Гэрлэхээр шийдсэн бол ...


Хүн амьдралд хамгийн чухал гурван сонголтыг хийдэг. Түүний нэг хамгийн чухал нь хүн насан туршийн ханиа сонгох байдаг. Энэ сонголтын зөв эсэхээс шалтгаалан бидний цаашдын амьдрал аз жаргалтай байх нь шийдэгддэг. Сонголт зөв хийгдсэн тохиолдолд амьдралд гарах саад, үл ойлголцлыг хайр, мэдлэгийнхээ хүчээр гэр бүлүүд даван туулж чаддаг. Үүний тулд та хамгийн түрүүнд түүний талаар ихийг мэддэг байх ёстой. Энэ мэдлэгт:
· Хүүхэд насны хоч, түүний төрсөн өдөр, хамаатан садан, хамгийн хүндэлдэг хүн нь хэн болох, яагаад гэх мэт.
· Түүний тэжээж байсан амьтны нэр, ямар амьтанд дуртай, яагаад гэх мэтчилэн хүүхэд насны дурсамжийг нь мэдэх.
· Гэр бүлийнх нь талаарх мэдээлэл
· Төгссөн сургууль, ямар хичээлдээ илүү сонирхолтой байсан.
· Амьдралд нь тохиож байсан таагүй дурдатгал
· Сайн найзуудынх нь нэрийг мэдэх үү?
· Дуртай спорт нь юу вэ? Хичээллэх дуртай юу?
· Хамгийн сүүлд үзсэн киноны нэр
· Түүний хамгийн дуртай хоол юу вэ?
· Гэрлэх хүн чинь гутранги уу? Та ямар вэ?
Эдгээрийг болон үүнээс илүүгээр та түүнийг мэддэг бол таны мэдлэг хангалттай сайн гэсэн үг. Мөн гэр бүл болохын өмнө та хоёр боловсрол, шинэ соёл, шашины ялгаатай үзэл хандлага, удам угсаа, үнэт зүйлийн ялгаа бидний цаашдын амьдралд хүндрэл учруулах уу? Ийм тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэж, ямар байр сууринаас хандах тухайгаа ойлголцох нь чухал юм. Энэ нь ирээдүйд бие биенээ сайн мэдээгүйгээс гарч болох маргаанаас урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Гэр бүлээ хүндэлдэг хайрладаг хүн бол таныг хайрлаж, насан туршдаа хүндэлж чадна гэдэгт та итгэлтэй байж болно.
Өөр бас бэлтгэх ёстой зүйл бол гэр бүл зөвхөн халуухан оргилсон сэтгэл, мэдлэгээс гадна халамж, хүндлэл, хариуцлагыг цогцоор нь хэрэгжүүлж байж халуун дулаан уур амьсгалтай бидний хүсэл мөрөөдлийн гэр бүл цогцолж чадна гэдгийг санах хэрэгтэй.
Гэр бүл боллоо гээд бүх зүйл болж байгаа хэрэг биш. Харин ч та шинэхэн амьдралдаа хөл тавьж байна гэж ойлгох хэрэгтэй. Та хоёр гэр бүлийнхээ төлөө мэдлэгтэй, халамжтай, хүндэтгэлтэй, хариуцлагатай мэдээж хамгийн гол нь хайртай бол бэлтгэлээ сайн хангасан гэж хүлээн зөвшөөрч болно.
Шинэхэн энэ амьдрал, хайр дурлалдаа цаг хугацааг хангалттай зарцуулаарай. Та бүхэнд амжилт хүсье. 

                                        Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг