэн зүйл юм. Худлаа ярьж хууран мэхлэгч нар хүмүүсийг ихэнхи тохиолдолд амжилттай хуурч чаддаг. Тэр ч байтугай бяцхан хүүхдүүд ч найм есөн нас хүрмэгцээ томчуудыг амархан хуурч дөнгөдөг байна. Хэрэв хууран мэхлэлийг тодорхойлох илэрхий шинж тэмдгүүд байдаг бол хүмүүс бага худлаа ярих байх. Гэвч тийм шинж тэмдэгүүд байдаггүй. Хүний худлаа ярьж байгааг илэрхийлэх нэг ч дохио зангаа, нүүр царайны илэрхийлэл илэрдэггүй.
Тэгвэл үг хэллэг, дууны өнгөөр хэрхэн хуурагчийг мэдэж болох вэ? Үг хэллэг ихэнхи худлаа ярьж хууран мэхлэж буй хүмүүсийг илчилдэг нь тэд өөрсдийн бодол санааг өөрөөр илэрхийлэх чадваргүй эсвэл оролдсон ч илэрхийлж чаддаггүйд бус харин тэд шаардлагатай үг хэллэгийг сайтар сонгох хэрэгтэйг үл тоомсорлосоноос шалтгаалдаг. Хүний өдөр тутмын амьдралдаа гаргадаг санамсаргүй үг алдах, үйл явдал, эд юмсыг буруу нэрлэх, захидал илтгэлийг унших, бичихдээ алдах нь тохиолдлын зүйл биш бөгөөд үүнээс гадна тухайн хүний сэтгэл зүйн дотоод зөрчлийг гэрчилдэг. Үг алдах, эндүүрэх нь хэлэхийг хүсээгүй зүйлээ илэрхийлж өөрөө өөрийгөө барьж өгдөг нэг ёсны хэрэгсэл болдог. Гэхдээ үг алдах, эндүүрэх бүр нь худал хэлж байна гэсэн үг биш тул сайтар ажиглах хэрэгтэй. Үүнээс гадна хэт сунжирсан үгс, илүү дутуу олон тайлбар мөн хариултад шууд хариулахгүй булзайруулах зэрэг ордог. Өнөөдөр үг хэллэгээр худал яриаг тогтоох өөр арга байхгүй бас эдгээр аргууд хувь хүний ярианы онцлог байж болох тул алдах тохиолдол их байдаг.
Дуу хоолойны өнгө нь үг хэллэгээс илүү чухал байдаг. Худлаа ярихын хамгийн түгээмэл шинж нь үг хоорондын түр завсарлага юм. Завсарлага хэтэрхий удаан эсвэл олон удаа давтагдаж болно. Мөн ярианд олон давтагдах аялга, дайвар үгс хуурч буйн илрэл болж өгдөг. Яриан дундаа түр завсарлага авах гол үндэс нь хуурагч тухайн асуултыг урьдаас тооцоолоогүй эсвэл баригдах вий гэсэн хүчтэй сэтгэлээс үүдэлтэй байдаг байна. Сэтгэл хөдлөлийн дуу хоолойгоор илрэх хамгийн их судлагдсан шинж тэмдэг нь дуу хоолойны өнгө аялга өндөрсөн юм. Сэтгэл санааны хямралд автсан хүний дуу хоолой өндөрсдөг болохыг хийгдсэн судалгаануудын 70 хувь нь харуулдаг. Хэрэв хүний худлаа ярих зорилго нь айдас уур хилэнг нуухад чиглэж байгаа бол хоолойны өнгө аялга өндөрсөж ,чангаар хурдан ярих магадлалтай. Харин эсрэг өөрчлөлт илрэх үед хуурагч уйтгар гунигийн мэдрэхүйг нуух магадлалтай байна.
Дуу хоолойны өнгө аялга өөрчлөгдөх нь хууран мэхлэлтийн бус сэтгэл хөдлөлийн шинж гэдгийг сайтар ойлгох ёстой мөн энэ нь хүний ярианы онцлог ч байж болох талтай.
Эцэст нь хэлэхэд биеийн хэлийг сайтар сураагүй болон шинжих гэж буй хүнээ өмнөөс танихгүй, яриа болон биеийн хөдөлгөөний ямар онцлогтойг сайтар мэдэхгүй бол алдаа гаргах магадлал тун өндөр гэдгийг санах хэрэгтэй. Хууран мэхлэлт эсвэл бусад сэтгэлийн хөдөлгөөнүүд нь дан ганц шинж тэмдэгээр илэрдэггүй харин бусад шинжүүдтэй хамтарч илэрдэг билээ.
Б.Ганзул
Ашигласан материал:
Пол Экман “ Худалчийн сэтгэц зүй” 2012 он
0 comments: