Харамсал давуу талтай
Харамсал гэдэг нь бид өмнө нь хийсэн сонголтоо буцаах эсвэл гарз хохирол амсах, муу үр дагаварт өөрсдийгөө зэмлэх сөрөг сэтгэл хөдлөлийн үе шат юм. Харамсах зовиур нь хүмүүст өөрийгөө дахин төвлөрүүлэх, алдаагаа засах эсвэл өөр арга зам олоход хүргэдэг. Хэдий тийм ч нөхцөл байдлыг өөрчлөх боломжыг алдах нь харамсалыг гүн гүнзгий эргэцүүлэл болгож энэ нь бие болон бодол санаанд сөргөөр нөлөөлж стресст оруулдаг.
Өнгөрсөн хайр дурлалдаа харамсах эмэгтэйчүүдийн үзүүлэлт нь жендерийн ялгаатай байдлыг харуулдаг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хуучин харилцаанаасаа салж сэтгэл санаа нь тогтвортой болох нь илүү төвөгтэй, мөн урт хугацааг шаалддаг байна. Ерөнхийдөө судалгаагаар эмэгтэйчүүдийн 44%, эрчүүдийн 19% нь харилцаагаа төгсгөл болгосондоо харамсаж явдаг байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол шинэ хамтрагчаа илүү хурдан олдог гэдгийг энэхүү судалгаа харуулж байна.
Мөн харамсах нь сайн үр дүнтэй гэсэн өөр нэгэн судалгаа байдаг. Нэгдүгээрт, залуу хүмүүст туршлага болдог, хоёрдугаарт, бид хоёр өөр цаг хугацааг буюу өнгөрсөнийг өнөөдөртэй харьцуулж, алдаанаасаа суралцаж өөр боломжуудыг олж харах, илүү сайн ажиллах эсвэл гэр бүлдээ илүү цаг зав гаргах зэрэг сайн үр дагаварт хүргэдэг гэдгийг харуулсан байна.
Энэхүү мэдрэмжийг зар сурталчилгаа бүтээгчид ч мөн овжиноор ашигладаг байна. Тэд худалдаж аваагүйгээс үүсэх бэрхшээл, гай зовлонд үйлчлүүлэгчдийн анхаарлыг хандуулдаг. Жишээ нь: нэгэн залуу өдөр бүр ижил тоотой лотто авдаг байжээ. Гэтэл нэг өдөр залуу лоттогоо авалгүй гэртээ харьжээ. Харин гэртээ очсоныхоо дараа өөрийнх нь авдаг тоотой лотто ялагч болсоныг мэджээ. Энэ мэтчилэн сурталчилгаандаа харамсах сэтгэлийг ашиглан үйлчлүүлэгчийнхээ сэтгэхүйд нөлөөлдөг байна.
Харамсалын гол шалтгаан нь нөхцөл байдлыг эргүүлэхэд оршдог. Үнэндээ харамсал нь биднийг өөр арга замыг олж харах, сөрөг үр дагаварыг зохицуулж сур гэсэн тархины дохио юм. Бид харамсах үедээ юу хийхээ мэдэхээ больдог. Тиймээс бидний хийж чадах зүйл гэвэл яг тийм нөхцөл байдалд орсон найздаа өгөх байсан зөвлөгөөг өөртөө өгөх явдал юм. Ихэнх хүмүүс өөрөөсөө илүүтэйгээр бусдад тусалж чаддаг. Хүн бүр алдаа гаргадаг ч алдаагаа давтдаг хүн л тэнэг. Алдаа гэдэг бол бидэнд туршлагыг зааж буй хичээл харамсал гэдэг бол ирээдүйн тань зөвлөх юм.
Эх сурвалж: www.psychologytoday.com
Б. Ганзул
0 comments: