Бид өөртэйгээ ижил хүнд татагддаг уу эсрэг хүнд татагддаг уу?
Бид хэнд ч хамаагүй дурладаггүй. Бидний сонголт маш гүн гүнзгий, өвөрмөц шинжтэй байдаг. Бид яагаад олны дундаас зөвхөн түүнийг "ТЭР НЭГ" хүнд дурладаг вэ?
Гол төлөв бид ижил үндэс угсаа, нийгэм эдийн засгийн байр суурьтай; нас, оюун ухааны түвшин, боловсролын түвшин, сонирхол зэрэг нь ижил хүмүүст дурладаг болох нь олон судалгаагаар батлагдсан байдаг.
Гэхдээ тантай ижил түвшний /боловсрол, оюун ухааны чадамж, гаднах үзэмж/ 40 хүн байгаа өрөөнд та орлоо гэж бодъё. Мэдээж бүгдэнд нь дурлахгүй. "Хайрын зам маш нарийхан. Нэг хүн багтах л зай байдаг" гэж энэтхэгийн зохиолч Кабир бичсэн байдаг. Бид чухамдаа яаж хайртыгаа сонгодог юм бол?
Бидний сонголтонд нөлөөлдөг тоо томшгүй хүчнүүдийн нэг бол бага насанд "ухамсаргүйгээр" бүрэлдсэн зан чанарууд байдаг. Эхийн тань хурц ухаан, аавын тань спорт, улс төрийн сонирхол; ах эгчийн тань дуртай, дургүй зүйл; багш, найз нарын чинь үнэт зүйлс; мэдээллийн хэрэгслээр авсан мэдээлэл. Бага насны /мөн насанд хүрсэн үеийн/ бүх туршлага таны идеал найз залуу/бүсгүйн "хэв загвар"-ыг бий болгож, дахин хэлбэржүүлж байдаг.
Өсвөр насны үе гэхэд бидний сэтгэлийг татах зан чанар, төрх байдал, хандлага, хүмүүжил, хэв маягийн жагсаалт бий болчихсон байдаг. Хэн нэгэн гарч ирж бидний "хайрын газрын зураг"-т орж ирмэгц тархины холбоосууд ажиллаж, янз бүрийн химийн урвал явагдаж хайж байсан "яг тэр" хүн мөн гэдэг дохиог өгдөг. Бага насны туршлага, амьдралын түвшин, үнэт зүйл, гадаад үзэмж зэргээс гадна сонголтонд нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг.
Өөр нэг хүчин зүйл бол: Биологи. Эмэгтэйчүүд ухамсаргүйгээр өөрийн дархлалын системээс өөр эрчүүдэд илүү татагддаг. Үүнийг эмэгтэйчүүд үнэрээр мэдэрдэг.
Өөрөөсөө тэс өөр хүнд бид татагддаг уу? Эсвэл ижил хэн нэгэнд дурладаг юм уу? Хатуу тогтсон хэв загвар гэж байдаггүй.
Экстраверт хүмүүс ихэвчлэн экстравертдээ татагддаггүй. Мөн адил интровертууд. Зарим тохиолдолд хүмүүс ижил зан араншинтай хүмүүс рүү татагддаг. Зарим тохиолдолд дутууг нь нөхөх хүнийг ч сонгодог.
Бидний зан чанарын 50% нь "темперамент"-с шалтгаалдаг. Энэ бидний генетиктэй холбоотой бөгөөд бидний сонголтонд ч нөлөөлдөг.
523,622 хүн хамрагдсан судалгаанд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль аль нь эсрэг буюу өөрөөс нь ондоо темпераментийн хүнд илүү татагддаг болох нь харагджээ.
Хамгийн сайн тохирох хувилбар гэж байхгүй. Аль аль хэв шинжүүд хооронд давуу талууд байгаа.
Хосоо сонгоно гэдэг бол шат бүхий үйл явц. Эхлээд түүнийг хараад үнэлж дүгнэнэ - бие махбодийн хувьд /гаднах төрх, байдал/. Хэт өндөр, хэт намхан, хэт хөгшин, хэт залуу, хэт ягаан, хэт ногоон, хэт замбраагүй, хэт цэвэрч. Энэ шатыг давмагц түүнтэй ярилцана. Буруу иш татах, дууны өнгө, хошин яриа, сайрхах г.м. Хэрэв энэ хүн тантай ижил түвшний, тохирохуйц насны, боловсрол, оюун ухааны түвшин ижил, хошин мөн нийтэч, үнэт зүйл нийцэж байвал, таны "хайрын газрын зураг"-т тохирч байвал та энэ харилцааг үргэлжлүүлнэ. Энэ мэт зарим тал дээр ижил хүнд татагддаг.
Дараа нь сэтгэл зүйн болон физиологийн хэрэгцээ яригдана. Зарим хүмүүс гадаад төрхийг бүхнээс дээгүүр тавидаг. Ихэнхдээ дутагдлыг нууж, давуу талыг тодотгож өгдөг хүмүүст бид татагддаг. Мөн бид тухайн хүний үүрэг ролийг хардаг. Коллежийн профессорын эхнэр эсвэл кофе шопын зөөгчийн эхнэр байхын аль нь танд таатай санагдах вэ гэдгийг бид боддог. Нийгмийн эдгээр олон хүчин зүйлийг харгалзахаас гадна дутуугаа нөхөхийн тулд бид ухамсаргүйгээр биологийн механизмд захирагдан "тэр нэг" хүн рүү тэмүүлдэг.
Ашигласан материал: www.psychologytoday.com
Б.Тунгалаг
0 comments: